/2022.08.09/ Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
-Засгийн газар хэмнэлтийн хууль баталж 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр баталсан. Сүүлийн хоёр сар БШУЯ болон Нийслэлийн ЗДТГ, хороодын дарга нартай ажилласны үр дүн гарч байгааг Та бүхэнд баяртайгаар мэдээлэхэд таатай байна.
Монгол Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 303 мянган хүүхэд байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 2-5 насны 141 мянган хүүхэд бий. Цэцэрлэгийн насны 34 486 хүүхэд буюу 4 хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг байснаас гадна эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хамруулахын тулд сугалаанд хамрагддаг тогтолцоотой байсан. Тэгвэл өнөөдөр бид цэцэрлэгийн сугалааны тогтолцоог халж байна.
Энэ оны есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 26 643 хүүхэд, арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 7 755 хүүхэд буюу нийт 34 398 хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар болоод байна гэлээ.