Таны сонголт “Мөрийтэй тоглоом“ байх ёсгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Таны сонголт “Мөрийтэй тоглоом“ байх ёсгүй

/2023.10.12/: Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын алба хаагчид өчигдөр буюу 2023 оны аравдугаар сарын 11-ний өдөр цахим орчинд “Рокerrrr2” гэх нэртэй аппликешн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан "А" нарын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн.

Гэмт этгээдүүд нь poker буюу мөрийтэй тоглоомын аппликешин, сайт нээж, хэд хэдэн акаунтаар нэг тоглогчтой бооцоот тоглоом зохион байгуулж байна.

Өөрөөр хэлбэл цахим тоглоомын өрөө /ширээ/-нд 8 иргэнийг нэг группт оруулж, үнэндээ 8 иргэний олонх нь зохион байгуулагч этгээдүүд өөрсдөө олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан хуурамч акаунтууд зэрэг нээж, тоглож байдаг. Үүнийг сонирхогч иргэнд олон тоглогчтой мэт сэтгэгдэл төрүүлэн мөнгө хожих боломжийг хязгаарладаг. Өөрөөр хэлбэл та 7 хүнтэй ганцаараа тоглож байна, нөгөө талд бүх хөзрийг харж байдаг.

Мөрийтэй тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдах цаашилбал өрөнд орж, сэтгэл санаагаар унаж, амиа хорлох, улмаар гэр бүл салах, хэвийн амьдрах бүх боломжоо алдах хор уршиг дагуулж байгаа нь энэ төрлийн гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлөөс харагдаж байна.

Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа нэгэн төрлийн арга гэдгийг та бүхэн анхаарах хэрэгтэй.

Иймд цахим мөрийтэй тоглоомд мөнгө төгрөг, эд хөрөнгө, амьдрал, цаг хугацаа, гэр бүлээ алдаж байгааг ойлгон ухамсарлаж, энэ төрлийн хууль бус үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эрх зүйн зарим зохицуулалт:

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”,

Мөн хуулийн 2 дахь хэсэгт “Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасны дагуу дээрх хууль бус үйлдлийг зохион байгуулсан иргэн, аж ахуй нэгж байгууллагад хүлээлгэх хуулийн хариуцлагыг тодорхой заасан байна.

Мөн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн Тавдугаар бүлэг 5.7 /Мөрийтэй тоглоом тоглох/ дугаар зүйлд “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан хуулийн зохицуулалттай байна.

Эх сурвалж: ЦЕГ

“Хий үнэртэж байна“ гэх асуудлаар ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
“Хий үнэртэж байна“ гэх асуудлаар ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.