/2023.10.16/ Хууль зүйн сайд Б.Энхбаяр МАН-ын бүлгээс санаачилж, Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хуулийн зарим өөрчлөлтөд тайлбар өглөө.
Тухайлбал, сүүлийн үед сошиалаар "Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан ХҮН-д хариуцлага тооцно гэснээр энэ заалтыг хэт өргөн хүрээнд хэрэглэх шаардлагыг бий болгож, сэтгүүлчид болон иргэний мэдээлэл авах эрхийг боогдуулж байна" гэх тайлбарыг хэлэлцсэн. Тэгвэл энэ талаар сайд Б.Энхбаяр тайлбарлахдаа:
-Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан ХҮН гэх субъектэд иргэд болон сэтгүүлчид хамаардаггүй заалттай. Дээд шүүхийн тайлбараар Эрүүгийн хуульд заасан ХҮН гэх этгээд нь хэргийн оролцогч буюу "Орчуулагч, хэлмэрч, шинжээч, хөндлөнгийн гэрч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч зэрэг хүнийг тооцно". Эрүүгийн хууль бол шинжлэх ухаан. Тиймээс энэ заалтыг мэдээгүй, ойлгоогүй хүн байхыг үгүйсгэхгүй, буруутгахгүй.
Жишээлбэл, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж байхад үзлэг, нэгжлэг хийдэг. Энэ үед хөндлөнгийн 2-3 гэрчийг, орон байрны нэгжлэг дээр жишээ нь хөршүүдийг нь байлцуулдаг. Ингээд тухайн гэрчүүдэд нэгжлэгийн үеэр хийсэн бүх тэмдэглэгээг тайлбарлаж, гарын үсэг зуруулдаг. Хэрэв гэрчгүйгээр нэгжлэг хийсэн бол энэ нь хууль бус үйл ажиллагаа болж, цуглуулсан нотлох баримт нь шүүх дээр нотлох баримтаар тооцогдохгүй.
Манай улсад гадаадын иргэний гэрт хөндлөнгийн гэрчгүйгээр нэгжлэг хийх явцдаа хар тамхийг зориудаар байршуулж, улмаар тухайн иргэнийг Монгол Улсаас албадан хөөж гаргаад, хөрөнгийг нь дээрэмдсэн явдал гарсан талаар яригддаг. Энэ юу хэлж байна гэхээр, тухайн нотлох баримтын шинж чанарыг хадгалахын тулд заавал хөндлөнгийн гэрч байх ёстой шүү гэдгийг илэрхийлж буй юм.
Эрүүгийн хуулийн Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсныг гэмт хэрэгт тооцох энэ заалт 100 жилийн өмнө ч байсан, цаашид ч байна гэлээ.
ДЭЭД ШҮҮХ: ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ТАЙЛБАР
Улсын Дээд шүүхээс Эрүүгийн хуулийн тайлбарыг хэрхэн гаргасныг хүргэж байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар процессын ажиллагаанд оролцох явцдаа мэдсэн, илэрхий болсон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын мэдээ, баримтыг оролцогчид задрцуулахгүй байх үүрэг хүлээнэ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хэрэг бүргэлт, мөрдөн байцаалтын баримтыг гагцхүү прокурорын зөвшөөрлөөр нийтэд мэдээлэх журмыг тогтоож, түүний хэмжээ хязгаарыг хуульчилсан байна.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын бусдад мэдээлэхийг хориглосон эрүүгийн гэмт хэргийн холбогдолтой мэдээ, баримтыг задруулсан нөхцөлд гэмт хэрэгт тооцно.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материал (мэдээ, баримт) гэдгийг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, нэгжлэг, бусад үзлэг, туршилтаар тогтоогдсон зүйл, шинжээчийн дүгнэлт, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад дуудагдсан хүний тухай болон бусад бүхий л байдлуудыг хамааруулан ойлгоно.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцыг хууль бусаар задруулах нь албаны болон иргэний үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүс, эрх зүйн сонирхолд ноцтой хохирол учруулдаг.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын мэдээ баримтыг задруулахгүй байх нь хууль зүйн хувьд хэргийн бодит үнэнийг тогтооход ач холбогдолтойн зэрэгцээ хэргийг шалгах явцад төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл хэрэгт авагдсан байдагт мөн чанар нь оршино.