Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодын ургацаас хангана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодын ургацаас хангана

/2023.11.15/: Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил болон 2023 оны ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

Мал, махны экспорт, баруун аймгуудын малын тэжээлийн импортод дэмжлэг үзүүлэх, дотоодын махны нөөц бэлтгэл, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор нэгдсэн худалдаа зохион байгуулах, зам даваа хаагдахаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлийг үнэлэн авч хэрэгжүүлэх арга хэмжээний шийдвэрийг боловсруулан танилцуулахыг даалгалаа.

Мөн хүнсний болон тэжээлийн улаанбуудайн борлуулалтыг эрчимжүүлэх, ирэх оны тариалалтад хүрэлцэхүйц хэмжээний чанар сайтай үрийн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, Байгалийн эрсдэлд өртсөн тариаланчдын зээл төлөлтийг хойшлуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгав.

Ургац хураалтын урьдчилсан дүнгээр 456.0 мянган тонн үр тариа, үүнээс 434.0 мянган тонн улаанбуудай, 175.0 мянган тонн төмс, 183.0 мянган тонн хүнсний ногоо, 253.0 мянган тонн тэжээлийн ургамал, 50.0 мянган тонн тосны ургамал хураан аваад байна.

Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 85.0 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж байна. Улаанбуудайн үйлдвэрлэл өнгөрсөн оноос 32.0 мянган тонн буюу 8.0 хувиар, хүнсний ногооны үйлдвэрлэл 35.0 мянган тонн буюу 23.0 хувиар, малын тэжээл 82.0 мянган тонн буюу 45 хувиар тус тус өсжээ.

Засгийн газраас гаргасан тодорхой шийдвэрүүдийн үр дүнд хүнсний ногооны тариалалт нэмэгдэж энэ жил түүхэндээ хамгийн их ургац хураан авлаа гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээллээ.

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулна
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулна
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.