/2023.08.28/: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 21 дэх "Өглөөний уулзалт"-аа авто замын салбарын төлөөлөлтэй хийлээ.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд "Шинэ сэргэлтийн бодлого"-оо танилцуулж, авто замын чанар, насжилт цаашлаад энэ салбарт авлига их байна гэх шүүмжлэл байдаг. Салбартаа тулгамдаж буй асуудлуудад та бүхэн саналаа хэлээрэй. Салбар бүрийн төлөөллийн мэдээллийг сонсож, асуудлыг шийдэх нь өглөөний уулзалтын зорилго гэлээ.
"Эн Би Си Си" компанийн ерөнхий инженер С.Ганхуяг:
Би авто замын зөвлөлийн гишүүн. Манай зөвлөл энэ онд байгуулагдсан, 11 гишүүнтэй, авто замын орлого, зарцуулалтад хяналт тавьдаг байгууллага. Авто замын 23 сан Монгол Улсад байдаг, 8 эх үүсвэрээс орлогоо бүрдүүлдэг. Өнөөдөр зөвхөн төлбөр хураах цэгийн үйлчилгээний орлого л ил, бусдынх нь далд байдаг. Авто замын засвар, арчлалтад жил бүр 110 тэрбум төгрөг шаардлагатай байдаг ч улсын төсвөөс талыг нь баталж өгдөг.
Замын сангийн орлогыг ил тод болгочихвол энэ 110 тэрбум төгрөгийг бүрэн олох боломжтой.
"Хөвчийн зам" компанийн захирал Ч.Алтанзаяа:
Зам ашигласны хураамж манай улсад хамгийн бага. Дэлхийн хаана ч 1000-2000 төгрөгөөр зам ашиглахгүй. Төлбөр бага учраас арчлалт муу байна. Дараагийн асуудал газар чөлөөлүүлэхэд үнэхээр хүндрэлтэй байдаг. Хүн бүр амандаа орсон тоо хэлнэ, тохиролцож чадахгүйгээс ажил удааширна. Үүнийг нэг стандартад оруулж өгөх хэрэгтэй байна.
"Ай Си Ти Сайн консалтинг" компанийн захирал С.Очирбат:
Замын сан, арчлалтын асуудлыг улс төрөөс ангид байлгах ёстой. Улстөрчид авто зам ашиглалтад орууллаа гэдэг, маргаашнаас нь арчлалтыг хариуцах хүн байх ёстой. Ингэхийн тулд шатахууны онцгой албан татварыг замын санд төвлөрүүлж байж арчлалт сайжирна. Өмнө нь хуульд ингэж тусгасан ч Засгийн газар солигдоод өөрчилчихсөн. Энэ тогтолцоог өөрчлөхгүй бол асуудал, маргаан дуусахгүй.
"Эм Си Пи Жи Ар " компанийн захирал Б.Ананда:
Замын сангийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд авто зам ашигласны хураамжийг нэмэх хэрэгтэй. Олон улсад авто машины явсан км-ээр нь тооцож хураамж авдаг. Ийм жишиг рүү явбал замын сангийн хөрөнгө нэмэгдэж, тэр хэрээр арчлалт ч эрс сайжирна.
Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр авто замын арчлалт хийж байна. Авто замын менежментийн системийг бодитоор хэрэгжүүлдэг болвол эх үүсвэр, төсөв ч шийдэгдэнэ. Нийслэлд 4 газар зам ашигласны төлбөр хураах цэг цахимжсан ч төлөлт хойрго байна гэсэн. Тухайн иргэн автомашинаа оношлуулахад урьдчилан төлбөрийг нь аваад, дараа нь явсан км-ээр нь тооцдог байж болно.
Эх сурвалж: ЗГ