/2023.12.27/: Уаз-452 буюу бидний мэдхээр фургон гэх гэр бүлийн микроавтобусыг 1965 оноос хойш ОХУ-ын Ульяновскийн автомашины үйлдвэрт үйлдвэрлэж байгаа юм.
Талх гэдэг хоч авсан энэхүү загвар нь иргэдийн дунд алдартай ч өнгө үзэмж, техникийн хувьд яалт ч байхгүй хоцорсон нь ойлгомжтой.
Үйлдвэрлэгчийн зүгээс шинэ загварын фургон гаргах гэж байгаа гэсэн цуу яриа хэд хэд гараад авсан. Тэдний нэг нь 2020 онд UAZ үйлдвэрээс гаргасан нэгэн загвар юм.
Энэхүү зураг нь дээрх уаз нь ерөнхий төрхөө хадгалсан хэдий ч кузов нь арай илүү өнцөг бүхий, илүү бартаат замд тохирсон мэт харагдаж байна.
Мөн орчин үеийг харуулсан лед гэрэлтэй бөгөөд урд гэрэл нь бага зэрэг яравгар нүдийг санагдуулж буй бол арын гэрэл нь босоо хэлбэрийн гоёмсог байх аж.
Ингээд хамгийн харамсалтай мэдээг дуулгахад Уаз үйлдвэр нь өдөр тутмынхаа үйл ажиллагааг арай хийн авч явж байгаа тул энэхүү загварыг гаргах боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Гэхдээ найдвар тасарч болохгүй ээ. Учир нь саяхан энэхүү загварын биет хувилбарыг Уаз үйлдвэрээс танилцуулсан бөгөөд уг зураг нь дээрхээс бараг ялгаагүй харагдаж байсан аж.
Гэхдээ оросууд л болсон хойно дотор нь хүн зорчиж явахыг бодсон эсэх нь юу л бол.
Яагаад ингэж хэлсэн бэ гэвэл та энэхүү гоё автомашины дотор салонд огтхон ч хүлээлт үүсгээд хэрэггүй. Учир нь тэд шинэчлэхдээ дотор салоныг мартсан уу эсвэл зориудаар төмөр салон, хуучных мэт аймшигтай хянах самбар, товчлуур, сандал гээд хэвээрээ гэдгийг Оросын allcarz.ru сайт мэдэгдээд байгаа юм.
Хөдөлгүүрийн хувьд гайхалтай хөдөлгүүр тавих санаанууд ар араасаа гарч байсан ч компанийн санхүүгийн чадавхиас шалтгаалан хуучин Уаз-452-т байсан хөдөлгүүрийг тавихаар болсон нь харамсалтай.
Эцэст нь хэлэхэд манай аялал жуулчлалын унааг базаж чадсан энэхүү гайхалтай бат бөх автомашин шинэчлэгдэн бидний гар дээр ирэх эсэхийг цаг хугацаа л харуулна.
Эх сурвалж: allcarz.ru