/2023.06.27/: Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим Лок Сабхагийн дарга Ом Бирла, УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар ирэх долоодугаар сард Монгол Улсад айлчлах гэж байна.
Энэхүү айлчлалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар, энэхүү айлчлал нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав. Тэрбээр Монгол-Энэтхэгийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт цар тахлын улмаас түр саатсан ч өнгөрсөн жилээс хурдацтай үргэлжилж байгааг тэмдэглэлээ. Энэхүү үйлдвэр нь Монгол Улсын эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж, хөгжил, дэвшлийг хурдасгах томоохон бүтээн байгуулалт гэдгийг онцлоод тус үйлдвэр төлөвлөсөн цаг хугацаандаа ашиглалтад орно гэдэгт итгэлтэй байна хэмээв.
Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх, хоёр орны хооронд өндөр дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалах, стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг энэ онд Бүгд найрамдах Энэтхэг Улсад айчлах хүсэлтийг илэрхийлж байна. Манай хоёр улсын өндөр дээд хэмжээний айлчлалууд нь бидний хамтын ажиллагааг улам бэхжүүлэн, хөгжүүлэхээс гадна Монгол Улсын гадаад харилцааны хөгжлийг дэлхий нийтэд харуулж байгаад талархаж байна гэв.
Энэтхэгийн парламентын доод танхим Лок Сабхагийн дарга Ом Бирлагийн Монгол Улсад хийх айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах бөгөөд энэхүү санамж бичигт Газрын тосны үйлдвэрийг цаг хугацаанд нь бүтээн байгуулахад онцгойлон анхаарах талаар тусгахаар уулзалтын үеэр санал нэгдэв. Мөн ардчиллын нийтлэг үнэт зүйлстэй манай хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд олон талт санаачилга, ахиц дэвшил дагуулсан айлчлал болно гэдэгт итгэж буйгаа хоёр тал илэрхийллээ
Эх сурвалж: УИХ