“Эмэгтэйчүүдийн салбарын тусламж үйлчилгээ” эрдэм шинжилгээний хурал боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эмэгтэйчүүдийн салбарын тусламж үйлчилгээ” эрдэм шинжилгээний хурал боллоо

/2023.09.28/: “Өргөө” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн 95 жил, Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн 90 жилийн ойд зориулсан “Эмэгтэйчүүдийн салбарын тусламж үйлчилгээ”сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.



Эрдэм шинжилгээний хуралд Австрали , ОХУ, Франц, Тайванийн эмч мэргэжилтнүүд, АШУҮИС, “Амгалан”, “Хүрээ” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, RMC- үр шилжүүлэн суулгах үндэсний төв, CLWH hospital, Хавдар судлалын үндэсний төв, ЭНЭҮТ-II зэрэг Монголын эх барих эмэгтэйчүүдийн томоохон эмнэлгүүдийн эмч эрдэмтэн судлаач өргөн бүрэлдэхүүнтэй оролцож эрдэм шинжилгээ судалгааны ажлаасаа танилцуулж, цаашдын хөгжил дэвшлээ тодорхойлж, туршлагаа хуваалцлаа.



Монгол Улсад эмэгтэйчүүдийн салбарын түүх 1933 онд Төв больницын Мэс заслын тасагт 10 ортой Эмэгтэйчүүдийн тасгийг анх нээснээр эхэлдэг.

1962 онд Эмэгтэйчүүдийн тасгаас Эмэгтэйчүүдийн хавдар судлалын тасаг байгуулагдсан.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 1990 оноос эхлэн бусад эмнэлэг, аймгуудад эмэгтэйчүүдийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай тасгууд байгуулсан.



Эмэгтэйчүүдийн тасгийг түшиглэн үе үеийн ахмад гавьяат эмч нарын удирдлаганд хот, хөдөөгийн олон эмч нар дагалдан суралцаж, мэс заслын чадвараа дээшлүүлж иржээ. “Өргөө” амаржих газрын хувьд 2004 оноос Франц, Тайланд, Австрали, ОХУ, БНСУ зэрэг орнуудад эмч нараа илгээн дурангийн мэс засал, дотоод шүүрэл, үргүйдлийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшүүлсэн бөгөөд тэдгээр эмч нараас тав нь Франц улсад дурангийн мэс заслын чиглэлээр Европын Холбооны диплом хамгаалсан.

2011 онд тус эмнэлэгт түшиглэн Монголын Эмэгтэйчүүдийн мэс заслын дурангийн нийгэмлэгийн санаачлагаар ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Монголд анх удаа Дурангийн мэс заслын сургалтын төвийг нээж, өнөөдрийн байдлаар дурангийн мэс заслаар 68 эмч, гурван сувилагчийг бэлтгэж, дотоод шүүрлийн чиглэлээр сургалт зохион байгуулж байна.



Дурангийн анхны мэс заслыг 2009 онд хийсэн бол өдгөө нийт мэс заслын 70 хувь хөнөөл багатай аргаар хийж байгаа нь томоохон дэвшил гэдгийг эрдэм шинжилгээний хурлын үеэр онцлон танилцуулсан юм.

Цаашид өдрийн мэс заслыг өргөжүүлэх , хиймэл оюун ухаанд суурилсан хөнөөл багатай мэс засал, үр шилжүүлэн суулгах ажилбар зэрэг олон шинэ шинэ санаа санаачлагуудын эхлэл тавигдан ажиллаж байгаагаа “Өргөө” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмч мэргэжилтнүүд ярьсан.

Эх сурвалж: ЭМЯ

Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа
Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа
 
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.