/2023.12.18/: Өчигдөр Нийслэлийн Засаг даргын замын түгжрэлтэй тэмцэх хүрээнд хийгдэхээр төлөвлөн гаргасан захирамж нь нийслэлийн иргэдийн дургуйцлыг ихээхэн төрүүлээд байгаа билээ.
Мөн тэрээр бага ангийн хүүхдүүдийн хичээлийг он дуустал цахимаар оруулахаар болсон юм.
Тэгвэл уг захирамжийг эсэргүүцэн Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт сэлтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр, Х.Нямбаатар нь Нийслэлийн Засаг даргаар томилогдоод 65 дахь хоногтоо А/1429 захирамжаар Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар зарим арга хэмжээ авах тухай захирамжлахдаа урт хугацаанд автомашины улсын дугаараар хязгаарлах болсон нь нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжгүй, автобусны парк шинэчлэлийн хөдөлгөөнийг МАН-ын өмнөх дарга нар хулгайлсан ийм нөхцөлд, гадаа -30 градус хүйтэрч байхад нийслэлчүүдийг хувийн тээврийн хэрэгслээрээ зорчих эрхийг хязгаарлаж байгаа нь иргэнийг эрүүл, аюулгүй орчин нөхцөлд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна.
Мөн энэхүү захирамжид иргэн бүр тэгш эрхтэй байх ардчилсан нийгмийн суурь зарчимыг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж байна.
Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нь нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн төдийгүй, МУ-ын Үндсэн хуулиар олгогдсон Иргэний суурь эрхэд ноцтойгоор удаа дараа халдсан гэж үзэн дараах 2 шаардлагыг тавьж байгааг үүгээр мэдэгдэж байна.
1. НЗД Х.Нямбаатарыг нийслэлчүүдийн хуулиар олгогдсон олон эрхэд бүдүүлгээр халдсан явдалдаа уучлалт гуйж, А/1429-р захирамжаа хүчингүй болгох
2. Монгол Улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65.1.2 дахь заалт Нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн, хүн амын, амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн тус хуулийн 65-р зүйлд заасны дагуу Засаг даргад хариуцлага тооцох, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг огцруулах шаардлагыг хуулийн хүрээнд НИТХ-ийн төлөөлөгчдөд уриалах, гарын үсэг цуглуулах, цаашлаад Ерөнхий сайдад Х.Нямбаатарыг огцруулах шаардлагыг хүргүүлж ажиллах болно гэдгээ мэдэгдэж байна гэв.
Мөн тэрээр энэхүү захирамжаар дарга нарын автомашин хөдөлгөөнд урьдынхаараа оролцож энгийн иргэд автомашинтайгаа зорчих эрхээ хязгаарлуулж байна гэв.