Өчигдөр Ядон улсад хүчтэй газар хөдлөлт болсон.
Тэгвэл өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар нөхцөл байдал ямар байгаа талаар албан ёсны эх сурвалжийн мэдээллийг хүргэж байна.
2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 16 цаг 10 минутын орчимд Япон Улсын Ишикава мужийн Ното бүс нутагт төвтэй хүчтэй газар хөдлөлт болж, газар хөдлөлтийн төвд ойрхон орших Ишикава мужийн Шика хотод магнитудын 7.0 баллд хүрчээ. Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомтын гүн 16 км, газар хөдлөлтийн цар хүрээг илтгэх магнитуд (M) нь 7.6 байна. Уг газар хөдлөлтөөс үүссэн “цунами” Японы тэнгисийн эрэг дагуу Хоккайдогаас Кюүшю хүртэлх өргөн уудам нутгийг хамарч үүссэн бөгөөд хамгийн өндөр цунами Ишикава мужийн Важима хотод /120 см/ ажиглагджээ.
Цаашид уг газар хөдлөлтийг дагасан газар хөдлөлт, цунами үргэлжлэх төлөвтэй байгаа тул Япон Улсын Цаг уурын агентлагаас цунами үүсэхээс сэрэмжлэх сэрэмжлүүлэг, анхааруулгыг цаг тухай бүрт нь муж, орон нутаг тус бүрээр шинэчлэн гаргаж байна.
Цунами үүсэхтэй холбоотой 3 м давсан цунами үүсэх магадлал өндөр байгаа бол “Том хэмжээний цунамигийн сэрэмжлүүлэг”, 1м-3 м хүртэлх цунами үүсэх магадлалтай үед “Цунамгийн сэрэмжлүүлэг”, 1 м хүртэлх цунами үүсч болзошгүй бол “Цунамигийн анхааруулга“ гэсэн 3 шаталбартай сэрэмжлүүлэг гаргадаг. Эхний үед хамгийн хүчтэй “Том хэмжээний цунамигийн сэрэмжлүүлэг” хэсэгчлэн гарсан бол 1 дүгээр сарын 2-ны өглөөнөөс “япон тэнгис”-тэй хиллэх далайн эрэг дагуу “Цунамигийн анхааруулга“ гэсэн 3 дугаар шатны сэрэмжлүүлэг гарсан байсан нь 1 дүгээр сарын өглөөний 10:00 орчимд цуцлагдав.
Цаашдаа газар хөдлөлт болон цунамигийн мэдээг монгол хэл дээр доорх холбоосоор орж харж болно. Үүнд:
Цунамигийн сэрэмжлүүлэг, Цунамигийн анхааруулга
https://www.data.jma.go.jp/multi/tsunami/index.html?lang=mn
Газар хөдлөлтийн мэдээ Жагсаалт
https://www.data.jma.go.jp/multi/quake/index.html?lang=mn
Газар хөдлөлтийн хохирлын тойм:
Газар хөдлөлт, цунамигаас үүссэн хохирлын хэмжээ эхнээсээ тодорхой болж байгааг 1 дүгээр сарын 2-ны өглөөний 5:00 цагийн байдлаар тоймлобол:
- Нас барсан хүний тоо: 8 хүн
Энэ газар хөдлөлтийн улмаас Ишикава мужид одоогоор найман хүн нас барсан нь батлагдсан байна. Важима хотод 20 орчим насны нэг залуу, Хакуй хотод 70 гаруй насны нэг эрэгтэй нурсан байшинд дарагдан нас барсан бол Нанао хотод 50 гаруй насны эрэгтэй гудамжны дэнлүүнд цохиулж, 50 гаруй насны нэг эмэгтэй гэр нь нурж тус тус нас баржээ. Цагдаагийн газрын мэдээлснээр, Шига хотын Токута хотод 90 гаруй настай нэг эрэгтэй нас барж, Анамизү хотод нэг хүн зүрх нь зогссон байна.
- Гал түймэр гарав.
Важима хотод гарсан гал түймрээс болж наад зах нь 50 барилга шатжээ. Орон нутгийн гал түймрийн албаны мэдээлснээр, Ишикава мужийн Кавай хотын Важима дүүргийн "Важима өглөөний зах" хэмээх 1000 жилийн түүхтэй жуулчдын гудамж орчимд хүчтэй гал түймэр гарч, 50 гаруй барилга шатсан байна. Галын эрч хүч аажмаар суларч байгаа ч гал, утаа нэмэгдсэн хэвээр байгаа аж.
- Байшин барилга нурав.
Түүнээс гадна Ното бүс нутагт олон тооны байшин нурсан бөгөөд хохирлын бүрэн хэмжээ гараагүй байна.
- Цахилгаан тасрав.
Хокурику бүсийн Цахилгаан эрчим хүчний дамжуулах, түгээх шугам тасарснаас болж Ното бүс нутагт 33,000 өрхийн цахилгаан эрчим хүч тасарчээ. Түүнээс гадна Нанао хотын Нанао Дайдэн дулааны цахилгаан станцын 1 ба 2 дугаар зуух зогсчээ. Шига хотын “Шига цөмийн цахилгаан станц”-ын 1 ба 2 дугаар станцыг газар хөдлөлт болохоос өмнө зогсоосон байна. Хяналтын явцад хэвийн бус зүйл ажиглагдаагүй бөгөөд цацраг идэвхийг тогтмол хэмжиж байна.
- Шинкансэн хурдан галт тэрэг болон галт тэрэгний шугам зогсов.
“Хокүрикү Шинкансен”-ыг 1 дүгээр сарын 1-ний газар хөдлөлтөөс хойш Нагано- Каназава галт тэрэгний буудлын хооронд үйл ажиллагааг нь түр зогсоосон бөгөөд 2-ны өдрийн өглөө гэхэд ажилд оруулаагүй хэвээр байна. Түүнээс гадна Хокүрикү шугам, Нанао шугам зэрэг Хокүрику бүс нутгийн галт тэрэгний шугамыг түр зогсоосон хэвээр байна. Хокүрикү төмөр замын Ишикава шугам, Асаногава шугам, мөн тус мужийн бүх автобусны үйлчилгээг мөн түр зогсоогоод байна.
- Ното нисэх онгоцны буудлын гүйлтийн зам гэмтжээ.
Нотогийн нисэх онгоцны буудалд нислэгийн гүйлтийн замд хагарал үүсэж, Ханеда руу нисэх бүх нислэг цуцлагдсан байна. Комацу нисэх онгоцны буудал Ханеда руу хийх хоёр нислэг, Фукуока руу хийсх хоёр нислэгээ цуцлаад байна.
Газар хөдлөлтийн бүс нутагт оршин суугаа монгол иргэдийн тоо:
Газар хөдлөлт хамгийн хүчтэй болсон “Ишикава” мужид 123 монгол иргэн оршин суудаг. Ишикава мужтай хиллэх Тояма мужид 111 хүн, Фүкүй мужид 43 хүн тус тус оршин сууж байна. ЭСЯ-ны зүгээс монгол иргэдэд хандан 2 удаагийн сэрэмжлүүлэг гаргасан бөгөөд зарим иргэд, Тояма дах өргөмжит консул К.Фүжишигэтэй холбогдон нөхцөл байдлыг тодруулж ажиллав. Одоогийн байдлаар иргэдийн зүгээс гамшигт өртсөн тухай мэдээ ирээгүй байна. Тавьсан мэдээг доорх холбоосоор орж харна уу.
ЭСЯ-ны фейсбүүк хуудас:
https://www.facebook.com/MongolEmb
ЭСЯ-ны вэб хуудас:
https://tokyo.embassy.mn/page/642
Энэхүү газар хөдлөлт нь “Япон тэнгис” талын бүс нутагт болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт болж байгаа бөгөөд газар хөдлөлтийн цаашдын өрнөл, механизм, нөхцөл байдлын өөрчлөлтийг сайтар ажиглах шаардлагатай юм. Энэ нь “Номхон далай” талд буюу Токио, Осака хотыг хамарч ойрын ирээдүйд үүсэх болзошгүй байгаа “Нанкай трап”, “Токио” гэсэн газар хөдлөлт ойрхон ирээд байгааг бидэнд сануулж байна. Цаашид иргэд газар хөдлөлт, цунамигийн талаар мэдлэгээ дээшлүүлж, бүс нутаг тус бүрээр гамшгийн үеэр бие биетэйгээ болон монголчуудын групп, ЭСЯ-тай холбоо барих механизмаа сайжруулах шаардлагатай байна. Гамшгийн талаарх мэдээлэлийг ЭСЯ-нд доорх мэйл хаягаар ирүүлэхийг хүсье.
Эх сурвалж: ЭСЯ, Консулын хэлтэс