/2023.09.25/: "1.4 тэрбум хүн амтай Хятадын бүх хүн ам байгаад ч орон даяарх хоосон орон сууцыг дүүргэхэд хүрэлцэхгүй" гэж тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл хямралд нэрвэгдсэн тухай нэгэн албаны хүн мэдэгдэв.
Нэгэн цагт эдийн засгийн тулгуур байсан Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар 2021 оноос хойш үл хөдлөх хөрөнгийн аварга China Evergrande групп өрийн үүргээ биелүүлээгүйгээс хойш уналтад орсон.
Country Garden Holdings зэрэг томоохон бүтээн байгуулагчид өнөөдрийг хүртэл дефолт руу ойртсон хэвээр байгаа нь орон сууц худалдан авагчдыг сэтгэл гутралд оруулсаар байна.
Үндэсний статистикийн товчооны (NBS) сүүлийн үеийн мэдээллээс харахад наймдугаар сарын эцсийн байдлаар зарагдаагүй орон сууцны нийт талбай 648 сая хавтгай дөрвөлжин метр болсон байна.
Энэ нь Ройтерс агентлагийн тооцоолсноор 90 мкв талбайтай байшингийн дундаж талбай дээр үндэслэн 7.2 сая байшинтай тэнцэх аж.
Энэ тооцоололд мөнгөний асуудлаас болж аль хэдийн зарагдсан боловч баригдаж дуусаагүй олон орон сууцны төсөл, эсвэл 2016 оны зах зээлийн сүүлийн өсөлтийн үеэр дамын наймаачдын худалдаж авсан олон орон сууцыг тооцоогүй бөгөөд эдгээр нь нийлээд ашиглагдаагүй байгаа ихэнх хэсгийг бүрдүүлж байна.
“Одоо хэчнээн орон сууц сул байна вэ? Мэргэжилтэн бүр энэ асуултад тэс өөр тоо хэлдэг бөгөөд хамгийн баримжаа авч болохуйц нь одоогийн хоосон орон сууцны тоог 3 тэрбум хүнд хангалттай гэж үздэг” гэж Статистикийн товчооны дэд дарга асан 81 настай Хэ Кенг хэлэв.
Хятадын өмнөд хэсэгт орших Дунгуан хотод болсон форумын үеэр тэрээр "Энэ тооцоо бага зэрэг их байж магадгүй, гэхдээ 1.4 тэрбум хүн үүнийг нөхөж чадахгүй байх магадлалтай" гэж Хятадын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн видео бичлэгт дурджээ.
Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч саяхан болсон хэвлэлийн бага хурал дээр "Хятадын эдийн засаг сүйрнэ гэж таамагласан янз бүрийн тайлбарууд хааяа гарч ирдэг ч сүйрсэн зүйл бол Хятадын эдийн засаг биш, ийм яриа нь өөрөө юм" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN