Соёлын биет бус өвийн 2023 оны шилдэг өвлөн уламжлагчийг тодруулав
Шуурхай мэдээ
 

Соёлын биет бус өвийн 2023 оны шилдэг өвлөн уламжлагчийг тодруулав

/2024.02.06/: Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг.

2023 оны шилдэг өвлөн уламжлагчаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Алтанбулаг сумын харьяат иргэн “Эсгий ширмэл урлал” өвийг өвлөн уламжлагч Долгорын Цэндсүрэн шалгарсныг Соёлын сайд өчигдөр батламжиллаа.

Д.Цэндсүрэн нь 1952 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын “Намаржаа” гэдэг газарт малчин ард Долгорын таван хүүхдийн дөрөв дэх хүүхэд болон мэндэлжээ. Нүүдэлчин монголчуудын уламжлалт гар урлалын сонгодог төлөөлөл “Эсгий ширмэл урлал” өвийг тэрээр өөрийн ээж Д.Долгороос 7 дугаар ангид байхдаа сурч, язгуур хэв шинжээр нь 57 жил өвлөн уламжилж, хэрэглээний олон хэлбэр агуулгаар баяжуулан, хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж байна.

Д.Цэндсүрэн нь тэтгэвэрт гарсны дараа олон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хамруулан 12 хүний бүрэлдэхүүнтэй “Мөнгөн саваа” ТББ-ыг байгуулж уламжлалт буюу гар аргаар эсгий хийж, ширмэл ширдэг, гэрийн туглуур, олбог, шаахай, оймс зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ сурталчлах үзэсгэлэн, худалдаа, уралдаанд 2006 оноос эдүгээг хүртэл идэвхтэй оролцож иржээ.

Соёлын биет бус өвийн “Уламжлалт гар урлал”-ын ай сав, түүний төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр 2006-2023 онуудад 11 аймгийн 28 сумын 900 гаруй иргэнд гар аргаар эсгий хийх, ширмэл ширэх сургалтыг зохион байгуулсан. 2006 онд “Их Монгол улс байгуулагдасны 800 жилийн ой”-н арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Монгол гэрийн өв” үзэсгэлэнд гэрийн халз, ширмэл зэрэг бүтээлээр оролцож “Тэргүүн” байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан.

2014-2019 онд БНХАУ-ын Хөх хот, Манжуур, Ордос, Эрээн хотод гар урлалын үзэсгэлэн, экспод оролцож “Брэнд бүтээгдэхүүн”, “Шилдэг бүтээл”-ийн эзэн, Төв аймгийн “Оны шилдэг өрхийн үйлдвэрлэл эрхлэгч”, “Нэг сум нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааны “Хэрэглэгчдийн баталгаат бүтээгдэхүүн” гэрчилгээ, цом, алтан медаль, шилдэг бүтээгдэхүүнээр хоёр удаа шалгарч байжээ.

2011 онд зохион байгуулагдсан “Ардын урлагийн их наадам”-д амжилттай оролцож “Батламж”, “Нүүдэлчин Монгол-2022” Соёлын биет бус өвийн их наадамд оролцож “Уламжлалт гар урлал”-ын төрлөөр 1-р байрт шалгаран “Батламж”, 1,000,000 төгрөгийн шагнал хүртсэн, 2023 онд “Эсгий туургатан-2023” анхдугаар уралдаанд амжилттай оролцож “Дэд” байрт шалгарсан. Түүний хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж 1976-1980 онд VI, 1981-1985 онд VII, 1986-1990 онд VIII таван жилийн гавшгайч, 2018 онд “Тэргүүний ардын авьяастан”, 2019 онд “Алтан гадас” одон, 2022 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль, Хөдөө аж ахуй, үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнажээ.

Ташрамд дурдахад, тус журмын дагуу

  • 2018 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэн,
  • Олноо Дөмөн хэмээн алдаршсан уртын дуучин Д.Дулмаа,
  • 2019 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн, туульч А.Балдандорж,
  • 2020 онд Увс аймгийн Малчин сумын иргэн,
  • Баяд бийч, ихэлч Ж.Хумбаа,
  • 2021 онд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр иргэн, хөхүүр урлаач, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа,
  • 2022 онд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, хөөмэйч Д.Цэрэндаваа нар шилдэг өвлөн уламжлагчаар шалгарч, мөнгөн шагналаар шагнагдсан билээ.

Эх сурвалж: Соёлын яам

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Украины удирдагчдыг солихоор шийджээ
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Украины удирдагчдыг солихоор шийджээ
 
Т.Баярхүү: Хаваржилтын  эрсдэлийг бууруулах ажлыг улс төржүүлэхгүй байхыг  хүсэж байна
Т.Баярхүү: Хаваржилтын эрсдэлийг бууруулах ажлыг улс төржүүлэхгүй байхыг хүсэж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.