/2022.08.09/ Шадар сайд С.Амарсайхан Эмээлт дэх махны үйлдвэрт хийсэн шалгалтын асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтнүүдтэй уулзлаа.
Тэрээр:
-Асуудлыг шийдчихье гэсэн ямар ч зорилго шийдэл байхгүй байна. Цаашдаа ингээд яваад байх юм уу. Энэ та нарын ажлын үндсэн үүрэг. "Наадам зохион байгууллаа, наадмаар бид амралтгүй ажилласан" гээд үндсэн ажлаа хаячхаж болохгүй биздээ.
Мал эмнэлгийн ерөнхий газар яагаад ийм удаан хойрго, асуудлыг шийдвэрлэхэд идэвх санаачилгагүй ажиллаад байгаа юм бэ. Засгийн газрын бодлого шийдвэрийг яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ. Сүх далайтал үхэр амар гэдэг шиг яасан тайван, ичиж эмээхээ байчихсан газар болчихсон юм бэ. Бүхэл бүтэн гурван сар шүү дээ. 3 хоног биш, 30 хоног биш. Энэ бүхний ард та нарын гэр бүл, үр хүүхдийн чинь эрүүл аюулгүй амьдрах, амь нас эрүүл мэндтэй холбоотой асуудал яригдаж байна.
Одоо та нар надад яг он сар өдөртэй нь хэл дээ. Яг хэзээ лабораторын шинжилгээнүүдийг эцэслэж гаргаж ирэх вэ. Асуудал хариуцсан юм бол бичиг цаасыг нь гаргаад ир. Би та нарыг бүтэн нэг цаг 14 цагаас 15 цаг өнгөртөл хүлээсэн. Энэ асуудлаар ярилцана гэж байхад яагаад холбогдох бичиг баримтууд нь байдаггүй юм бэ. Хүний толгой эргүүлдэг, ингээд хариулчхаар болдог юм гэдэг бүтэлгүй, явуургүй зангаа та нар засаарай. Та нар төрийн албан хаагчид шүү. Зүгээр нэг гудамжинд наймаа хийж байгаа хүмүүс биш. Надтай та нар ингэж харьцаж байгаа юм чинь бусадтай яаж харьцаж, яаж энэ ажлыг хийдэг юм. Би бас энэ асуудлыг зах зухаас нь мэддэг, та нарыг хариуцсан сайд чинь шүү. Худлаа яриад сууж байхаар та нар бичиг баримт, тайлан тооцоогоо харуулчих л даа. Яагаад мэргэжлийн хэмжээнд ажиллаж чаддаггүй юм.
Одоо бол ойлгомжтой. Ажилдаа эзэн байж чаддаггүй, асуудал шийдэж чаддаггүй, дунд доод шатны хүнд сурталтан нөхдүүдийг ажлаас нь чөлөөлнө гэлээ.
Шадар сайд С.Амарсайхан энэ уулзалтын үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга, Хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан газрын дарга нарыг чөлөөллөө.