Space Talк 5: Н.Тэгшбаяр “Гэрээ байгуулахын урд өдөр Оросууд над руу залгаж болиулах оролдлого хийж байсан“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Space Talк 5: Н.Тэгшбаяр “Гэрээ байгуулахын урд өдөр Оросууд над руу залгаж болиулах оролдлого хийж байсан“

/2023.12.14/: SpaceTalk#5 энэ удаад Цөмийн энергийн газрын дарга асан, физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.

-Мардайн ордын талаар сонирхуулж яриач. 1989 оноос тухайн үед 490 мянган тонн ЗХУ -д экспортолж байсан тухай албан мэдээ байдаг тухай бичжээ. Оросууд олборлож байсан хаягдлаа булаад орхисон гэх яриа байдаг энэ талаар...

Монгол Улсад цөмийн энергийн салбар үүсч хөгжөөд 60 гаруй жил болж байна. 1970-аад оны үед капиталист социалист нийгмийн зөрчил тэмцлийн оргил үед ОХУ манай Дорнодын цаад талд уран олборлодог байсан. Нөөц багасаад ирмэгц Монголд уран олборлох нууцын зэрэгтэй гэрээ хийгээд Дорнодод олборлож эхэлсэн. Социализмын төгсгөл 1980 -аад онд оросууд хаяад гарсан. Түүний дараа тэр ордыг Канадын Ханресурс компани үргэлжлүүлж явна гээд лицэнз авч ажилласан байдаг. Удалгүй Цөмийн энергийн тухай хууль шинэчлэгдэж цөмийн болон цацраг идэвхт ашигт малтмалыг дахин шинэчилж бүртгэнэ гэсэн. Тэгэхдээ ахиж бүртгээгүй байдаг.

Бүртгэхгүй байсан шалтгаан нь ОХУ-аас шахалт ирж байсан гэж үзсэн байдаг. Манайхан ийнхүү эс үйлдэл гаргаснаас болж Ханресурсын асуудал Арбитрын шүүх дээр очсон. Шинэ хууль дүрэм журам гаргах замаар хөрөнгө оруулагчдыг хяхан боогдуулсан байна гэж үзээд Монгол Улс ялагдаж 100-аад сая ам долларын өрөнд орсон. Одоо улсын мэдэлд ирсэн.

Монгол Улсад яг хэдэн судлагдсан орд, нөөц нь тогтоогдсон газар байна. Хэдэн компани лицэнз эзэмшиж байна. Хамгийн гол нь Монгол Улс өнөөдрийг хүртэл уранаас ямар нэгэн ашиг орлого хүртсэн зүйл байна уу?

Монгол Улсын Засгийн газар, Эрдэс баялгийн зөвлөлийн хүлээж авсан нөөц нь ойролцоогоор 200 мянган тонн. Үүний бараг хагасыг нь Франц Монголын хамтарсан "Бадрах Энержи" компани эзэмшдэг. Үлдсэн нь бусад компаниуд эзэмшдэг. Монгол Улс дэлхийн нийт ураны 2 хувийг эзэмшиж байна. Ирээдүйд энэ тоо өсч 5 хувьд хүрнэ. Энэ салбарын гол тоглогч нь төрийн өмчит Мон-Атом компани. Цөмийн энергийг олборлох шатанд ихэвчлэн төрийн оролцоотой байдаг. БНХАУ-ын CNNC |Сhina national nucleaer copration| ОХУ-ын РОСАТОМ Францын Орано, Канадын компаниуд төрийн өмчит мөн хөрөнгийн зах дээр гарсан компаниуд байна. Уран олборлодог орон цөөхөн. Энэ бол онцгой зах зээл. Тусгай байдаг шалтгаан нь уран хоруу чанартай дэлхий дээр олдсон хамгийн хүнд цөмтэй элементүүдийн нэг. Ураныг ашиглаж цөмийн энерги гаргаж авдаг. Францын эгримэнт, Киотогийн протоколын дагуу улс орнууд нүүрс болон нүүрснээс үүдэлтэй нүүрсхүчлийн дан давхар исэл ялгаруулахгүй, агаар бохирдуулахгүй гэдэг үүднээс нүүрсний хэрэглээг багасгаж цэвэр эрчим хүч үйлдвэрлэх бодлогын хүрээнд ураныг цэвэр эрчим хүч гэж үзэх болсон.

-Монголын хувьд иймэрхүү тоглогчид байгаа бол дэлхийн зах зээлд хэн энэ зах зээлийг удирдаж байгаа, гол тоглогчид хэн бэ?

Дэлхийн зах зээл дээр топ экспортлогчид гэвэл Казакстан, Австрали, БНХАУ, Канад орно. Ер нь энэ салбарт уран экспортлогчид нөгөө талаас цөмийн технологитой орнууд гэж бий. Монгол Казакстан 2 бараг нэг гараанаас эхэлж байсан. Гэтэл өнөөдөр Францын Оранотай хамтраад дэлхийн номер нэг экспортлогч орон болсон.

-2022 онд цацраг идэвхт бодисын хайгуулын 8 ашиглалтын 4 тусгай зөвшөөрөл байна. Нийт зургаан аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

Намайг байхад 70 гаруй байсан их буурсан байна.

-Манай улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа Бадрах Энержи компани үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 25 жил өнгөрчээ. Өнөөдрийг хүртэл Монгол Улсаас гараагүй орхиод явчаагүй байна. Ийм урт хугацаа зарцуулжээ. Компанийн хувьд алдагдалгүй байгаа юу уран гэдэг зүйл ийм ашигтай болоод байсаар байна уу?

Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг кг алт 200 орчим сая төгрөг, харин уран 1 кг нь 400 орчим мянган төгрөг. Эндээс харвал алт шиг үнэтэй биш гэхдээ алтнаас илүү үнэ цэнэтэй. Зах зээлийн үнээр харвал алттай харьцуулахад үнэгүй шахам. Гэхдээ үнэ цэнэ нь өөр. Цөмийн энерги гаргах явцад гарах хаялга гэж юм бий. Эмнэлгийн салбарт ашигладаг янз бүрийн изотопууд гэх мэт. Зөвхөн үнийн дүнгээр нь харахаас гадна яагаад ач холбогдолтой вэ? яагаад Француудтай хамтарч байгаа юм бэ? гэдэг өнцгөөр харах ёстой.

-Та түрүүн яриандаа хэлсэн. Нэг. Монгол Улс Казакстантай нэг гараанаас гарсан. Хоёрт. Хөрөнгө оруулагчдын тоо эрс буурсан гэсэн мэдээлэл. Яг өнөөдөр Монголчууд уранаа эртхэн ашигласан бол гэх алдагдсан боломжийн тухай ярилцвал та юу хэлэх вэ?

Уран бол үелэх систем дээрх хамгийн онцгой элемэнт учраас ураныг ашиглахгүй удлаа ч юм уу хурдан ашигла гэх үүднээс харах хэрэггүй. Энэ процесс угаасаа удаан явдаг жамтай. 2008 онд л гэхэд 1 кг уран бараг арван хэдхэн ам доллар байсан. Одоо нэг паунд нь 70 доллар. Ингээд харвал ураны үнийн хэлбэлзлээс болоод үйлдвэрлэл явуулах эсэх тухай шийднэ. Алдагдсан боломж гэхээсээ илүү ирээдүйд бий болох боломжийн тухай ярьвал дээр. Монгол Улсад уран хайгуулын салбарт хамгийн их хөрөнгө оруулсан компани нь яалт ч үгүй Орано мөн. Франц бол нэг талаасаа цөмийн орон нөгөө талаасаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон. Аюулгүйн зөвлөлийн гишүүн орны сонирхолыг Монгол Улсад оруулж ирж Монгол Улс НҮБ дэх дуу хоолойгоо нэмэгдүүлэх нь маш чухал.

Монгол Улсын төрөөс цацраг идэвхт бодис цөмийн энергийн бодлогоор дамжуулж Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд байгаа тусгаар тогтнол аюулгүй байдлаа дипломат яриа хэлэлцээний шугамаар хадгалж хамгаална гэдэг энэ бодлогыг хэрэгжүүлэхэд энэ салбар маш чухал үүрэгтэй болж байна. Мэдээж уранаас ашиг ололгүй яахав гэхдээ түүнээс ч илүү үнэ цэнийг багтаасан стратегийн ач холбогдолтой зүйл.

-Гэхдээ өнөөдрийг хүртэл бас Засгийн газартай учраа олчихоогүй байна.

Монгол Улстай учраа олохгүй байгаа юм биш. Би цөмийн энергийн газрын дарга байхад Францын гадаад хэргийн сайд, Аревагийн ерөнхийлөгч, Мицубишигийн ерөнхийлөгч ирээд Цөмийн энергийн тухай хуулиар Монгол Улс 34 хувийг эзэмшээд хамтраад хөрөнгө оруулалтын гэрээний урьдач нөхцлийг Францад очиж тохироод асуудал урагшилсаар байна. Энэ бол Монгол Улсын Засгийн Газартай учраа олохгүй байгаа хэрэг биш алхам алхмаар урт хугацаанд зөв явж байна гэж харах хэрэгтэй.

-Гэтэл манайхтай зэрэгцэж эхлэл төдий байсан Казакстан олборлолтоо эхлүүлсэн байгааг та юу гэж хэлэх вэ?

Энэ бол мэдсээр байж эсэргүүцдэг, нөгөө талдаа мэдэхгүй эсэргүүцдэг магадгүй тусгай даалгавартай эсэргүүцдэг хүмүүсээс болоод цаг алдаж хойшилсон асуудал. Гацаадаг үүнийг нуух юм байхгүй.

-Уран хортой юу? Олборлолтын явцад тухайн газар нутаг бүс иргэдийн ахуйд сөргөөр нөлөөлөх боломжтой юу? Газар дор уусган баяжуулах технологи ашиглана хоргүй гэдэг. Та физикч хүний хувьд тайлбарлаж өгөөч?

Би хувьдаа “Монгол орны ундны усан дахь уран, түүний физик химийн урвалууд боломжит нэгдлийн судалгаа” гэдэг сэдвээр доктор хамгаалсан. Газар дор уусган баяжуулах арга бол надад ойр. Уран гэдэг бол цацраг идэвхт бодис. Хортой хоргүй юу гэх нь буруу асуулт. Яагаад гэхээр дунд сургуулийн сурах бичиг дээр уран бол цацраг идэвхт бодис химийн хувьд хоруу чанартай ууж идээд байж болохгүй гэдгийг заасан. Уран олборлохдоо бид цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлах ёстой. Маш олон үндэсний болон олон улсын дүрэм журам стандартыг хангаж олборлоно. Газар дор уусган баяжуулах аргын тухайд Казакстан, АНУ-д иймэрхүү орд газар дээр мал амьтан нь бэлчээд байж байдаг. Харин газар дор байгаа олборлох хэмжээний уран байна гэж үзвэл тэр орчин хими цацрагийн хувьд хоруу чанартай. Тэнд сүү хийсэн ч техникийн орчин болно ус хийсэн ч техникийн орчин болно. Уусган баяжуулах аргыг ядуу агуулгатай орд дээр хэрэглэдэг. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн норм дүрэм журам нь тогтчихсон ийм арга. Үүнийг хэрэглэх нь зөв.

-Хөрөнгө оруулалтын гэрээний асуудал яг одоо идэвхтэй яригдаж байна. Ашигтай байх талаасаа энэ гэрээн дээр юуг бид илүү анхаарч авч үзэх ёстой вэ?

Физикч хүний нүдээр харахад цацрагийн аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм журмаа чанд баримталж ажиллах ёстой. Цацраг идэвхт бодисыг тээвэрлэх дүрэм журмаа гаргах ёстой. Хайгуул судалгааны, хаягдлын менежмэнтийн дүрэм гэх мэт зүйлүүд дээр анхаарах хэрэгтэй. Бусад талаар асуудалгүй алтыг ч уусган баяжуулах аргаар олборлож байгаа. Хамгийн анх Оросуудын эзэмшиж байсан орд газар дээр 200-аад мянган тонн ил задгай хүдэр үлдсэн. Ашиглаж байсан бололтой ус дүүргээд орхисон урантай устай газар бий. Тэр газраас хонь хурга үхлээ гээд байгаа нь хөндлөнгийн, энэ төслийг явуулахгүй байх сонирхолтой этгээдүүд олон байгааг харуулж байна. Энэ дан ганц Францын төсөл биш. Франц Монгол 2 улсын дундын төсөл, эрх ашиг. Үүнтэй адил Монгол Улс Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих хэрэгтэй. 100-аад жилийн өмнө Монголчууд “Монголор” гээд алтны уурхай ажиллуулахдаа Франц, Англи, Орос, Хятад гээд хамтрал байгуулаад Сэлэнгэ аймагт байдаг Ноён уул орчмыг олборлож байсан түүхтэй. Энэ жишгээр Дорнод Уран дээр Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудыг оролцуулах юм бол илүү их зөв хамтын ажиллагаа болно.

-Одоо гаргасан бүтээгдэхүүнээ хааш нь гаргах вэ газарзүйн байршлаа бодоход БНХАУ руу гаргах нь ойлгомжтой байх шиг. Ер нь таныг дарга байхад бүтээгдэхүүнээ хаашаа гаргах вэ? ямар замаар экспортлох вэ гэдэг дээр яриа хэлэлцээ хэрхэн өрнөж байсан бэ?

Дэлхий дээр шар нунтаг ураны хэлэлцээрүүд гэж байдаг. Гэрээний үнийн хэлэлцээр гэх чухал зүйл бий. Монгол Улс өөрт 34 хувьд оногдох ашгаа уранаар нь авна гэж агентлагийн дарга байхдаа ярьж байсан. Гэрээний үнийн хэлцэл гэдэг нь бид Германд нийлүүллээ гэхэд Хятадын Германд ойрхон үйлдвэрээс шар нунтагийг Герман руу өгчихдөг дараа нь Хятад руу өгдөг. Германд 30 тонн өгье гэвэл бид Германд ойр Францын үйлдвэрт нийлүүлчээд Франц Хятадтай гэрээтэй бол тийшээ өгчихдөг. Өөрөөр хэлбэл зөвхөн нэг улсад нийлүүлнэ гэж ойлгож болохгүй. Аль ч газарт нийлүүлж болно. Хятадад нийлүүлнэ хятадаас хараат байна гэж хэлэх боломжгүй.

-Одоо яригдаж байгаа гэрээн дээр ч 34 хувь Засгийн газар эзэмшинэ гэвэл түүнтэй дүйцэх бүтээгдэхүүний борлуулалтын гэрээний эрхээ авна гэж ойлгогдсон. Энэ эрхийг авах нь ямар давуу байдал бий болгох вэ?

2030 он гэхэд дэлхий дээр 110 мянга орчим мянган тонн ураны хэрэгцээ гарна. Гэтэл дэлхий даяар 80 мянгаас илүүг олборлож чадахгүй байна гэсэн прогноз байна. Тэгэхээр зөрүү гарна. 40-өөд мянган тонны хэрэгцээг яах вэ тэр үед урантай орнууд хэлэлцээрийн ширээний ард сууна. Ураныг зарсныхаа төлөө төлбөрөө авна нэмээд хүүхдүүдээ сургуульд сургаж болно. Хятадуудтай тохирвол уран зарсны төлөө танайх манайд бензин шатахуун өгч гэдэг юм уу.

Уранаар дамжсан том хэлэлцээрүүд хийгээд байх боломжтой болох юм. Цацраг идэвхт бодис цөмийн энергийн бодлогоор дамжуулж бусад хэлэлцээрүүдийг хийдэг дэлхийн стандарт жишиг бий.

Намайг Цөмийн энергийн газрын дарга байхад Н.Алтанхуяг дарга Оросын бензин тасарлаа. Хятадын цөмийн энергийн газрынхантай яриадах гэж яриулаад Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу бензин нийлүүлэхээр болж Хятадаас анх бензиний цорго нээж байсан. Энэ мэт том хэлэлцээрүүдийг цөмийн энергийн бодлогоор хийдэг болно. Дэлхий дээр НҮБ-ын дараа маш хүчтэй Олон улсын атомын энергийн агентлаг гэж байгууллага байгаа. Бүрэн эрхт төлөөлөгч нь Цөмийн энергийн төвийн нарийн бичгийн дарга эсвэл Цөмийн энергийн газрын дарга нь байдаг. Тэр утгаараа чухал ач холбогдолтой.

-Ийм чухал байтал Монгол Улс яагаад цөмийн энергийн газраа татан буулгасан юм бэ?

Хүмүүс татан буулгасан гэж ойлгодог. Тэр үед анх комисс гэж байснаа агентлаг бий болж нэг шат ахиад дараа нь Ерөнхий сайдын дэргэдэх ажлын алба болсон. Ерөнхий сайдын дэргэдэх ажлын алба болж статус дээшилсэн гэсэн үг. Харин саяхнаас Боловсролын яамны дэргэдэх комисс болж байгаа юм билээ. Ингэж болохгүй муу ч бай сайн ч бай Ерөнхий сайдын дэргэд цөмийн энергийн салбарын бодлого байх ёстой.

-Таныг Цөмийн энергийн газрын дарга байхад Оросын талаас танд ямар нэгэн дарамт шахалт ирж байсан уу?

Дарамт шахалт ирж байсан. Би хэлж байсан. “Монгол төр бодлогоо явуулж байна. Хол бай. Цөмийн энергийн газарт үүргийг Ерөнхий сайд өгдөг юм аа. Монгол Улсын Засгийн газрын үүргийг гүйцэтгэдэг та нар шиг утасны цаанаас донгосч байгаа хүмүүсийн үгэнд ордоггүй” гэж. Бүр Францын Гадаад хэргийн сайд нь ирчихээд байхад гарын үсэг зурж болохгүй гэж шахаж байсан.

-Тан руу шууд утсаар залгаад уу?

Тийм шууд залгасан.

-Бид зугуухан ч гэсэн ажлаа урагшлуулж гартаа барих “зэвсэг”-тэй болох гэж байна. Монголчууд бид өөрсдөө бэлэн үү? Ялангуяа хууль эрхзүйн хувьд?

Зэвсэг биш нохойд барих модтой болж байна гэсэн нь зөв байх. Тэгэхгүй бол Тэгшбаяр зэвсэг хийх нь гэх байх. Нохойд барьдаг мод. Бидний хувьд бүх юм бэлэн жин. Ямар ч асуудал байхгүй. 60 гаруй жилийн өмнө Монгол төрийн бодлогыг барьдаг төрийн хар хүмүүс Монгол Улс цөмийн энергийн салбараа хөгжүүлэх ёстой гээд ОХУ-д байдаг цөмийн шинжилгээний институтыг үүсгэн байгуулалцсан.

Монгол Улс Цөмийн энерги ашиглах эртний амбицтай орон байсан. Тэр амбиц тасралтгүй явж байна.

-Хэрвээ манай улс уранаа ашиглаад эхэлчихвэл цөмийн эрчим хүч гаргах тухай ярих цаг болсон уу?

Болсон. 60 жил ярьсан ашиглах асуудлаа хурдлуулах хэрэгтэй. Монгол Улс хоёр хөршөөсөө эрчим хүчний хувьд хараат байна. Нийт импортын 30 хувь Оросоос тасарвал баруун аймгууд харанхуй. Өмнөд бүс Хятадаас импорт 70 хувь хамааралтай. Тасалдвал төсөв тасалдах хэмжээнд очино.

Монгол Улс 300 мегаваттын жижиг оврын атомын цахилгаан станц барьж чадвал эрчим хүчний хараат байдлаас гарна. Ахиад нэгийг барьвал эрчим хүчээ бүрэн хангана. Реактороор ярьвал амжиргаа цагаан шиг зүйл байна. Гурвыг барьчихвал бид эрчим хүчээ экспортолно, эдийн засгийн аюулгүй байдлаа бүрэн хангана. Монгол Улс жинхэнэ утгаараа аж үйлдвэрийн 4-р хувьсгал хийнэ. УБ хот утаагүй болно. Атомын цахилгаан станц аймшигт утаанаас биднийг аварна гэж хэлэхийг хүсч байна.

-Тэгээд яагаад өнөөдрийг хүртэл ярьсаар байна вэ? Хийхэд юу саад болж байна.

Бидэнд эр зориг алга байна. Монгол Улсад атомын станц барих хэрэгтэй хөрөнгө мөнгийг төсвөөс биш хөрөнгө оруулагчид барьж өгөөд ашиглаад гараад явах боломж ч бий. Дандаа жижиг сажиг асуудлаар гадна дотны гар хөл болж удаашруулаад байдаг. Над шиг ажлаа хийгээд эхлэхээр татаад буулгачихдаг. Үгэнд ор гэхээр би суганы үс биш цүнх барихгүй. Дийлдэхгүй болохоор агентлагтай нь хамт татан буулгадаг. Тийм л юм болж байгаа.

-Гэхдээ тэр үед танай нам эрх барьж байсан?

Ямар нам байх нь хамаагүй энэ салбарыг хөгжүүлэхгүй байх эдийн засгийн далд гарын онол явж байдаг. Мэдэхгүй эсэргүүцэж байгаа хүмүүсийг ойлгож байна. Мэдсээр байж Монгол Улсын бодлогыг эсэргүүцэж байгаа хүмүүст хариуцлага тооцох цаг нэг өдөр ирнэ гэж би итгэдэг. Гарын таван хуруунд багтах хүмүүс бий. Нутгийн иргэдээс гадна сайн ажиглах хэрэгтэй. Олон газрын нөлөө байна. Манай улс уран олборлогч том орон болоход өрсөлдөгчид байна. Монгол Улс эрчим хүчээр хэнээс ч хараат бус байх бодлоготой ч 1986 оноос хойш нэг ч шинэ станц барьж чадахгүй байна. Худал хулгай авилга дотроос нь сөнөөж байна. Хэдэн арван атомын станц барих мөнгөөр гараа угаачихлаа. Арван гурван тугал үхлээ гэсэн. Хүмүүс очихоор үхдэггүй буцахаар үхчихнэ. Уранаас болсон гэдэг дүгнэлт гараагүй байхад Цэрэнчимэд гэж малын эмч уранаас болсон гээд 11-11 төврүү оруулж тоглодог. Шинжилгээ хийхэд селенээс болж тугалнууд үхсэн байдаг. Үхлийн дозоор илэрсэн. Тагнуул гаргаад өгсөн цагдаад өгсөн. Тугал хорогдлоо обьектоо үзлээ. Субьектээ харин олж чадахгүй байгаа. Мал үхлээ малын эмч ажиллаж дүгнэх ёстой хуулиаараа.

-Япончууд нэг хэсэг атомын станцын талаарх ойлголт сөрөг байснаа өөр болж байна. Мөн Германд улсын бодлого арай өөр. Ямар шалтгаанаар Германууд өөр өнцгөөр хараад байгаа юм бол?

Нэгдүгээрт Японы Фүкушима Дайчигийн ослын талаар мэргэжилтнүүд дүгнэлт гаргасан. Тэр үед цунами газар хөдлөлт давхар болсон. Цунамигаас үүдэлтэй 20 мянган хүн нас барсан харин атомын цахилгаан станцаас үүдэлтэй 1 хүн л эрсдэл үүсч нас барсан байх магадлалтай гэж үзсэн. Физикчид юу гэж дүгнэсэн гэхээр

Хүн төрөлхтөн урд өмнө хэзээ ч найман баллын газар хөдлөлтөд цөмийн реакторыг сэгсэрч үзэх туршилт хийж үзээгүй . 8 баллын газар хөдлөлтөд станц дэлбэрсэнгүй. Хүн төрөлхтөнд цөмийн станцыг 8 баллын газар хөдлөлт болоход асуудал үүсэхгүй гэдгийг баталсан гайхамшигтай нээлтийг хийж өгсөн” гэж дүгнэсэн юм.

Германы тухайд Германы эрдэмтэдтэй ярилцахад Ангела Меркэлийн нам нь ногоон бодлого баримталдаг. Оростой нилээд ойр хийгээр хамааралтай байсан. Улс төрөө хийхийн тулд нийт хүмүүс нь ногоон бодлого гэж явсаар атомын станцаа хаагаад ашиглахгүй болсон.

Өнөөдөр Монгол Улс хэдэн тэрбумын нүүрстэй хирнээ Хятадаас эрчим хүч импортолж байгаа энэ шившиг Германчууд цөмийн станцаа ашиглаж цахилгаан гаргаж чаддаг хирнээ Франц Чехээс цахилгаан авдаг шившиг. Хоёулаа шившиг гэж дүгнэсэн.

Ярилцсанд баярлалаа.

Археологийн үнэт олдворыг олж, бүртгүүлэлгүй хадгалж байсан этгээдийг илрүүлжээ
Археологийн үнэт олдворыг олж, бүртгүүлэлгүй хадгалж байсан этгээдийг илрүүлжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.