Катартай музейн салбарт хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Катартай музейн салбарт хамтран ажиллана

/2023.12.25/: Соёлын сайд Ч.Номин Катар Улсын Музейн ерөнхий газрын захирал Абдулазз Хамад А.Х.Аль-Таниг хүлээн авч уулзаж, хоёр талын музейн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Монгол, Катарын соёлын салбарын харилцаа өргөжин тэлж буйд сэтгэл ханамжтай байгаагаа сайд Ч.Номин хэлээд өдгөө Франц Улсын Наант хотноо дэлгэгдээд буй “Чингис хаан – Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг Катарын Үндэсний музейд дэлгэн үзүүлэх боломжтой гэдгийг илэрхийлэв.

Мөн “Нүүдэлчин” олон улсын фестивальд катарын нүүдэлчдийн төлөөллийг оролцохыг урихын зэрэгцээ цаашид дүрслэх урлагийн салбарт хамтран ажиллаж, хоёр улс хооронд соёлын солилцоо эхлүүлэх саналтай буйгаа илэрхийллээ.

Монголын нүүдэлчдийн аж ахуй, түүх, соёлыг илэрхийлсэн өв дурсгалуудаар Катарын Үндэсний музейд “Нүүдэл” үзэсгэлэнг 2022 онд гаргасан нь ихээхэн амжилттай болж, тус музейн түүхэн дэх хамгийн их үзэгч үзсэн үзэсгэлэн болсныг ноён Абдулазз Хамад А.Х.Аль-Тани онцлоод 2024 онд Катарын соёлыг харуулсан үзэсгэлэнг Монголын Үндэсний музей / National Museum of Mongolia-д дэлгэхээр төлөвлөж буйгаа илэрхийллээ.

Энэ жил тохиож буй Монгол Улс, Катар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Монголын Үндэсний музей, Катарын музейн ерөнхий газар хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг 2023 оны 12 дугаар сарын 22-нд байгуулаад байна.

Эх сурвалж: Соёлын яам

Манай улс цагаан тугийн дор оролцох эрсдэлээс гарлаа
Манай улс цагаан тугийн дор оролцох эрсдэлээс гарлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.