Space Talk 3: Д.Тэгшбаяр Засгийн газар БЭТ томилсноор хэсэг бүлэг завшигчдыг өөр хэсэг бүлэг завшигчдаар солихыг л үзүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Space Talk 3: Д.Тэгшбаяр Засгийн газар БЭТ томилсноор хэсэг бүлэг завшигчдыг өөр хэсэг бүлэг завшигчдаар солихыг л үзүүлж байна

-Засгийн газар санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэж чадаж байгаа юу-

Твиттерчдийн дунд өрнүүлдэг SpaceTalk ярилцлагын энэ удаагийн дугаарт Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээрх олон улсын зөвлөх Д.Тэгшбаяртай “Засгийн газар санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэж чадаж байгаа юу” сэдвийн хүрээнд ярилцлаа.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ:

Х.НЯМБААТАР ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХДАА ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖИХ ЗААЛТАД ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ГЭЖ ЗААСНААС БОЛЖ...

-Мөнгө угаах гэмт хэрэг манай улсад тийм түгээмэл биш үү?
-Яалаа гэж. Мөнгө угаах бол дагалдах гэмт хэрэг бөгөөд үндсэн гэмт хэргийг дагаж заавал үйлдэгддэг гэж үздэг. Манай улсад хамгийн их тохиолддог хоёр гэмт хэрэгт авлига буюу албан тушаалаа ашиглах, байгаль орчинтой холбоотой гэмт хэргүүд гэж үздэг. Нэгэнт ашиг сонирхлын зөрчил, авлига их байгаа бол тэр мөнгийг зах зээлд оруулан эргэлдүүлж, цэвэр болгож харагдуулах нь зүй. Тэгэхээр мөнгө угаах гэмт хэрэг бага гэж хэлэх ямар ч боломжгүй.

-Санхүүгийн гэмт хэрэг гэж юуг хэлэх вэ? Манай улсад хэр их гардаг вэ?
-Бусдын эд хөрөнгө, мөнгийг хууль бус аргаар өөрийнхөө эзэмшил өмчлөлд авах гэмт үйлдлийг санхүүгийн гэмт хэрэг гэдэг. Санхүүгийн гэмт хэрэг хэмээн тодорхойлж, түүнийг зохицуулах шалтгаан нь хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд бусдаас хөрөнгө татаж төвлөрүүлчихээд, түүнийгээ буруу ашиглаад байсан, мөн манайх шиг жижиг оронд улс төрийн албан хаагч, төрийн албан тушаалтан авлига авч өгөх асуудал их байсан тул үүнийг зохицуулах байв. Орчин цагт авилга, ашиг сонирхол, мөнгө угаах, үндэслэлгүй хөрөнгөжих, хувьцаат компанийн мэдээлэл дээр манипуляци хийх, дата зарах, аж үйлдвэрийн тагнуулчлал гэх асуудлууд санхүүгийн гэмт хэрэгт багтаж байна. Манай улсын хувьд хууль тогтоомжид одоогоор “Санхүүгийн гэмт хэрэг” гэх тодорхойлолт байхгүй. Бид ФАТФ-ын шаардлагаар хуулиудад өөрчлөлт оруулах шинэлэг алхмуудыг хийж л байна. Эрүүгийн хууль, Авилгатай тэмцэх хууль, Нийтийн албаны сонирхлын зөрчлийг зохицуулах хууль гээд хууль хуулиндаа энэ гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх талаарх зохицуулалтыг тусгаж ирсэн.

-“Төрийн албан хаагчид, дарга нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдгийгээ батлах ёстой” гэж Ерөнхий сайд өнгөрөгч хавар мэдээлсэн. Манай улсын Авилгын эсрэг тухай хуулинд ч энэ заалт бий. Яг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг үндэслэлээр төрийн албан хаагчид ял шийтгэлийг авсан уу?
-Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг асуудал хуулинд өмнө нь ч байсан, одоо ч байгаа. Гэхдээ өмнө нь энэ заалтыг хэзээ ч ашиглагдаж байгаагүй. “1990 оноос хойш Монгол Улсад мөнгө угаах гэдэг гэмт хэргээр нийтдээ гурван хүн шалгагдсан” гэж 2017 онд ФАТФ-аас тайлан гаргахад дурьдсан. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг ялынх нь заалт байсан атал нэг ч хүн энэ заалтаар шалгагдаж байгаагүй. 2022 онд нийт долоон хүн шалгагдаж, эдгээрээс гурав нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн.

Харин 2023 онд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг зүйл ангиар шалгагдаж байгаа хүмүүсийн тоо өссөн байна. Шалтгаан нь ЖДҮ, нүүрсний хэрэгтэй холбоотой 23 хүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн байна.

Ингээд АТГ-аас шалгаад хэргийг прокурор руу яллах дүгнэлттэйгээр шилжүүлжээ. Үүнээс цааш хэрхэн шийдвэрлэгдэх нь прокурорын байгууллага, шүүхийн хараат бус үйл ажиллагаанаас хамаарах байх. Одоогоор шүүхээр шийдэгдсэн нь алга. Гэхдээ үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн дагалдах гэмт хэргийн ялыг практикт хэрэгжүүлэх боломж байхгүй.

-Яагаад?
-Засгийн газрын Авилгатай тэмцэх бодлогын хүрээнд “Яаралтай шийднэ” гэсэн тодорхойлолттойгоор 2022 оны арванхоёрдугаар сард Хууль зүйн сайд асан Х.Нямбаатар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан. Ингээд УИХ-аар хэлэлцүүлж, үндсэндээ 48 цагийн дотор батлагдсан. Энд иргэдээс огт санал аваагүй, дагалдах ямар ч судалгаа байгаагүй. Гол агуулга нь хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой, их хэмжээний авилга бага дүнтэй авилгатай /мөнгөн дүн/ холбоотой зарим зүйл заалтыг оруулж ирсэн. Энэ өөрчлөлтийг хийхдээ Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг зүйл заалтад “Өөрийн хөрөнгөөр” гээд биччихсний зөвхөн "өөрийн" гэдэг үгийг нь аваад хаячихсан юм. Тэгээд "Нийтийн албан тушаалтан үндэслэлгүйгээр хөрөнгөжих" гэсэн томъёололтой болохоор өнөөдөр өндөр албан тушаалтны өрхийн орлого нэмэгдсэн ч бусдад нь хамааруулж ялын бодлогыг хэрэгжүүлэх боломжгүй болсон.

-Тийм жишээнүүд бий юу?
-Жишээ татъя. 2021 оны арванхоёрдугаар сард Транперэнси Интернэйшнл байгууллагаас 1200 иргэнээс асуулга авсан. Эдгээр иргэдийн 96 хувь нь төрийн албан хаагч авилга ашиг сонирхлын зөрчил гаргасан бол хөрөнгөө өөрийн нэр дээр хэзээ ч хадгалахгүй байна гэж хэлсэн.

Яагаад гэвэл АТГ-аас хянаж байгаа хөрөнгө орлогын мэдүүлэгт эхнэр, хүүхдийнх нь хэрэглээ өндөр байсан ч түүнийг тогтоох аргагүй.

Улс төрд нөлөө бүхий этгээд хил даван зугатсан бол барьж аваад шалгаад явъя гэхээр хөөн хэлэлцэх хугацаа нь бодит байдалд хэрэгжихээргүй ийм хуулийн заалтыг оруулсан. Энэ мэт заалтууд бүхий төслийг цаашид 48 цагийн хугацаанд боловсруулж, батлаад байвал цаашид хууль хэрэгжиж ахиц гарна гэж харахгүй байна.

Энэ хүмүүсийн хамгийн том алдаа нь хуульдаа өөрчлөлт оруулахдаа хангалттай судалгаа хийдэггүй, эсвэл хийлгэхдээ би чадначуудаар хийлгэдэг, зөвлөгөөгөө бараг л “таксины жолоочоос” авдаг учраас хэзээ ч алсаа харж чадахгүй байна.

ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫН МӨНГӨН ГҮЙЛГЭЭГ ТАТВАРЫН СИСТЕМД
ХОЛБОЖ БАЙЖ ҮР ДҮН ГАРНА

-Авилгатай тэмцэхэд ХАСХОМ гаргаснаар том ахиц гарсан. Одоо үүнийг дахин нэг шат яаж сайжруулах вэ?
-Бусад орон яаж хийдэг вэ гэвэл татварын системтэйгээ л холбодог. Мөнгөн гүйлгээг татварын системд холбох ёстой. Одоогоор 49600 орчим төрийн албан хаагч тэнд ХАСХОМ бөглөж байна. Энэ нь зүгээр үхмэл дата болчихсон. Эхнэр нь энд тэнд тансаглаад байдаг ч яаж ч чаддаггүй, ямар ч хууль зөрчөөгүй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны арванхоёрдугаар сард татварын системийг ХАСХОМ-тэй уялдуулна гэдгээ амласан. Гүйцэтгэл дээр Татварын ерөнхий газар, Сангийн яам нь хойрго ханддаг.

“Одоо л НӨАТ-аа цуглуулдаг болж байна, тэгж байхад нь холболт хийчих юм бол дарамт үүснэ” зэргээр тайлбар тавьдаг. Гэхдээ цаана нь гарч болох үр ашгаа бид харахгүй байна. Саарал эдийн засгаа хумих, иргэдийн боловсрол, зохион байгуулалт сайжрах гэх мэт олон эерэг нөлөө бий болно. Ингэж байж хэрэглээг нь хянаж, их хэрэглээнийх нь мөнгө хаанаас гараад байгааг тайлбарлуулдаг болно гэсэн үг.

-Татварын системийг ХАСХОМ-той холбох ажил тийм нүсэр ажил уу? Яагаад холбохгүй байгаа вэ? Хууль эрхзүйн орчин дутуу байна уу?
-Одоо бол программ дээр интерфейс хийх асуудал байна. Энэ нь юу вэ гэхээр ДАН болон ХУР системээ холбож чадахгүй байна шүү дээ. Бүх дата матч хийж байх ёстой. Тоогоо хүртэл буруу тэмдэглэж байна. Энэ бүх юмыг шинэчилнэ гэсэн үг. Гэтэл хэний алдаагаар ийм болчихов гэх асуулт гарна. 2010 оноос хойш хараад байхад 5 сая, 3 сая, 500 мянган ам доллараар төрийн байгууллагууд тус тусдаа дата сервэрээ өөрчлөөд л яваад байсан. Гэтэл өнөөдөр үр дүн нь зөрчихсөн. Манайд нэг асуудал байна зөвлөхүүд нь гэх үү, ажиллаж байгаа хүмүүс нь үү жижигхэн зах зээлтэй болохоор хоорондоо мэдээллээ солилцдоггүй.

-Яг энэ ажлыг аль төрийн байгууллага хариуцан хийх ёстой вэ?
-Сервэрийг холбох тухайд Татварын ерөнхий газар , Авилгатай тэмцэх газартай холбогдож ажиллах тухай л асуудал гэж харж байна.

ПРОКУРОР ГОЛОГДОЖ БАЙНА

-Ногоон автобусны хэрэг шалгагдаж байна. Үүнтэй адил хэдэн арван тэрбумын томоохон авилгын хэргүүд хаа нэг газар очоод гацчихдаг сүртэй эхэлдэг. Томоохон хэргүүд хаанаа гацаад байдаг вэ?
-АТГ, хуулийн байгууллагууд байгаа хууль тогтоомжийнхоо хүрээнд нотлох баримт бүх зүйлээ бүрдүүлээд яллах саналаа л прокурорт илгээнэ. Прокуророос боогдож очиж байгаа хэрэг шүүх дээр очоод шаардлага хангаж байгаа юу?

Үнэнийг нь хэлье, прокуророос очиж байгаа хэргүүд анхан шатны шүүх ч хүлээж авах боломжгүй. Бараг нийт аваачиж байгаа хэргийн 30-аад хувь нь анхан шатны хэлэлцүүлэг хийх боломжгүй байдалтай.

Том зургаар нь харахад манай улс бодлогын хувьд зөв явж байна. Манай төрийн том худалдан авалт дээр авилгын цөм хэсэг байгаа. Бодлогын хувьд зөв тодорхойлсон байгаа хэрнээ амьдрал дээр хэрэгжүүлж чадахгүй байна. Энэ бүхэн хаанаа гацаад байгааг баримттайгаар судалсан судалгаа алга. Прокурор дээр очоод л бүх юм хаалттай, ялангуяа авилгын гэмт хэрэг.

-Прокуроос очиж байгаа хэргүүд шаардлага хангахгүй байгаагийн учир шалтгаан юу вэ?
-Судалгаа байхгүйтэй холбоотой. Гадны улс орнуудын хуулийг хэчнээн хуулаад ч, туршлага судлаад ч нэмэргүй. Монгол тэс өөр. Прокуророос боогдож ирж байгаа хэргийн 27 хувь буцаагдаж байгаа гэдэг нь шүүхээс авсан мэдээлэл. Энэ тохиолдолд прокурорын чадавхийн асуудлыг зайлшгүй ярих ёстой.

Бичгийн соёл буюу хуулиа бариад хэрэгжүүлэх хамгийн энгийн чадвар нь гологдож эхэлсэн. Чадавхгүй байна, шүүхэд гологдож байна. Шүүх бол иргэдийн эцсийн найдвар аргаа бараад ханддаг. Арай дөнгүүр хүмүүс нь тэнд байгаа. Тэр хүмүүст гологдож байна.

-Авилгын хэргийг өршөөхгүй, магадлангаар суллахгүй гэсэн шинэ хуулийн зохицуулалтын тухай ярьж байна. Ерөнхий сайд хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.Энэ хуулийн өөрчлөлт ахиад хэрэгжих боломжгүй гар хөлгүй дээрхи шиг болох юм биш биз дээ?
-Надад одоогоор мэдээлэл дутуу байна. Процессийн алдаа гарч байна гэж харсан. Монгол Улсын хуулиар ганцхан нөхцөлд яаралтай горимоор хууль хэлэлцдэг. Тэр нь эдийн засгийн аюулгүй байдал ноцтой нөхцөлд байгаа тохиолдолд яаралтай горимоор хэлэлцдэг. Бусад тохиолдолд ном журмаараа явна. Одоогийн хуулийн үр нөлөөллийн үнэлгээ хэрэгжилтийг судалсан байх ёстой. Судалгаа нь одоогийн байдлаар гараагүй байна гэж харсан. Гэхдээ концепцийн хувьд маш зөв. Олон улсын байгууллагууд ялын бодлого дээр сануулдаг. Бид судалгаа нотолгоотой зүйлд л итгэмээр байна.

-Засгийн газар Авилгатай тэмцэж чадаж байгаа юу?
-Тийм, үгүй, үгүй. Одоогийн Засгийн газрын авилгатай тэмцэх арга хэмжээ бодлогын хувьд, хэрэгжүүлэх аргын хувьд ямар байна, хэрэгжилт, үр дүн нь ямар вэ гэж хармаар байна. Манай Монгол Улсын авилгын гол цөм нь улс төрийн намуудын санхүүжилт, эдийн засгийн гол цөм нь тендэр, ханган нийлүүлэлт, худалдан авалт дээр байгаа. Төрийн өмчит компани бол төрийн байгууллага. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний хувьд энэ цөмийг олсон нь БОДЛОГЫН хувьд ЗӨВ. Тэгвэл хэрэгжүүлэх арга талаас харвал БЭТ томиллоо.

Энэ нь БНМАУ-ын үеийн 1992 оны хуулиар явж байгаа. Үндсэн хууль батлахаас ч өмнөх хуулийн зохицуулалт. Худалдан авалт, ханган нийлүүлэлтийг цэвэрлэх бодлоготой байсан бол одоо яаж байна гэхээр хэсэг бүлэг ЗАВШИГЧДЫГ өөр хэсэг бүлэг ЗАВШИГЧДААР солих арга хэмжээ акц боллоо. Аргачлалын хувьд хамгийн буруу боллоо. Ямар ч ахиц байхгүй.

За тэгвэл хэрэгжилт нь ямар байна вэ? Жишээ татъя. Эрдэнэс Таван толгой. Борлуулалт, олборлолт өслөө. Орлого нэмэх ямар ч үйл ажиллагаа хийгдээгүй. Өмнө нь хийгдсэн байсан 104 ширхэг, 4 багц оффтейк гэрээ хэрэгжсэн. Тоног төхөөрөмжөө солиогүй, ажилчдынхаа цалинг нэмсэн, шинээр ажилтан авсан, үйлдвэрчний эвлэлтэйгээ зөвшилцсөн. Техник технологи IT талаас нь ярья. Хяналтыг процессийн хувьд бий болгож чадаагүй. Одоо тэнд Сангийн яамны удирдлагын дор л ажилладаг. Өндөр цалинтай, том дарга нартай.

“Өмнөх захирал Б.Ганхуягтай салхин доогуур нь гарсан бол муу хүн, Ганбат даргатай инээж байвал сайн хүн” гэсэн ойлголтоор авилгатай тэмцэхгүй л дээ. Ингээд үр дүн гэдэг хэсэг рүү орьё. Харамсалтай нь авилгын индексээ хараад хэчнээн “хиам идээд” ч хөөрхөн гэж хэлж чадахгүй байна.

-Авилгын хэрэг төдийлөн өмнө нь нийтлэг олон нийтэд гарч байгаагүй. Магадгүй бид илүү их ярьж эхэлсэн нь сайн үзүүлэлт биш үү?
-Яг зөв. Бодлого зөв гэдэг нь үүнийг хэлээд байгаа юм. Авилгын цөм рүү орохдоо “Энэ бүхэн нь авилгын төсөөллийн индексийг нэмэхгүй” гэдгийг мэдэж байсан. Гэсэн ч энэ цөм рүүгээ орсон, тууштай явж байгаа нь ховор сайн үзүүлэлт. Дээрээ манлайлал гаргасан ч хэрэгжилт дээрээ ирээд будилаан болчихлоо.

Асуудал нь Ерөнхий сайд дээр ороод муу мэдээ ердөө дуулгадаггүй. “Ертөнц гоё эргэж байна” л гэдэг. Энэ бол муу менежерийн ажил. Хэрэгжилт дээр үр дүн гарахгүй, гаднаас мэдээлэл авахгүй, хөндлөнгийн судалгаа хийлгэхгүй, тоо мэдээ дүн шинжилгээ хийхгүйгээр яг энэ байдлаар гацах юм бол цаашдаа ямар ч үр дүн гарахгүйг ахиад хэлье.

-Компаниуд төртэй холбогддог энэ холбоо манай улсад ямар байдаг бол? Компани болон төрийн авилгалын холбоос манай улсад хэр бат бэх байна вэ?
-Ковидын үеэр компаниудын тоо мэдээллүүдийг харж байсан. Яг төрөөс үйл ажиллагаа, худалдан авалт, тендэр авч байгаа компаниуд нь амьд үлдсэн. Тэгж чадаагүйнүүд нь ер нь дампуурсан. 29-31 мянга орчим компаниуд үүдээ барьсан гэдэг тоо харсан. Гэхдээ энэ нь ганц манай улсад байдаг юм биш. Бүх л улсад байгаа.

-Баярлалаа.

SpaceTalk №1: "Мөрдөн шалгах ажиллагаа нууц байх ёстой юу, үгүй юу"

SpaceTalk №3: "НӨАТ буцаалтыг 5% хувь болгох нь ... гэж бодож байна"

Скүүтер, дугуйн хэрэглээг хязгаарлах шаардлагатай гэв
Скүүтер, дугуйн хэрэглээг хязгаарлах шаардлагатай гэв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.