/2024.02.07/: Баянзүрх дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлаас Дүнжингарав худалдааны төвийн өмнө болсон ослын улмаас хохирсон айл өрхүүдэд 5 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгох шийдвэрлэжээ.
Шийдвэрийг Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан танилцуулсан. Тэрээр хэлэхдээ
"Ослын улмаас хохирсон айл өрхүүдээс ирүүлсэн хүсэлт, хүний амьдралын анхан шатны хэрэгцээ шаардлагад тулгуурлан Засаг даргын зөвлөлийн хурлаас энэхүү шийдвэрийг гаргасан. Дүүргийн ИТХ-ын Монгол Ардын Намын бүлгээс ч уг асуудлыг 100 хувь дэмжсэн.
Дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан тэргүүтэй гишүүд гамшиг, ослын улмаас хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэх талаар албан бичгээр хандсан. Ийм учраас дээрх шийдвэрийг гаргалаа. Засгийн газар, нийслэлийн удирдлагуудын зүгээс ч түрээсийн орон сууцанд оруулахаас эхлээд тодорхой шийдвэрүүдийг гаргаад хэрэгжүүлээд явж байгаа" гэлээ.
Мөн гамшиг, осол хэлж ирдэггүй. Дүүргийн удирдлагын багийн зүгээс хуулиар хүлээсэн эрх хэмжээний хүрээнд үүссэн асуудлыг шийдвэрлэж байгаа учраас улс төрийн нөхцөл байдал, сонгуультай ямар ч холбоогүй гэдгийг онцоллоо.
Буцалтгүй тусламжийг зохих хууль, журмын дагуу гуравдугаар сардаа багтаан олгоно гэв.