Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

/2023.07.04/ Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо долоодугаар сарын 3-нд хуралдаж, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны зургаадугаар сарын 07-ны өдрийн 99 дүгээр захирамжаар байгуулагдсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын дэд хэсэг 10, ажлын хэсэг 3 удаа хуралджээ.

Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн, 2023 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар 3 санал, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд дээр 4, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн 3 санал, нийт зарчмын зөрүүтэй 10 саналын томьёолол бэлтгэлээ.

Түүнчлэн хууль хоорондын нийцлийг хангах зорилгоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу эцсийн хэлэлцүүлгийн шатанд шинээр боловсрууллаа хэмээн танилцуулсан.

Мөн мөнгөн бус хандив авч байгаа тохиолдолд хандивлагчтай хандивын гэрээг бичгээр байгуулж гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулах, хуулийн этгээд намд хандив өгсөн бол хандивын хэмжээ, зориулалтыг нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайландаа тусгах гэсэн агуулгатай хэсэг төслийн 34 дүгээр зүйлд нэмэх санал олонхын дэмжлэг авсан.

Түүнчлэн төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгт тавих хяналт, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагатай холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөл хоёр зүйлтэй бөгөөд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн “25 хувиас” гэснийг “40 хувиас” гэж, 8.4 дэх хэсгийн “хоёр жил тутам” гэснийг “жил тутам” гэж өөрчлөхөөр тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэх горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй учир хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэх горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Эх сурвалж: УИХ

Хонконгийн бадминтончид багийн дүнгээр тэргүүлэв
Хонконгийн бадминтончид багийн дүнгээр тэргүүлэв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.