Д.Бат-Эрдэнэ: Сонгуулийн үеэр Фэйсбүүкээс албан ёсны төлөөлөгч Монгол Улсад ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Бат-Эрдэнэ: Сонгуулийн үеэр Фэйсбүүкээс албан ёсны төлөөлөгч Монгол Улсад ажиллана

Гэрэл зургийг сошиал эх сурвалжаас авав.

/2024.1.2/ Сонгуулийн Ерөнхий хорооны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-2019 оны УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийн хэрэгжилт хэр байсан бэ?
-Сонгогчид мэдээлэлтэй байж, хэн нь хэн бэ гэдгийг мэдэх боломжийг бүрдүүлэх зорилготойгоор хуулийн өөрчлөлтийг хийсэн. 2019 онд Сонгуулийн тухай хуулиар “Явцын тайланг” нэр дэвшигчид гаргаж өгдөг байсан. Мөн АТГ-ын Хөрөнгө орлогын мэдүүлгийн хэсэгт нэр дэвшигчид мэдүүлгээ ил тод нийтэлдэг болсон. Энэ тохиолдолд сонгогч нэр дэвших гэж байгаа хүн хэдэн төгрөгийн хөрөнгөтэй вэ гэдэг мэдээлэл авна. Мөн нэр дэвшигчид явцын тайлангаа санал хураахаас гурав хоногийн өмнө аудитад гаргаж өгөх үүрэгтэй. Үүгээр ийм хөрөнгөтэй байсан хүн, ийм мөнгийг иргэд, байгууллагаас хандиваар авсан байна гэдэг мэдээллийг сонгогч саналаа өгөхөөсөө өмнө мэднэ.

Сонгуульд оролцоно гэдэг маш том хариуцлага учир зардлын тайлангаа гаргаж өгнө, гаргаагүй бол торгуулна гэдэг зохицуулалтыг Зөрчлийн тухай хуулиар оруулж өгсөн. Энэ хуулийн дагуу 2020 оны УИХ, Орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн 600 гаруй хүн тайлангаа өгөөгүй, дутуу өгсөн зэргээр 10 сая төгрөгөөр торгуулсан.

Нэр дэвшигчдийн тайланг Аудитаас хүлээж аваад 90 хоногийн дараа олон нийтэд ил гаргадаг байсныг өөрчилж, судлаачид, Иргэний нийгмийн байгууллагууд нэр дэвшигчид болон намуудын тайлантай танилцах боломжтой болгосон. Тайлан цугласан л бол судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд Үндэсний аудитын газраас тайланг нэхэж авах эрхтэй. Хуулийн дагуу УИХ-аас гаргасан тогтоолд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулж өргөн барих үүргийг Засгийн газарт өгсөн. Эрүүгийн хуульд орох өөрчлөлт нь сонгогддог нийтийн албан тушаалд томилогдох гэж буй хүн хууль бусаар хандив цуглуулж авсан бол авлига албан тушаалын гэмт хэрэгтэй адилтгаж үзэх боломжтой гэсэн санааг агуулсан байх юм. Олон улсын байгууллагуудаас албан тушаалын авлигын шалтгаан нөхцлийг судлаад үзэхэд сонгогдох үедээ том авлигуудыг компани, хувь хүнээс хандив нэрээр цуглуулж, тэдгээрээс хараат болдог нь тогтоогдсон. Ингээд албан тушаалдаа очихоороо хараат болсон учир ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг. Тиймээс Эрүүгийн хуульд оруулж урьдчилан сэргийлэх, ийм зөрчил гаргасан бол дахин сонгуульд өрсөлдөх боломжгүй болно.

Одоо байгаа хуульд ч “Авлига албан тушаалын гэмт хэрэгт орооцолдсон бол бүх насаараа нэр дэвшихгүй” гэдэг зохицуулалт байгаа шүү дээ.

-Тэгвэл өнгөрөгч онд хийгдсэн хуулийн өөрчлөлтөөр ямар өөрчлөлт гарах вэ?
-2023 онд УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа сонгуулийн зардлыг бууруулах, зардлын ил тод байдлыг хангах, сонгуулийн зардалтай холбоотой аливаа зардалд зайлшгүй хариуцлага тооцдог байх гэсэн үндсэн зорилгыг тавьж, зохицуулалтуудыг хийсэн. Ач холбогдол нь сонгуульд өрсөлдөгчид, нэр дэвшигчид тэгш шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх юм.

-Сонгуулийн зардлыг яаж бууруулах вэ?
-Сонгуулийн зардал нь сонгуулийн сурталчилгааны арга хэлбэр, түүний тоо хэмжээнээс л хамаардаг. Нэг хэсэгт 10 хүртэл сонгуулийн сурталчилгааны самбар байрлуулж болно гэж 2000 хэсэг байдаг гээд үзвэл хамгийн багадаа 20 мянга гаруй самбар байршуулдаг байсан. УИХ-ын сонгуульд 600 гаруй хүн нэр дэвшинэ гэж үзвэл 100 мянга гаруй самбар үйлдвэрлэгдэж байгаа юм. Ийм замбараагүй хэрэгцээг 2023 оны УИХ-ын сонгуулийн тухай өөрчлөлтөөр халсан. Одоо 2024 оны сонгуульд нэгдсэн самбар байршуулна. Нэр дэвшигчээс самбарын мөнгө гарахгүй, зургаа аваачиж наах л хэрэг болно.

Дараагийн асуудал бол ухуулагч. Үнэ төлбөртэй, үнэ төлбөргүй ажиллах гээд хоёр янз бий. Санаж байгаа бол, 2012 онд “Ухуулагч сайн дурын үндсэн дээр ажиллана” гэж үзсэн. Гэтэл мөнгөгүй ажиллах хүн байхгүй учир энэ хууль нь өөрөө нэр дэвшигчээ хууль бус зүйл хийхэд түлхчихэж байгаа юм. Ухуулагчдаа хоолны мөнгө өгөх болсон ч хуульд “Сайн дурынх” гээд заачихсан учир албан ёсны данснаасаа гадуур мөнгө өгөх шаардлага үүсээд байсан. Тиймээс дээд хэмжээг нь тогтоож өгсөн. Ингээд ухуулагчийн хөлсийг “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас хэтрэхгүй байх”-аар зааж өгсөн. Тэгэхээр 2024 оны сонгуульд ухуулагч 330 мянгаас дээш үнийн дүнгээр урамшуулахгүй. Энэ нь өмнөх сонгуулиас бараг хоёр дахин буурсан үзүүлэлт.

-Хэчнээн ухуулагч ажиллуулж болох билээ?
-Ухуулагч өмнө нь 200 сонгогч тутамд нэг ухуулагч ажиллуулж болох заалттай байсан. Үүнийг 400 сонгогч тутамд болгож өөрчилсөн. Гэхдээ дотроо аймгийн төв, нийслэл, дүүрэгт 400 сонгогч тутамд 1, суманд 200 сонгогч тутамд 1 ухуулагч байж болно. Өөр нэг зардлын төрөл бол тээврийн хэрэгсэл. Нэг хэсэгт хоёроос илүүгүй байсныг нэг л болгож өөрчилсөн. Хэвлэмэл хуудас 3 байсан бол 2 болгосон гэх мэт.

-Зардлын дээд хэмжээг тогтоохдоо яах бол?
-2020 оны сонгуульд дунджаар 500 сая орчим төгрөгөөр тогтоож байсан. Үүнийгээ Үндэсний аудитын газрынхан хуульд заасан тоо хэмжээг, зах зээлийн ханшаар үржүүлээд л гаргачихдаг. Тиймээс төрийн аудитын газрын байгууллагын хувьд зардлыг бууруулах зарчимтай ажиллана гэдэг утгаар илүү боломжийг бий болгохоор болсон. Тухайлбал, тоогоо үржүүлээд гаргалаа, гэхдээ өмнөх 2020 оны сонгуулиар бодитой гүйцэтгэл нь хэрхэн гарсан, үнийн ханшийн өөрчлөлттэй уялдуулаад дахин бууруулж болно. Энэ бүх өөрчлөлтийн зорилго нь сонгуульд мөнгөтэй хүн л нэр дэвшдэг гэдэг ойлголтыг халж, сонгуульд чадалтай хүн нэр дэвших ёстой юм гэдэг ойлголтыг бий болгоход оршино. Нэр дэвшиж өрсөлдөж байгаа хүмүүсийн хооронд тэгш боломжийг бий болгох юм.

-Хэвлэл мэдээллийн хувьд?
-Радио, телевизийн хувьд мөн өөрчлөлт орсон. МҮОНРТ эфирийн цагаа нэр дэвшигчдэд үнэ төлбөргүйгээр хуваан өгнө, тал нь мэтгэлцээн байх ёстой гэдэг зохицуулалт хийсэн. Нэр дэвшигчид өөрсдөө контентоо үйлдвэрлээд телевизүүдэд аваачаад өгөөд байх биш мэтгэлцээн хийж байх ёстой гэсэн зарчим цаашид үйлчилнэ гэсэн үг.

-Цахим орчныг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал дэлхий дахины “толгойны өвчин” болж байх шиг. Манайд зохицуулалт бий юу?
-Байгаа. “Та цахимаар сурталчилгаагаа явуулах гэж байгаа бол түүнийгээ бүртгүүлчих, тэгээд л болно” гэдэг зохицуулалт. Таны бүртгүүлснээс өөр, бүртгүүлээгүй цахим хуудсаар сурталчилгаа явж байвал түүнийг хаана. Энэ нь нэр дэвшигчийг хааж боох гэхээсээ илүү хамгаалж байгаа юм. Нэр дэвшигчийн бүх контентыг дуурайж хийж байгаад, гэнэт сөрөг пиар хийдэг. Үүнээс сэргийлж байгаа юм.

-Хэмжээ хязгааргүй бүүст хийгээд байдлыг яах вэ?
-Санхүү дээр нь зохицуулалт хийсэн. Энэ нь “Таны цахим орчинд гаргаж байгаа зардал чинь нийт зардлын чинь 15 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан. Үүнийг яаж хянах вэ гэвэл Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлсэн нийт пэйж хуудсуудын зарцуулалтын тайланг бид МЕТА (Фэйсбүүк)компаниас авах боломжтой. Сонгуулийн жилд Харилцаа холбооны зохицуулах хороо, Сонгуулийн Ерөнхий хороо, Үндэсний аудитын газар МЕТА компанитай албан ёсоор хамтран ажиллана. Монгол Улсад МЕТА компани албан ёсны төлөөлөгчөө сонгуулийн сурталчилгааны үеэр суурин ажиллуулж, яаралтай цахим орчин дах хууль бус сурталчилгааг хаах, бүртгэгдсэн пэйжүүдийг тайланг шууд хүлээн авах боломжоор ингэж хангана. 2020 онд ингэж ажиллахаар бэлтгэсэн ч хараахан амжаагүй байсан.

-Сонгуульгүй жилд бүрдүүлж байгаа нэр дэвшигчийн зардлыг бол хянах боломжгүй байгаа юу?
-Энэ нь өнгөрөгч онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулиар зохицуулагдсан. Сонгуульгүй жилийн зарцуулалтад хяналт тавих эрх нь Сонгуулийн ерөнхий хороонд байна. Хууль хэрэгжих хугацаа нь 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих ч санхүүжилтээ авч эхлэх хугацаа нь сонгуулийн дараа учир 2025 оноос хуулийн зохицуулалт бүрэн хэрэгжиж эхэлнэ гэсэн үг. Юутай ч хянах эрхзүйн орчин нь бүрдсэн байна.

-Сонгуулийн системийг өөрчилсөнтэй холбоотой гарах зардлын өөрчлөлт юу байх вэ?
-Хоёр төрлийн зардлын өөрчлөлт гарна. Нэгдүгээрт, саналын хуудасны хэмжээ. Саналын хуудас хэвлүүлэх зардал нь зохион байгуулалтын нийт зардлын 1/3-ийг эзэлдэг том зардал. Үнэт цаасан дээр хэвлэгддэг шүү дээ. Хүн амын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор хэсгийн хороодын тоо нэмэгддэг. Үүнийг нэмж байгуулна гэдэг түүнд ажиллах хүний тоог мөн батална гэсэн үг.

Сонгууль бүрээр ойролцоогоор 47 мянган төрийн албан хаагч ажилладаг. Энэ хүмүүсийг 60-90 хоног ажиллуулчихаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний дүнтэй ойролцоо урамшуулал өгдөг. Төрийн албан хаагч учир л ингэж “хүчээр” шийдэж байгаа. Энэ хүмүүст өгч байгаа урамшууллыг нэмье гэхээр 47 мянгаар үржихээр их хэмжээний тоо гараад хүмүүс эсэргүүцдэг.

Тиймээс Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн албан хаагчийн шалгуур үзүүлэлтүүд дээр нь нэмэх заалт оруулахаар төлөвлөж байна.

Хоёрдугаарт, гадаадад байгаа иргэдээс санал хураах нь маш өндөр зардалтай ч цөөн хүнээс санал авдаг ажиллагаа. Цаашдаа бид онлайн санал хураалтад шилжихээс өөр аргагүйд хүрч байгаа.

-Саналын хуудсан дээр ямар нэрсийн жагсаалт байх вэ?
-Нэр дэвшигчдийн нэр буюу өмнө саналаа өгч байсантай адил хэсэг. Үүн дээр намуудын нэр байна. Намууд жагсаалтад байгаа хүмүүсээ сурталчилна. Хуульд заасанчлан жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүмүүсийн зардлыг нам хариуцна, мөн жагсаалтаар нэр дэвшигчдийн нэр танилцуулга материалыг бэлтгэсэн сонин сэтгүүлийг нам тараах эрхтэй.

-Хандивлагчийн тухайд?
-Хандив зөвхөн дансаар явна. Хандивлагч ямар эх үүсвэрээс хандив өгч байгаа вэ гэдгээ заавал бичих ёстой. Цалингаасаа юм уу, хадгаламжаасаа өгч байгаа юм уу? Дараа нь асуудал үүслээ гэхэд үүнийгээ нотлох шаардлагатай л гэсэн үг. Аж ахуйн нэгжийн хувьд мөн адил дансаар л хандив өгнө. Байгууллагын санхүүгийн тайландаа хандивыг тусгана, тэр тайлангаа Татварын газарт өгөх бөгөөд энэ тайлан нь Үндэсний аудитын газрын тайлантай мөргөх ёстой.

Энийг үндэслэж 2020 онд олон хүн торгуулсан бөгөөд энэ сонгуулиар үүнийг онцгой анхаарахыг сануулмаар байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Япон улс газар хөдлөлтийн сэрэмжлүүлгээ цуцаллаа
Япон улс газар хөдлөлтийн сэрэмжлүүлгээ цуцаллаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.