-www.mpress.mn сайт БНСУ-д ажиллаж байна-
/2023.9.13/ БНСУ-д 55 мянга гаруй монгол иргэн ажиллаж, сурч, амьдарч байна. Эдгээрийн 4000 гаруй нь хүүхэд.
Өнөөдөр БНСУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Үндэсний ассамблейд “БНСУ дахь гадаад иргэдийн хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн халамж ба тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь” хэлэлцүүлэг боллоо.
Энэ хэлэлцүүлгээр тус улсад амьдарч буй 4000 гаруй монгол хүүхдүүдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах болон сурч боловсрох эрхийн асуудлыг хөндсөн юм. Хэлэлцүүлэг УИХ-ын дарга Г.Занданшатарыг тус улсад айлчлах үеэр болж буй.
Энэ талаар тэрбээр:
-Хүний эрхийг хангах асуудал хоёр улсын парламент хоорондын гол сэдэв байсаар ирсэн. Ийм ч учир БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга Ким Ён Жү гадаад хүүхдүүдийн эрхийг хангах асуудлаарх тусдаа хороо байгуулж, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлж байна гэлээ.
БНСУ-д амьдарч байгаа монгол хүүхдүүдийн эрхийн асуудал нь гэр бүл нь хууль бусаар, эсвэл хууль ёсны дагуу ажиллаж, амьдарч байгаагаас ихээхэн шалтгаалдаг байна. Хэлэлцүүлэгт БНСУ-д ажилладаг Монгол сургуулийн хүмүүжлийн асуудал эрхэлсэн захирал Ким Ин Хён мэдээлэл өгсөн юм.
Тус сургуульд 300 гаруй хүүхэд суралцдаг. Сурагчдыг монголын боловсролын стандартаар сургаж, солонгос хэл заадаг. Гэвч тухайн сургуульд 12 жил сурч төгссөн хүүхдийн боловсролын гэрчилгээг БНСУ-д хүлээн зөвшөөрдөггүй ажээ. Тиймээс сургуулиа төгсөөд их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй болдог байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Энэ сургуулийг хоёр улсын Боловсролын яамнаас гэрчилгээг нь хүлээн зөвшөөрөх, багшлах боловсон хүчнээр хангах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүмүүсийн статусыг тодорхой болгох шаардлагатай байна. Тиймээс энэ асуудалд хоёр улсын парламент болон холбогдох байгууллагууд хамтран анхаарч ажиллахаар боллоо гэв.
Эрүүл мэндийн тухайд хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа иргэд өвдөж, гэмтсэн тохиолдолд баригдахаас айж, улмаар эмнэлэгээр үйлчлүүлэхээс татгалздаг ажээ.
Харамсалтай нь, зөвхөн томчууд ч биш, хүүхдүүд мөн эмнэлэгийн үйлчилгээ авах боломжгүй амьдарч байгаа талаар хэлэлцүүлгийн үеэр хөндсөн юм.