Энэ оны нэгдүгээр сараас 11 дүгээр сар дуусах хүртэл Европын Холбооны гишүүн орнуудад шинээр борлуулагдсан автомашинуудын тал хувь нь цахилгаан автомашин байна гэсэн статистик гарчээ.
Гэхдээ энэ тоонд бүрэн цахилгаан, тогонд залгаж цэнэглэдэг хайбрид автомашинууд болон энгийн хайбрид хөдөлгүүрт автомашинуудыг оролцуулан тооцсон бөгөөд нийт шинээр бүртгэгдсэн автомашинуудын 47 хувь нь цахилгаан байсан нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 4 хувиар өссөн үзүүлэлт гэж Европын автомашин үйлдвэрлэгчдийн холбоо (ACEA) мэдэгдсэн байна.
ЕХ-ны орнуудад шинэ автомашины бүртгэл сүүлийн 16 сарын турш тасралтгүй өсч, 11 дүгээр сард л гэхэд 6,7 хувийн өсөлттэй гарсан ба үүн дотроо цахилгаан автомашины шинээр хийгдсэн бүртгэл нэг жилийн өмнөхөөс 13,3 хувиар өсчээ. Бензин хөдөлгүүрт автомашины шинээр хийсэн худалдан авалт 4,3 хувиар өссөн бол дизель автомашины худалдан авалт 10,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Цахилгаан автомашины хамгийн том зах зээл болох Герман улсад 44942 цахилгаан машин зарагдаж, өмнөх оноосоо 22,5 хувиар буурсан ч Европын холбооны нийт дүнгээр 144378 шинэ цахилгаан машин зарагдсан нь нэг жилийн 16,4 хувийн өсөлт юм.
Харин хайбрид цахилгаан хөдөлгүүртэй машины хувьд ЕХ-ны хэмжээнд 2,5 сая автомашин шинээр бүртгэгдсэний 1,5 сая нь Герман, Франц, Итали улсуудад оногдсон байна. Хэдийгээр ийнхүү цахилгаан машины зах зээл өсөлттэй байгаа ч Хятадын хямдхан цахилгаан машинуудын нийлүүлэлт нэмэгдэж, АНУ-ын засгийн газраас цахилгаан машин үйлдвэрлэгчиддээ төрийн дэмжлэг үзүүлж байгаа нь Европын үйлдвэрлэгчдийн хувьд том эрсдэл гэж ACEA үзэж байгаа юм байна.
Автомашин үйлдвэрлэгч компаниуд ч сүүлийн үед цахилгаан машины эрэлт нэмэгдэхгүй байгаа талаар ярьж бичих болсон. Тухайлбал, Европын хамгийн том автомашин үйлдвэрлэгч болох Volkswagen 10-р сард цахилгаан машины эрэлт төсөөлснөөс бага буюу өсөлтгүй байна гэж мэдэгдсэн бол тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Mercedes Benz-ийн хувьд цахилгаан автомашин үйлдвэрлэгчид зардлаа танаж, нийлүүлэлтийн сүлжээний үр ашгаа дээшлүүлэхгүй бол өрсөлдөхөд хэцүү цаг үе айсуй байна гэж анхааруулжээ.
Volkswagen-ий шинэ борлуулалт 11,4 хувь, Renault 6.1 хувиар тус тус нэмэгдсэн бол Abarth, Alfa Romeo, Chrysler, Citroën, Dodge, DS, Fiat, Jeep, Lancia, Maserati, Opel, Peugeot, Ram болон Vauxhall-ийг эзэмшигч Stellantis-ийн шинэ автомашины борлуулалт 7,3 хувиар буурсан гэж ACEA мэдэгдсэн байна.
Харин тэрбумтан Илон Маскийн Tesla компани 11 сард борлуулалтаа огцом нэмэгдүүлж, тухайн сард ЕХ-ны орнуудад борлогдсон нийт цахилгаан автомашины 22 хувийг бүрдүүлсэн амжилт үзүүлжээ.
ACEA-ийн тайлан мэдээнээс үзвэл зөвхөн 11-р сард EX, Их Британи, Европын чөлөөт худалдааны холбоонд шинээр бүртгэгдсэн цахилгаан автомашины тоо 6 хувиар буюу 1,08 сая автомашинаар нэмэгдээд байгаа ажээ.
Эх сурвалж: reuters