Израйлийн Iron Dome пуужингаас хамгаалах системийн талаар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Израйлийн Iron Dome пуужингаас хамгаалах системийн талаар

/2023.10.09/: Өнгөрсөн амралтын өдрүүдээр Палестины зэвсэгт дайчид Гаазын зурвас орчмоос 3000 гаруй пуужинг Израйль руу харваж, үүний хариуд Израйлийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху дайн зарлаж байгаагаа мэдэгдсэн билээ.

Хамас бүлэглэл ийнхүү асар олон пуужингаар довтолсон ч Iron Dome пуужингийн довтолгооноос хамгаалах системийн ачаар ихэнх нь агаарт устгагджээ. Израйлийн батлан хамгаалах яамнаас уг системийг 90 хувийн оновчтойгоор пуужинг агаарт устгадаг гэж мэдэгдээд байв.

  1. Iron Dome-ийг яагаад бүтээсэн бэ?

Гаазын зурвас болон Израйльтай хиллэдэг Ливан улсын Хезболла бүлэглэл үе үе тус улсын нутаг дэвсгэр рүү ойрын тусгалт пуужин, миномётоор харвадаг тул энэ довтолгооноос хамгаалах зорилгоор уг системийг бүтээжээ. Iron Dome систем 2011 онд Гаазын зурвасаас Израйлийн Ашкелон хот руу харвасан Град пуужинг амдан устгасан нь систем амжилттай ажилласан анхны тохиолдол байв. Үүнээс хойш Iron Dome олон мянган пуужинг амдан устгасан түүхтэй.

  1. Хэрхэн ажилладаг вэ?

Iron Dome системийн өндөр нарийвчлалтай мэдрэгч нь 4 – 70 километрийн зайнаас харвасан пуужинг илрүүлж, траектори буюу туулах замыг нь тооцоолон, онох байг тодорхойлдог. Удирдлагын төв нь дээрх мэдээлэл дээр үндэслэн, пуужин харвах төхөөрөмжид амдан устгагч пуужин хөөргөх команд өгч, дайсны пуужинг агаарт нь амдан устгадаг онцлогтой. Ингэхдээ зөвхөн энгийн иргэд олноор суурьшсан, суурин газрууд руу чиглэсэн пуужингуудыг онилж устгадаг бөгөөд хүнгүй газар тусах пуужинг амдан устгаж, сумаа хий гарздахгүй байх зохион байгуулалттай. Ингэснээр тэд олон зуун пуужин нэгэн харвах үед амдан устгах сумны нөөцөө гамнадаг аж. Израйлийн үндэсний аюулгүй байдлын хүрээлэнгийн мэргэжилтний хэлснээр Iron Dome системийн нэг амдан устгагч пуужин нь 40000-50000 ам.долларын үнэтэй гэнэ.

What Is Israel's Iron Dome Anti-Rocket System?: QuickTake - Bloomberg

Iron Dome системийн батарей буюу цогц нэгжүүд нь хөдөлгөөнт төхөөрөмжид суурилсан байдаг ба Израйлийн нутаг даяар 10 гаруй ийм нэгжийг тараан байршуулсан байдаг. Уг системийг анх Израйлийн Rafael Advanced Defense Systems компани бүтээж байсан бол АНУ-ын батлан хамгаалахын Raytheon Technologies корпораци 2014 оноос хойш хамтран үйлдвэрлэх болжээ. Raytheon-ий өгч байгаа мэдээллээс үзвэл нэг батарей нь 3-4 пуужин харвагчтай, хүн амын суурьшил бүхий 155 км. квадрат газар нутгийг хамгаалах зориулалттай юм. Цаг уурын ямар ч нөхцөл байдалд хэвийн ажилладаг давуу талтай.

  1. Хэн санхүүжүүлдэг вэ?

Iron Dome анх гадны ямар нэг улсын дэмжлэггүй бүтээгдсэн ч 2011 оноос эхлээд Израйлийн нягт холбоотон АНУ энэ системийг санхүүжүүлж эхэлжээ. АНУ санхүүжилт олгож эхэлснээр Конгрессоос технологи дундаа ашиглах, хамтран үйлдвэрлэх шаардлага тавих болж, улмаар Raytheon корпораци энэ үйл ажиллагаанд оролцож, амдан устгагч пуужинг бүтээх ажлыг хариуцан авсан байна. Одоогоор Iron Dome системийн батарейнуудыг заримыг нь АНУ-д үйлдвэрлэж, үүнийгээ Израйльд үзүүлэх зэвсгийн тусламжийн хүрээнд нийлүүлдэг ажээ. Ташрамд дурдахад, хоёр улс батлан хамгаалахын салбарт 2019-2028 оны хооронд 38 тэрбум ам.долларын зэвсгийн тусламж үзүүлэх тохиролцоотой юм.

  1. Iron Dome систем амжилттай ажиллаж байгаагийн цаана

Систем ашиглалтад орсон цагаасаа хойш олон олон Израйльчуудыг амиа алдах, гэмтэж шархдахаас хамгаалж ирсэн. Энэ нь тодорхой үр дагавруудыг араасаа дагуулсан гэж үздэг бөгөөд сайн тал нь гэвэл болзошгүй пуужингийн довтолгооны үед Израйлийн эрх баригчид пуужингийн довтолгооны хариуг хаана, хэзээ өгөх талаар мэдээлэл, цаг хугацааны давуу тал олж авдаг бол нөгөө талаар энэ системийн амжилттай ажиллагаа нь батлан хамгаалахын салбарынхан Iron Dome-д хэт их найдаж, олон жилийн турш сөргөлдөж ирсэн Палестины асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдэлгүйгээр зөнд нь хаяхад хүргэдэг гэж мэргэжилтнүүд үздэг ажээ.

Эх сурвалж: bloomberg

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газа-Израилийн асуудлаар санал нэгдэж чадсангүй
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газа-Израилийн асуудлаар санал нэгдэж чадсангүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.