/2023.09.10/
Мароккод болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 2000 гаруй болж, мөн адил тооны хүн бэртэж гэмтсэн байна. Дотоод хэргийн яамны мэдээлснээр 1400 гаруй хүн хүнд шархадсан бөгөөд хамгийн их хохирол амссан нь Марракешээс өмнө зүгт орших мужуудад байна. Хаан Мохаммед VI гурван өдрийн үндэсний гашуудал зарлаж, амьд үлдсэн хүмүүст орон байр, хоол хүнс болон бусад тусламж үзүүлэхийг тушаажээ.
Олон хүмүүс хоёр дахь шөнийг гадаа өнгөрөөж байна.Баасан гарагийн шөнө Марракеш болон олон хотод 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Алслагдсан уулархаг газруудад бүхэл бүтэн тосгонууд тэгширсэн гэх мэдээлэл байна. Газар хөдлөлтийн голомт нь дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Марракеш хотоос баруун өмнө зүгт 71 км-ийн зайд орших Өндөр Атлас ууланд байсан бөгөөд жуулчдын дунд түгээмэл байдаг.Харин чичиргээ 350 км-ийн зайд орших нийслэл Рабат болон Касабланка, Агадир, Эссауира хотод ч мэдрэгдсэн байна.
Дотоод хэргийн яамны мэдээлснээр Аль Хаоуз муж хамгийн олон хүн нас барсан бол Тарудант муж удаалсан байна. ЮНЕСКО-гийн хамгаалалтад авсан хуучин хот ихээхэн хохирол амссан ч Марракешт нас барсан хүн хамаагүй бага байна.Уулын тосгонд олон энгийн шавар тоосго, чулуу, модон байшин нурсан гэж үзэж байгаа ч алслагдсан бүс нутгийн сүйрлийн цар хүрээг үнэлэхэд багагүй хугацаа шаардагдана. Тус улсад 1960 онд газар хөдлөлт болж 12 мянган хүн нас барж байжээ.
Эх сурвалж BBC