/2023.12.21/: Сурлагын амжилтаараа манлайлсан 97 оюутанд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нэрэмжит тэтгэлгийн батламжаа өчигдөр гардууллаа.
Зам, тээврийн салбар нь нийт 50 мянга орчим ажилтантай эдийн засгийн хөдөлгөгч хүч томоохон салбар юм. Энэ салбарын боловсон хүчнийг бодлогоор дэмжих зорилгоор салбарын сайдын санаачилгаар анх удаа нэрэмжит тэтгэлгийг энэ жилээс бакалаврын түвшний оюутнуудад олгож эхлээд байна.
Тэтгэлэгт хөтөлбөрт нийт 200 орчим оюутан материалаа ирүүлснээс сурлагын амжилт, нийгмийн идэвх, сургалтын голч дүн зэргийг харгалзан дээрх тооны оюутныг нээлттэй сонгон шалгаруулжээ.
Сайдын нэрэмжит тэтгэлгийг цаашид жил бүр уламжлал болгон олгох бөгөөд уг тэтгэлэгт хамрагдах боломж бүгдэд эрх тэгш нээлттэй гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.
Зам, тээврийн хөгжлийн сайдын нэрэмжит тэтгэлэгт БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг улсын гадаадын их сургуулиас, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Төмөр замын дээд сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Их засаг Олон Улсын их сургуулийн бакалаврын түвшний 97 оюутан тэтгэлгийн батламжаа гардан авлаа.
Эх сурвалж: ЗТХЯ