Уламжлалт технологийн цөмийн реакторуудыг өндөр даралттай усаар хөргөдөг байсан бол Хятадын эрдэмтэд бүтээж, Шаньдун мужид ашиглалтанд оруулсан 4-р үеийн цөмийн реактор нь анх удаа хийн хөргөлт ашигласан гэдгээрээ онцлогтой гэж Шинхуа агентлаг лхагва гарагт мэдэгдлээ.
Цөмийн цахилгаан станцууд нь атомын задралаас үүсэх асар их хэмжээний энергийг ашиглан, уур үүсгэж, түүгээрээ цахилгаан үүсгэгч турбиныг ажиллуулдаг. Ашигласан уурыг конденсацид оруулж, хөргөж, ус болгон хөргөх цамхаг руу шилжүүлнэ. Одоогоор нийт ажиллагаатай байгаа цөмийн цахилгаан станцуудын 95 хувь нь усаар хөргөх энэ технологийг ашиглаж байгаа бол хийн хөргөлт ашигладаг станц ердөө 3 хувийг л эзэлж байна.
Гэвч цаашид хийгээр хөргөх энэ технологи хөгжих боломжтой харагдаж байгаа бөгөөд давуу тал нь үр ашигтай, зардал багатайгаар цахилгаан үйлдвэрлэхэд оршино. Жижиг хэмжээтэй модуляр бүтэцтэй ийм реакторуудыг цахилгаан эрчим хүч гарган авахаас гадна устөрөгч үйлдвэрлэх, далайн усыг давсгүйжүүлэх, хот сууринг халаах зэрэг өндөр температур шаарддаг үйлдвэрлэлд мөн давхар ашиглаж болно гэж Олон Улсын Атомын Энергийн агентлаг мэдэгдсэн байдаг.
БНХАУ-ын Шаньдун мужийн Шидао булан дахь цөмийн цахилгаан станц нь туршилтын зориулалтаар бус эрчим хүч үйлдвэрлэлийн зориулалтаар байгуулсан анхны хийн хөргөлттэй реактор ашиглаж байгаа ба хөргөлтөд ашиглаж байгаа гелий хийн температур нь хамгийн ихдээ цельсийн 750 хэмд хүрдэг гэнэ.
Huaneng Shidao Bay High-Temperature Gas-Cooled Reactor Demonstration Project officially commenced commercial operation in Rongcheng, #Shandong, on Dec 6, which is the world's first fourth-generation #nuclear power plant with #China’s fully independent intellectual property… pic.twitter.com/hcvhSEnf6o
— Hola Fujian (@HolaFujian) December 6, 2023
Тус станц анх 2012 онд шав тавьж, улмаар 2021 онд анхны реактороо төвийн эрчим хүчний системд холбосон гэж AFP агентлагийн мэдээнд дурдагдсан байна. Энэхүү цомхон бүтэцтэй, модуляр загвартай цөмийн станцыг эрчим хүчний шилжилт хийж байгаа болон хуучин станцуудаа бага зардлаар овор багатай болгон шинэчлэхийг хүсч байгаа улс орнууд авч ашиглавал өндөр өгөөжтэй гэж мэргэжилтнүүд үзжээ.
Одоогийн байдлаар дэлхийн 18 улсад ийм жижиг модуляр реактор бүтээх 80 гаруй төсөл хөгжүүлэлтийн шатандаа яваа гэсэн ОУАЭ агентлагийн мэдээлэл байгаа.
Хятад улс 2035 он гэхэд нийт эрчим хүч үйлдвэрлэлийнхээ 10 хувийг дээр дурдсан жижиг модуляр реактор ашиглан үйлдвэрлэх зорилт тавиад байгаагаас үзэхэд цаашид цөмийн эрчим хүчний дэвшилтэт технологиор дэлхийд тэргүүлэгч болох зорилготой гэдэг нь илт.
Мөн тус улс урт хугацаандаа нүүрс түлдэг дулааны цахилгаан станцуудаасаа татгалзахын зэрэгцээ улстөрийн асуудлаас болоод барууны технологийн хоригт ордог асуудлаа шийдэхийн тулд өөрсдөө шинэ технологи хөгжүүлэлт, судалгаанд ихээр анхаарч байгааг нотлон харуулсан үйл явдал болж байна.
Эх сурвалж: https://www.independent.co.uk/tech/china-nuclear-reactor-gas-water-b2459952.html?utm_source=tldrnewsletter