/2023.07.04/: 17 настай залууг буудан хөнөөсөн хэргээр шалгагдаж байгаа Францын цагдаагийн ажилтны гэр бүлийнхэнд хандивласан хандивын хэмжээ 1 сая еврогоос давсанаас болж маргаан дэгдээв.
Гэтэл долоо хоногийн өмнө Парисын ойролцоох Нантер хотод цагдаагийн гарт амиа алдсан хохирогч Нахел М-ийн ар гэрийнхэнд туслах хандивт 200 мянган евро хүрэхгүй мөнгө цугларчээ.
Өнгөрөгч мягмар гарагт болсон хүн амины хэрэг нь Франц даяар үймээн самуун, хүчирхийллийн давалгаа дэгдээж, улс төрийн гүн хуваагдлыг улам хурцатгасан юм.
Мягмар гарагт Парисын захын дүүрэгт өсвөр насны хүүхдийг буудсаны дараа Марсель хотод жагсагчид цагдаа нартай мөргөлджээ.
Хүүг хөнөөсөн Флориан М хэмээх 38 настай офицерт зориулсан хандивын аяныг Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, хэт барууны үзэл баримтлалтай Эрик Земмурын хэвлэлийн төлөөлөгч асан Жан Мессиха зохион байгуулж эхний ээлжинд өөрөө 50 мянган евро хандивласан байна.
Тэрбээр "Ажлаа хийснийхээ төлөө өнөөдөр маш их төлбөр төлж байгаа Нантерре хотын цагдаагийн ажилтан Флориан М-ийн гэр бүлд дэмжлэг үзүүлэв. Түүнийг бүгдээрээ дэмжиж, манай цагдаа нарыг ч дэмжээрэй” гэж бичжээ.
Даваа гарагийн үдээс хойш гэхэд 58,000 гаруй хүн хандив өргөсөн бөгөөд хамгийн том хандивлагч нь нэрээ нууцалсан нэгнээс илгээсэн 3,000 евро байжээ. Мөн 1000 еврогийн хэд хэдэн хандив байсан байна.
Нахелийн эмээ Надиа офицерт үзүүлсэн хандивын тоог сонсоод "зүрх нь эмтэрсэн" гэж хэлэв. “Тэр миний ач хүүгийн амийг авч одсон. Энэ хүн хүн бүрийн адил төлөөсөө төлөх ёстой. Би шүүхийн тогтолцоонд итгэлтэй байна. Би шударга ёсонд итгэдэг" гэж тэрээр ням гарагт BFM телевизийн сувагт ярьжээ.
Харин зүүний үзэлтэй улстөрчид тус хандивын санг “зүй зохисгүй” гэж тодорхойлсон байна.
Эх сурвалж: theguardian