/2023.11.09/: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдаж буй Хятадын олон улсын VI дахь удаагийн импортын үзэсгэлэнд оролцлоо.
Тэрээр өчигдөр БНХАУ-ын Жиндун групп (JD.com) компанийн цахим худалдааны платформд нээгдэж буй Монгол Улсын үндэсний павильоны албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцов.
Жиндун групп компани нь 650 мянган ажилтан, алба хаагчтай бөгөөд хятадын цахим худалдааны онлайн сүлжээнд 600 сая хэрэглэгч бүхий БНХАУ-ын хоёр дахь том компани юм.
Тус компани нь хятадын цахим худалдааны салбарт 2004 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2014 оны тавдугаар сард АНУ-ын хөрөнгийн биржийн зах зээлд бүртгэгдсэн анхдагч платформ болсон байна.
Ийнхүү Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг Жиндун (JD.com) цахим худалдааны платформд албан ёсоор худалдаалж эхэлснээр манай улсын бараа, бүтээгдэхүүнийг борлуулах үнийн дүнгээс 1-2 хувийн үйлчилгээний шимтгэл тооцож, үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн гарт хүргэх бүх үйл явцыг Жиндун групп хариуцахаар болж байна.
Эх сурвалж: ГХЯ