/2023.12.15/: Энэ удаагийн SpaceTalк ярилцлагаа ШУТИС-ын доктор, профессор Д.Үлэмж болон эрчим хүчний салбарын инженерүүдтэй хийлээ. Эрчим хүчний салбарт үүсээд байгаа нөхцөл байдлаас гарах арга зам, хийж болох богино дунд урт хугацааны алхмуудыг тэд өөрсдийнхөөрөө тодорхойлоод байгаа юм.
-Манай улсын эрчим хүчний хэрэглээ өнөөдрийн байдлаар ямар байна? 2023 оны байдлаар сэргээгдэх эрчим хүчний нэмэгдсэн хэрэглээ ч нэмэгдсэн харагдаж байна.Энэ талаар ярьж өгөөч?
-Эрчим хүч гэхээр бид үг хэллэг нь дээрээ анхаарах ёстой. Энержи гэдгийг эрчим хүч гэж ойлгоод яваад байдаг. Эрчим хүч гэдэг бол дан ганц цахилгаан биш газрын тосны бүтээгдэхүүнүүд, аргал, түлээ мод, хил гаалиар орж ирж байгаа асаагуурын тоо хэмжээ, ахуйн хэрэглээний газ хүртэл ордог. Цахилгаан эрчим хүчний хувьд нийгэмд бага зэргийн шок үүсээд байна. Монгол Улсын хувьд суурилагдсан хүчин чадал 1500 гаруй мегаватт. 20 хувь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй. Жилийн хэрэглээ 9 гаран тэрбум кв цаг байна. Үүний 20 хувийг ОХУ-аас авч байна.
-ОХУ-аас өгсөн гэнэтийн мэдэгдэл сандралд орууллаа. 350 мвт цахилгаан эрчим хүч өгөх боломжгүй гэсэн. Энэ тийм ноцтой хэмжээ мөн үү? Бид үүнийг өөр эх үүсвэрээр нөхөх боломжтой юу?
-Манай оргил ачаалал буюу 15-22 цагийн хооронд ОХУ-аас эрчим хүч авахгүйгээр бол хүнд. 350 мвт авсан ч аваагүй ч Диспетчерийн үндэсний төв хязгаарлалт хийж байгаа. Хөдөөгийн хэрэглэгчдээ таслаад байдаг. Улаанбаатар хотын хэрэглэгчдийг хязгаарлалтад оруулаагүй болохоор мэдрэгдэхгүй байна. Угаасаа дутагдалтай байгаа дээр 200 мвт-ыг өгөхгүй гэхээр богино хугацаанд хаах боломж байхгүй. 1990-ээд он шиг 2-3 цагийн хязгаарлалт хийгээд дулааны системээ хөлдөөхгүй тулд сэлгээд хязгаарлалт хийхээс өөр арга байхгүй. Харин шинэ технологийн тухайд зөндөө зүйл байгаа ч үүнийг үйлдвэр болгох зориг хэрэгтэй байна. Манай зарим эрдэмтэд судлаачид тухайлбал Н.Жавхлантөгс доктор баттарей сторэжтэй нарны зайн хураагуураар зуслан болон гэр хорооллын айлууд дээврээ хучаад цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, оргил ачааллын үед төвийн эрчим хүчний системдээ худалдаж болох санал гаргасан байсан. 40-50 мянган айлд хэрэгжүүлбэл оргил ачааллаас том нэмэр болох технологийн шийдэл.
-Эрчим хүчний хэрэглээ байнгын өсөн нэмэгдэж байна. Үйлдвэрлэл ч бас өсөлтийн горимд байх ёстой. Эрэлт нийлүүлэлтийн энэ баланс хэзээ хаана алдагдчихав? Эх үүсвэрээ нэмэгдүүлэх атлаар арга хэмжээ авахгүй байсаар байгаад ийм байдалд хүрлээ.
-Бараг 1988 оноос гэж хэлж болно. ҮСГ-ын датануудыг хараад бид анализ хийдэг. Хамгийн сүүлд манай улс хамгийн өндөр ургац авсан жил 1988 оноос эхлээд бид балансаа алдсан. Хэрэглээгээ хангаад заавал цаана нь 20 хувийн нөөц байх ёстой.
-Эрчим хүчний салбарын хувьд хэдэн жилийн хоцрогдол байна. Энэ балансын хоцрогдолыг арилгахын тулд юу хийх ёстой, хэдий хугацаанд нөхөх боломжтой вэ?
-Яг одоогоор хувийн хэвшил 150 мвт гурван блок бүхий Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг барьж байна. Гэтэл манай хэрэглээ жил бүр 8 хувийн өсөлттэй. Цахилгаанд холбогдоогүй дизелээр ажиллаж байгаа зөндөө аж ахуйн нэгж уул уурхайн салбарт бий. Энэ бүхнийг тооцож үзвэл ганц станц хангалттай биш ахиад л асуудал үүснэ. Эрэлтийг хаах төсөл гэхээр Монгол Улсад мөнгө байхгүй. Таван толгой ДЦС-ыг барья гэхээр гацаанд орчлоо. Эгийн голын УЦС гэхээр гацаанд. Энэ бүгд салбарын үнийг төрөөс хатуу барьсаар ирсэний гороо амсаж байна. Бид үнэ чөлөөлөлтийг огцом биш 15-20 жилийн төлөвлөлт гаргаад хөрөнгө оруулагчдыг татаж оруулахаас өөр гарц харагдахгүй байна.
-ОХУ-ын худалдаагаа зэвсэг болгон ашиглахдаа гаргууд боллоо. Бусад улсууд ер нь яадаг юм бэ?
-Манай улс сонирхолтой байршилд байдаг. Хоёр том соёл иргэншил, цөмийн зэвсэг бүхий аюулгүйн зөвлөлийн гишүүн орон. Их гүрний гаргадаг л ааш авир. Энэ араншин бүх оронд бий. АНУ жишээ нь 2012 онд занарын хувьсгал хийгээд импортлогчоос экспортлогч болсон. Үүний дараа булангийн орнууд дахь цэргийн баазаа эрчтэй цөөрүүлсэн. Өнгөрсөн жил Финлянд улс НАТО-д элсэнэ гэхэд ОХУ яг манайхтай ижил аргаар 20 хувийг нь хангадаг байснаа тогийг нь тасалсан. Молдав бас 90 хувийг нь тасалсан. Балтын гурван орон бас л эвгүй байдалд орсон. Эрчим хүчний их гүрнээс гардаг л араншин гэж ойлгох ёстой. Улс орнууд янз бүрээр шийдэл гаргаж байна. Молдавын Ерөнхий сайд НҮБ-ын индэр дээрээс эрчим хүчний салбараа үнэ тариф засаглалын хувьд бүрэн шинэчлэхээ илэрхийлсэн. Засаглал болон үнэ тарифаа шинэчилж байж асуудлаа шийднэ. БНХАУ энэ бүхнийг 1986 онд мэдрээд 2000 онд үр ашгийг нь хүртэх жишээтэй. Хямралаа шийдэж байгаа олон шийдлүүд байна.
-Эрчим хүчний үнийг чөлөөлөх нь хамгийн түрүүнд хийх ёстой асуудал гэж ойлгогдож байна. Үүнийг ямар шат дарааллаар хэдий хугацаанд ард иргэдэд дарамт болохгүйгээр шийдэх вэ?
-Яг одоо судлаачид нийлээд Монгол Улсын нийт энергийн баланс гарган судалж байна. Математик загварчлал гаргасны дараа аль эх үүсвэрээ хэдэн хувь байлгах вэ гэдэг сценариуд боловсруулж эхэлсэн. Үүний хамт үнэ тарифыг нийгмийн аль сегмэнтээс эхлээд үнийн чөлөөлөлтийг хэдий хугацаанд хийх вэ? гэдэг чухал загварчлалыг гаргаж байна. Яаж ч бодсон уул уурхайн салбарт нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчийг хамгийн эхлээд чөлөөлөх байх. Яагаад гэвэл уул уурхайн бараа бүтээгдэхүүн бүгд дэлхийн зах зээлийн үнээр зарагдаж байна. Зэс алт нүүрс.
-Одоо байгаа засаглал дээр үнэ чөлөөлөх нь хир үр дүнтэй вэ?
-Шүүрэн шанага руу ус хийгээд байгаатай зүйрлэж болно.
-Тэгвэл засаглал сайжруулах үүднээс ямар өөрчлөлт хийх вэ? Гэхдээ хувьчлахгүй биздээ?
-1990 ээд оны хэцүү үед эрчим хүчний салбарын реформыг хийх гэж оролдсон. Тэгээд 2001 онд хууль батлагдаад Эрчим хүчний газар дээр эх үүсвэр дамжуулах түгээх байгууллагууд байсныг бүгдийг хувьцаат компани болгосон. ДЦС-4 ТӨХК, УБЦТС ТӨХК гэж өөрчлөөд Эрчим хүчний зохицуулах хороо гэж байгуулаад цахилгааны түгээх компаниудыг хувьчлах ажил хийсэн. Анхных нь 2003 онд Дархан Сэлэнгийн ЦТС хувьчилсан. Харамсалтай нь энэ ажлаа үргэлжлүүлээгүй.
Сэтгүүлчдэд зөвлөхөд та бүхэн хувьчлагдсан Дархан Сэлэнгийн ЦТС болон хувьд гараагүй УБЦТС-ыг харьцуулаад сурвалжлаад үзээрэй. Хувийн хэвшлийн болоод төрийн өмчит компанийн ялгааг олж харна. Бүх зүйл нь автоматчилагдсан, иргэдийн төлбөр тооцооны төвүүдээс эхлээд дэд станцууд дээр хүн ажилладаггүй. Гэтэл төрийнхөн яг хэвээрээ технологийн шинэчлэл огт хийгдээгүй байна. 20 жилийн өмнө эхэлсэн ч зогссон.
Харин ДЦС хувьчлах боломжгүй одоогийн түвшинд бол түгээх станцуудаа хувьчлах асуудлыг ярьсан нь зөв болов уу? Хамгийн сүүлд Эрчим хүчний сайд Д.Тавинбэх асуудлыг УИХ-д оруулахад унасан тэгэхээр нийгмийн нөлөөллийн ажлууд ч хэрэгтэй байна.
-Эрчим хүчний зохицуулах хороо үнэ тогтоож байгаа. Хэрэглэж байгаа цахилгааны үнэ үнэ чөлөөлөлтөөр хэд болох бол өөрөөр хэлбэл зах зээлийн бодит үнэ хэд байна вэ?
-Одоо бид цахилгаанаа 230 төгрөгөөр үйлдвэрлээд 170 төгрөг авч байгаа. Яг өнөөдөр чөлөөллөө гэхэд ирээдүйд энэ салбарт хөрөнгө оруулалт орж ирэх хэмжээний үнэ тариф тогтоовол энэ эрүүл болно. Тэр үнэ нь 10 цэнт буюу 350 орчим төгрөг байна. Тэгж байж энэ салбарт хөрөнгө оруулалт орж ирнэ.
-Тэгвэл үнийг ингэж доогуур барьж байгаагийн шалтгаан юу вэ?
-Би бол сонгууль улс төр гэж хардаг. Үнэ тарифын асуудал дээр бол.
-Засгийн газрын гаргаж байгаа шийдвэрүүд ОХУ-тай л учраа олчихьё импортоо хадгалаад байх шийдвэрүүд гаргаад байх шиг?
-Өчигдрийн байдлаар бол тэгж харагдсан. Аливаа нэг юм төлөөстэй. Тэр төлөөс нь юу байсан бэ? Сонирхолтой.
Манай ШУТИС-ын багш нар богино хугацааны шийдэл 40 мянган айлыг ирээдүйн 15 жилийн хугацаанд айлуудын үйлдвэрлэсэн цахилгааныг нь 10 цэнтээр худалдаж авна гэдэг санааг гаргасан. Нэг хоёр сарын дотор бид системийн чадлаа нэмэх боломж байна.
Маш том далайцтай хурдтай ажил гэвэл. Жишээ нь Хятадын Гансу муж өнгөрсөн гурван жил 190 мянган айлыг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч болгосон. Суурилагдсан хүчин чадал 1200 мегаваттаар өссөн. Сүлжээнд нийлүүлж байгаа тарифыг өндөр тогтоож өгсөн. Гол зорилгыг эрчим хүчний салбар биш ядуурлыг бууруулах, агаар хөрсний бохирдлын эсрэг тэмцэх, хүн амынхаа эмийн хэрэглээнд зарж байгаа мөнгөний зарцуулалтыг багасгах зорилготой гэж томьёолсон.
Ингэж нийгэм эдийн засгийн маш том асуудлаа эрчим хүчээр дамжуулан шийдэж байна. Монгол Улсад нийгэм эдийн засгийн хувьд бүхий л гадаад дотоод хөрс бүрдсэн үед өөр шийдэл хэлэх байсан гэж харж байна.
-Багануурын станцыг барьсан бол нөхцөл байдал өөр байх байлаа. Хувийн хэвшил буюу "Бодь" групп зогсоосон. Одоо тэгээд өөрсдөө өөр газар хийж байна?
-Багануурт станц барих бол сонгодог байршил. Хүн амзүй, орон зай төлөвлөлтөөр 1986 оны хавьцаа маш том эрдэмтдийн баг математик загварчлалаар гаргаж авсан байршил. Таван толгойн ДЦС, ТЭЦ-5 байршил байна. Энэ гурав бол маргах аргагүй байршил.Гол нь Багануурын ДЦС-ын төсөл унасан тэр үе бол улс төрөө дийлээгүй гэж боддог. Манай улсад эрчим хүчний том төсөл явах гэх бүрийд дотоодын хэрүүл гарч ирдэг. Хэдүүлээ хэрсүү байх хэрэгтэй байх.
-Засаглалын хувьд сайжруулах ойрын үед хийгдэх боломжтой зүйлс юу байна?
Л.Жамбаа /судлаач/:
-Бид Засгийн газарт зөвлөгөө өгч ажилладаг. Суурь маш олон судалгаанууд хийгдсэн. Бидний өнөөдрийн борлуулж байгаа цахилгаан хэрэглэгчийн хувьд 28 хувийн доогуур үнэ. Уул уурхай аж ахуйн нэгжүүдийн хувьд зардлаа нөхсөн тариф. Хамгийн гол нь бид ахуйн хэрэглэгч айл өрхүүдээс алдагдал хүлээж байна. Бодит үнэ тогтоох ёстой. Компани утгаараа ажиллах боломжит үнэ. Үнэ тогтоосны дараа дотац хэрэгтэй хэсгээ тодорхойлно. Гэхдээ эрчим хүчний салбараар биш нийгмийн халамжийн салбараар хэрэглэгч өөрөө хүсэлт гаргасны үндсэн дээр дамжих ёстой гэж үздэг.
Бусад улсын жишиг ийм иргэн хүсэлтээ гаргаад орлогоо нотлоод хөнгөлөлтөө авдаг эрчим хүчний компаниудын оролцоо огт байдаггүй. Ийм эрүүл тогтолцоо хийх хэрэгтэйг зөвлөж байгаа. Хангалттай судалгаа хийсэн шийдвэр гаргалт дээр хүлээгдэж байна. Стратегийн салбар гээд төр өөрөө хийх ёстой биш. Эрчим хүчний компаниуд бүгд олон нийтийн компаниуд болсон. 20 гаруй эрчим хүчний компаниудынхаа хөгжих эрх чөлөөг өгөөч гэж байгаа юм.
ШУТИС-ын доктор, профессор Д.Үлэмж:
Өнгөрсөн ковидын үеэр өмнөх жилийн мөн үетэй хэрэглээг уялдуулан төлбөрөөс чөлөөлсөн.Тэгэхэд хамгийн өндөр өссөн бүс нь Хан-Уул дүүрэг 38 хувь хэрэглээ нь өссөн. Нохойны үүрэндээ хүртэл тень аваачаад залгасан байсан. Энэ цахилгаан дулааны үнэ бага байгаа нь гэр хорооллынхонд огт нөлөөгүй залгаад залгаад ашиглах зүйл ховор. Харин 200 мкв-тэй байшингуудтай 15-20 мегаватт хэрэглээтэй айл өрхүүд хэсэг хожиж байна. Эрчим хүчний үнэ чөлөөлөхгүй байгаагаас нийгмийн чинээлэг хэсэг л хожиж байгаа нийт масс биш.Энэ нь ганц хувь. Нийтээрээ хождог үнэ тарифын өөрчлөлтийг хийхгүйгээр юу ч явахгүй.
-Цахилгаан хураагуур хэдхэн хоногийн өмнө ашиглалтад орсон нь нэмэр болж байх шиг байна. Энэ богино хугацааны зөв шийдэл биш үү?
Л.Жамбаа /судлаач/:
-Азийн Хөгжлийн Банкны хөрөнгөөр баригдсан. Маш зөв шийдэл гол нь хурдан хугацаанд баригддаг. Одоо хийгдсэн 80 мегаваттын суурилагдсан хүчин чадалтай. 2-3 цаг систем рүү эрчим хүч нийлүүлнэ Азидаа томд орох хуримтлуур. Цаашдаа хуримтлуур сэргээгдэх эрчим хүч гэсэн хослолоор төв системдээ холбогдоод явбал чадлын дутагдлыг нөхөх боломжтой. Өмнө нь яагаад хийдэггүй байсан гэхээр хуримтлуурын үнэ өөрөө маш өндөр байсан одоо технологи сайжраад үнэ хямдарсан.
-Хамгийн түрүүнд үнэ чөлөөлөх газрууд бол зах зээлийн үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг уул уурхайн салбар гэж. "Оюу толгой" гэтэл Хятадаас цахилгаан авч байна. ОХУ хавчаад байгаа юм бол БНХАУ-аас эрчим хүч авья гэхээр бүхий л хөрөнгө оруулалтууд БНХАУ давамгай байгаа ялангуяа эрчим хүчний шинэ төслүүдэд дийлэнх нь Хятадын хөрөнгө оруулалт яригдаж байна. Баланс алдагдах тийшээ явчих юм бишүү юу гэж бодож байна?
ШУТИС-ын доктор, профессор Д.Үлэмж:
-Хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ дэлхий дээр ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийх чадал БНХАУ л байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. "Оюу толгой"-н хувьд 1.4 тэрбум квт цаг эрчим хүч хэрэглэсэн байна лээ. Монголын талд тэдний хэрэглэж байгаа цахилгааны хэрэглээний мэдээлэл байхгүй нууцлагдмал байдаг. Би хятадын Нонгшин компанийн мэдээллээс тоо хардаг. Одоогийн монгол төгрөгийн ханшаар нэг квт цахилгаан 600 төгрөгөөр авч байгаа. Гэтэл бусад нь 300 төгрөг энийг хурдан засах хэрэгтэй. БНХАУ, ОХУ хоёр улсын системтэй холбогдоод нэгдсэн сүлжээ үүсгэж дутуугаа нөхсөн систем үүсгэвэл ашигтай гэхдээ нөгөө талаар аюултай. Сүүлдээ бид цахилгаан үйлдвэрлэхгүй байх хэмжээний хараат бус болж магадгүй.
-Цахилгаан эрчим хүчийг тэгвэл бид заавал өөрсдөө үйлдвэрлэх хэрэгтэй зүйл үү? Эдийн засгийн хувьд чадамжгүй байгаа учраас Орос болохгүй бол Хятад гэсэн хувилбартайгаар эрчим хүчээ шийдэх нь хялбар бишүү?
-Дэлхийн худалдааны зам эрчим хүчний нийлүүлэлтийн замууд дээр нэг ойлголт бий. Chalк point гээд. Багалзуур цэг гэсэн үг. Хятадын хэрэглэж байгаа нефть бүтээгдэхүүний жар далан хувь нь Малайкийн хоолойгоор орж ирдэг. Энэ хоолой барууныхны мэдэлд бий. АНУ-ын Тэнгисийн бааз бий. Энэ "багалзуур цэг" манайхаар бол ОХУ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болчихоод байна. Энэ нь манайх ганцхан "багалзуур цэг"-тэй байна гэсэн үг. Ковидын үеэр барилгын материал ачсан машин хүрээд наалдаад улс даяар тоггүй болж байсан. Тэгэхээр ганцхан энэ цэгээс хамааралтай байна.
Яагаад энэ бүхнийг саармагжуулах арга хэмжээ Хятадтай холбогдож авч болохгүй гэж…"Оюу толгой" дээр 220 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам хятадын талаас ирцэн манай шугам бас оччихсон хоёр гуравхан км шугам татах л асуудал байгаа. Улс төрчдийн хийх ажил үлдээд байгаа юм. Манай эрчим хүчний инженэрүүд бол ажлаа, техникийн бололцоогоо бүгдийг мэдэж байгаа. Сүлжээ давтамж өөр тохируулгын асуудал бий ч үүнийг инженэрүүд шийдчихнэ. Гол нь шийдвэр гаргах хүмүүс нь Засгийн газар УИХ.
-Сэргээгдэх эрчим хүч одоо хувь нэмэр болох цаг иржээ. Биднээс тог цахилгааны мөнгөн дээр төлбөр гардаг. Одоо хариугаа өгөх ачаа үүрэх цаг болсон бишүү?
Б.Авирмэд: Эрчим хүчний инженер
Бага зэргийн зохицуулалтын л асуудал байгаа.Үнэ тарифаа бага зэрэг нэмчихвэл асуудалгүй. 350 ч юмуу түрүүн 10 цент гэж ярьсан. Айл өрхүүд өөрсдөө батарейтэй болоод үйлдвэрлэх том хөшүүрэг болно.Татварын урамшуулал татаас ч юмуу бага зэргийн урамшуулал өгөхөд боломжтой. ОТ шугам холбох асуудал дээр тэд судалгаа хийгээд 17 орчим сая ам долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн байсан. БНХАУ-тай холбогдоход.
Б.Батлхагва: Монгол Улсын зөвлөх инженер
-Хятадтай холбогдох дээр нэмэлт мэдээлэл өгөхөд Монгол Улсын давтамж зөрдөг. Шууд хувьсах хүчдэлээр холбох боломжгүй. Оростой синхрон ажилладаг. Холбохын тулд хувьсахаа тогтмол болгоод өөрчлөх станц хэрэгтэй. Тэр нилээд өндөр өртөгтэй. Заавал өөрсдөө үйлдвэрлэх тухайд эрчим хүч тухайн улс үндэстний аюулгүй байдал тусгаар тогтнолтой шууд холбоотой. Хөгжил эдийн засагтай шууд холбоотой бие дааж шийдэх ёстой. Эрчим хүчийг хамгийн хямд үнээр үйлдвэрлэж чадсан улс хамгийн хүчирхэг байдаг. Хамгийн хямд эрчим хүч хэрэглэж байгаа улс орны аж үйлдвэр хөгждөг. Эрчим хүчний салбар дор хаяж хорин жилээр түрүүлж хөгжих ёстой.Ингэж байж улсын эдийн засаг дагаж хөгжинө, бүх төслүүд урагшилна. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг барьж хязгаарлаж байгаа зүйл бол эрчим хүч. Монгол Улсыг 1,5-хан ГВт-д эдийн засгийг нь барьчихаад байна. Монгол Улсын эдийн засгийг ингэж гацааж болж байна шүү дээ.
Б.Авирмэд:Эрчим хүчний инженер
-Сэргээгдэх эрчим хүчний хувь нэмрийг мэдрээд эхэлсэн. Ачаалал өдрийн цагаар 1500 мвт даваад явж байна. Гэтэл ДЦС-ын суурилагдсан хүчин чадал 1000 мвт. Өдөр нар сарны станцууд импортын эрчим хүчээр өдөр цахилгаантай байна.Орой салхитай байгаасай гэдэг. Тэгэхээр сэргээгдэхийн станцуудын хувь нэмэр энэ жил их болж байна. Өвөл их ачаалалтай байдаг бол зун бол өдрийн ачаалал маш их болсон.Энэ нь ахуйн хэрэглээнээс илүү аж ахуйн нэгжүүдийн хэрэглээ өндөр болсон.Энэ үед нарны станцын хэрэглээ нэмэгдэж байна.
-Энэржи индэксээр манай улс хаахна явна? Дэлхийд…
ШУТИС-ын доктор, профессор Д.Үлэмж:
Эрчим хүчний шилжилтийн индэксээр манай улс 192 орноос 170- д явж байгаа. Маш муу үзүүлэлт. Маш олон үзүүлэлттэй. Засаглал үнэ тариф гэх мэт. Сэтгүүлчдээс нэг хүсэх хүсэлт байна.Сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг үнэтэй гэж битгий ярьж байгаач.Энэ нь бодит үнэ.Сүүлийн хоёр сар эрчим хүчний хямралын шокууд мэдэрлээ. ОХУ газрын тосны бүтээгдэхүүндээ хориг тавилаа дараа нь 350 мв цахилгаан өгч байснаа 150 болгон буурууллаа. Эрчим хүчний аюулгүй байдлыг зургаан үзүүлэлтээр авч үзнэ. Хамгийн эхнийх нь ханган нийлүүлэгч орны улс төрийн шийдвэр чухал нөлөөтэй. Үүнд Монгол Улс маш мэдрэг байна.
Б.Батлхагва: Монгол Улсын зөвлөх инженер
Эрчим хүчний үнэ дээр нэг санал хэлэхэд:
- сэргээгдэх эрчим хүчний үнэ
- эх үүсвэрийн үнэ,
- дамжуулах үнэ,
- түгээлтийн үнэ,
- зохицуулалтын диспетчерийн үнээс бүрдэж байгаа.
Уг нь хөгжсөн орнуудад ДЦС дамжуулах гээд аль хэсэгт хэдийг төлж байгааг бүгдийг задалж харуулдаг. Монголд зөвхөн сэргээгдэх эрчим хүчний үнийг тусад нь харуулаад бусдыг нэгдсэн байдлаар харуулахаар сэргээгдэх эрчим хүч үнэтэй харагдана. Үүнийг зохион байгуулалттай гэж боддог. Нүүрснийхэний ашиг сонирхол маш их байгаа. Үнэтэй харагдуулах ажлыг хүн бүрт нэхэмжлэх дээр нь харуулж “хар харагдуулах” бодлогыг олон жил хийж байгаа. 2008 онд судалгаа хийж үзэхэд хэрэглээний өсөлтийн прогноз гаргаж байхад 2020 онд манай улсын эрчим хүчний хэрэглээ 4ГВт хүрэхээр байсан. Энэ хэмжээний эдийн засагтай байх байтал 1,5ГВт дээр барьж чадаж байгаа бол бидний өөрсдийн арчаагүйнх.
-Эрчим хүчний салбарт богино дунд урт хугацаанд юу хийж болох вэ? Эрчим хүчний инженерүүд та бүхний саналыг сонсоё.
Д.Үлэмж: ШУТИС-ын доктор, профессор
Богино хугацаанд ойрын хэдэн сар Монгол Улс гадаад харилцаагаа ашиглаад чадлын дутагдлаа нөхье гэвэл сэргээгдэх эрчим хүчнээс өөр шийдэл харагдахгүй байна. Дунд хугацаанд сайд дагаж төсөл солигддог биш ТЭЦ-5 ,Багануур, Тавантолгой гэх мэт нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий төслүүдээ тууштай хэрэгжүүлмээр байна.Урт хугацаанлд үнэ тарифаа чөлөөлөх, засаглалын хэлбэрийг өөрчлөх. Өөр бидэнд сонголт байхгүй. Эрчим хүчний аюулгүй байдлаа хангах схем өөрчлөгдсөн. Хуучин үйлдвэрлэгч дамжуулагч хэрэглэгч одоо үйлдвэрлэгч дамжуулагч хэрэглэгч өөрөө үйлдвэрлэгч төв сүлжээнд холбогдох.
Б.Батлхагва: Монгол Улсын зөвлөх инженер
Хамгийн хурдан хийж болох зүйл нь. Бие даасан жижиг чадлын тархмал эх үүсвэрүүд барьж байгуулах. Хэрэглэгч үйлдвэрлэгч эрхзүйн орчны бодлогоор дэмжих. Нарны дээврийн бодлого батлагдсан эхнээсээ. Маш олон айлууд өөрсдийн эрчим хүчний эх үүсвэрээ шийднэ. Энэ манай эдийн засагт том нөлөө үзүүлнэ. Өөрсдөө хийе гэхээр гацаагаад байгаа нь харамсалтай.Төр маань улсаа бодсон бодлого явуулмаар байна. Тэгвэл энэ шокноос хурдан гарна.
Г.Жавхлантуг: Цахилгааны инженер
Өнөөдөр авч болох арга хэмжээ нь ахуйн хэрэглэгчдийг хоёр тарифтай байгаа дээр оргил ачааллын тусдаа тарифтай болгох. Ахуйн хэрэглэгчдийг ингэж гурван тарифтай болгох техник технологийн хувьд 100 хувь бэлэн биш ч 50 хувь бэлэн. Одоо л ингэж хэрэглээний ухамсрыг бий болгох ёстой. Хэмнээч гээд байх биш бараа хомсдолтой байвал үнэтэй шүү гэж л ярих хэрэгтэй. Дараагийн удаа батарей хураагуур дунд оврын станцууд мэдээж урт хугацаандаа үнэ чөлөөлөх асуудлыг ярих хэрэгтэй байх.
Л.Жамбаа:/судлаач/
Хэмнэх арга хэмжээ хийх. Уриалж болж байна. Эдийн засгийн аргаар хийж болно. Ялангуяа оргил ачааллын үед 2 дахин үнэтэй эрчим хүч авна. Энэ хэмжээ зах зээлд сигнал болохгүй байна. Тэгвэл Канадад оргил ачаалал 10 дахин үнэтэй байдаг. Бага ачаалалтай үед 2.5 цэнт бол оргил үеэр 25 цэнтийн зөрүүтэй. Зөрүүг нэммээр байна. Дунд хугацаанд цэнэг хураагуурууд нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчтэй хослуулах. Цаашдаа төвлөрсөн том станц барихаас илүү 330 сумаа дамжуулах төвөө холбочихсон тул энэ сүлжээн дээрээ жижиг оврын нарны станц батарей хураагууртай хосолсон байдлаар хийх нь зөв. Эрчим хүчний аюулгүй байдал талаасаа тархмал байх нь зөв. Урт хугацаандаа зах зээл эрүүл байж эх үүсвэрүүд олно. Үнэ тарифын реформыг ОХУ-д хийсэн туршлага байна. 1990 -ээд оны үед 10 жилийн төлөвлөгөө зарласан. Жил ирэх тутам 10 хувиар үнээ нэмж явсан. Хүмүүс тайвнаар хүлээж авсан. Ийм байдлаар үнэ тарифын өөрчлөлтөө хийсэн.
Б.Авирмэд:Эрчим хүчний инженер
Ахуйн хэрэглээний хувьд хийн халаагуур, плитка ,дулаан хуримтлуур, дулааны насосыг ямра нэг хөшүүргээр дэмжих. Дунд хугацаанд төрийн өмчит бүх компанийн зээл авах хязгаар тулсан. Засаглалыг сайжруулж хөрөнгийн дахин үнэлгээ хийх хэрэгтэй байна. Одоо байгаа хөрөнгө ямар байгаа санхүүгийн хэлээр буулгасан зүйлгүй байна. Том хэмжээний том төсөл хэрэгжүүлэх гэхээр хувийн хэвшил ТӨХК санхүүгийн баталгаа гаргаж чадахгүй. 10 сая долларын борлуулалттай компани алга. Тэгэхээр томруулах хэрэгтэй байна. Том төсөлд орох аль нэг гадны компанийн туслан гүйцэтгэгч л болох хандлагатай байна.
Ярилцсанд баярлалаа.