Анх 2022 оны нэдүгээр сард Microsoft компани компьютер тоглоомын салбарын томоохон тоглогч болох Activision Blizzard King компанийг худалдан авах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ зарласнаас хойш багагүй хугацаа өнгөрчээ.
Гэвч энэ худалдан авалт буюу хоёр компанийн нэгдэлд АНУ-ын Холбооны худалдааны комисс болон Их Британийн монополийн эсрэг албанаас хориг тавьж, шүүхээр маргаан үүсгээд байсан ч ийнхүү эцэст нь худалдан авалт хийгдэхээр болсон байна. Ингэснээр Microsoft компани Call of Duty, Fallout, Overwatch, WarCraft, Diablo, Candy Crush гэх зэрэг олон алдартай тоглоомуудыг албан ёсоор эзэмших эрхтэй боллоо.
Энэхүү худалдан авалтыг харуулсан трэйлэр бичлэг хүртэл онлайн орчинд тавигдсан байна. Уг бичлэгт Microsoft-ын өмнөх амжилттай худалдан авалтууд болох Halo, Fallout тоглоомуудаас гадна Activision Blizzard компанийн алдартай тоглоомуудын бичлэгээс оруулжээ.
Microsoft Gaming компанийн гүйцэтгэх захирал Фил Спенсер:
-Найзуудтайгаар хамт шөнөжин Diablo IV-ийн үеүүдийг давах гэж нойргүй хонож байсан, гэр бүлийнхэнтэйгээ тойрч суугаад Guitar Hero дээр хэн нь илүү оноо авахаа үзэж байсан, Candy Crush дээр олон үе угсруулж давах гэж хичээж байсан гээд хамаг л дурсамжтай компьютер тоглоомын дурсамж маань энэ компанитай холбоотой. Тиймээс энэхүү домогт тоглоом бүтээгчдийг Xbox-т хүлээн авч байгаа нь гайхалтай хэрэг” гэж компанийн нэгдэлтэй холбоотой хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм.
Бэлэн мөнгөөр хийсэн энэ томоохон худалдан авалтыг амжилттай болгосноор Microsoft компани Tencent болон Sony компаниудын дараах хамгийн их орлоготой тоглоом бүтээгч компани болов.
Тус компани 2016 онд LinkedIn-ийг худалдан авсан нь хамгийн сүүлд хийсэн том худалдан авалт байв. Одоогоор 30 гаруй тоглоом хөгжүүлэлтийн студийг эзэмшиж байгаагийн дотор 2021 онд 7,6 тэрбум ам.доллараар худалдан авсан Bethesda group багтаж байна.
Activision Blizzard компани нь нийт 9 студийн 8500 гаруй ажилтантайн дээр зөвхөн King mobile gaming хэлтэс нь дэлхийн арав гаруй оронд салбаруудтай юм.
Анх худалдан авалтын төлөвлөгөөгөө танилцуулж байхдаа Microsoft компани Activision Blizzard-ийн тоглоомуудыг Game Pass үйлчилгээндээ хамруулна гэж мэдэгдэж байсан ч бодит байдал дээр энэ ажил 2024 он хүртэл лав хэрэгжихгүй нь тодорхой харагдаж байна.
АНУ-ын FTC болон Их Британийн монополийн эсрэг алба энэ худалдан авалтыг эсэргүүцсэн гол шалтгаан нь тоглоом бүтээгчдийн зах зээл дээр нэг компани хэт давамгай байдал үүсгэнэ гэсэн болгоомжлолоос үүдэлтэй.
Харин Microsoft-ын зүгээс энэ маргаантай асуудлыг зохицуулахын тулд өөрийн тоглоомуудыг өрсөлдөгч платформууд болох GeForce Now, шууд өрсөлдөгч Ubisoft-ын платформууд дээр байрлуулахыг зөвшөөрсөн билээ.
Монополийн эсрэг байгууллагуудын шаардлагыг биелүүлэхийн тулд өгсөн тэдний дараах амлалт нь Activision-оос худалдан авсан тоглоомуудаа амжилт муутай байсан ч хамаагүй зөвхөн Windows, Xbox дээр л байршуулах амлалт юм.
Activision Blizzard-ийг худалдан авалтыг аман дээрээ эсэргүүцэж байсан ч Call of Duty тоглоомын шинэ анги бүрийг PlayStation дээр 10 жилийн турш байрлуулах тохиролцоог Sony корпораци байгуулснаас үзэхэд Microsoft цаашид тоглоомуудаа зөвхөн өөрийн платформ дээрээ байрлуулж тоглуулна гэдэгт хүмүүс төдийлөн итгэлгүй байна.
Microsoft анх Bethesda-г худалдан авч байхдаа үүнтэй ижил амлалт өгч байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр амлалтаасаа буцах магадлалтай гэдгийг болж өнгөрсөн үйл явдлууд хангалттай харуулсан юм.
Activision Blizzard компанийн ерөнхий захирал Бобби Котик нийт ажилтнууддаа илгээж, компанийн вэб хуудаснаа нээлттэй нийтэлсэн цахим шуудандаа “Фил Спенсер намайг Activision Blizzard King-т захирлаар үлдэхийг санал болгосон тул би ямартай ч 2023 оныг дуустал албан тушаалаа үргэлжлүүлэн хаших болно” гэсэн байна.
Угтаа бол түүнийг 33 жил удирдсан компаниа бусдад худалдагдсаны дараа албан тушаалаа шууд хүлээлгэн өгөх байх гэсэн хүлээлт үүсээд байсан билээ. Худалдан авалт амжилттай явагдсанаар Боббигийн хувьд ажлаа үргэлжлүүлэх, эс үргэлжлүүлэхээс үл хамааран, 375 сая ам.долларын урамшуулал хүртэх нь тодорхой болоод байгаа юм.
Эх сурвалж: arstechnica.com