Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг шинээр боловсруулах талаар санал солилцлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг шинээр боловсруулах талаар санал солилцлоо

/2024.02.07/: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд Козлов Александр Александровичийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг боловсруулах, зам тээвэр болон инженер хангамжийн чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар “​Монгол Улсын нийт хүн амын тал гаруй нь, нийт бүртгэлтэй автомашины 54.5 хувь нь нийслэл Улаанбаатар хотод төвлөрдөг. Энэ нь нэг талаараа Улаанбаатар хотын Монгол Улсын нийгэм, эдийн засагт эзэлж буй голлох байр суурийг илтгэж байгаа боловч хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй түгжрэл, дэд бүтцийн хүртээмжгүй байдал зэрэг асуудал тулгарч байна. ​

Эдгээр асуудлыг шийдвэрлэх хүрээнд хот төлөвлөлтийн шинэ зураг төсөлд гадны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахад нээлттэй” хэмээлээ.

ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд Козлов Александр Александрович “Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтран хэрэгжүүлж байгаа бүх төслийн хэрэгжилтийг хариуцаж байгаагийн хувьд Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно. Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаатай учраас салбар хамааралгүй бүх чиглэлд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэх боломжтой” гэсэн юм.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, мөн Засгийн газраас санаачлан боловсруулсан “Шинэ сэргэлтийн бодлого”болон бусад холбогдох баримт бичигт заасны дагуу Улаанбаатар хотыг иргэнд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжсэн, ухаалаг хот болгон хөгжүүлэх эн тэргүүний зорилтыг дэвшүүлэн ажиллаж буйг Хотын дарга онцлов.

Улаанбаатар, Москва хот нь анх 1957 онд Ах дүүгийн харилцаа тогтоосон бөгөөд “НЗДТГ болон ОХУ-ын Москва хотын Засгийн газар хоорондын Хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг 2022 онд шинэчлэн байгуулсан болно.

Эх сурвалж: НЗДТГ

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.