/2023.06.21/: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
Тэрбээр,
Засгийн газрын хуралдаанаар 3 ээлжээр орж болзошгүй ЕБС-иудад авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
2022-2023 оны хичээлийн жилд ЕБ-ын 859 сургуульд 746 мянган хүүхэд суралцаж байна. Үүнээс улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэж байгаа 6 сургууль байна. Баригдаж байгаа сургуулийн байр нь удааширч байгаагаас 20 сургуулийн 11300 хүүхэд түрээсийн байранд хичээллэж байна.
Ерөнхийдөө нэгдүгээр ангид 70 мянган хүүхэд орж байгаа бол аравдугаар ангийг 35 мянган хүүхэд төгсөж байгаагаас жил бүр 35 мянган хүүхдийн ачаалал бий болж байна гэсэн үг.
Шинээр жилд 20 сургууль ороход шинээр хичээлд орж буй хүүхдүүдийн 40 орчим хувийг л хангаж байна. 2023-2024 оны хичээлийн жилд нийслэлд өндөр ачаалалтай 47 сургууль, 17 аймгийн 34 сургууль гурван ээлжинд орох бодитой эрсдэл үүссэн байна. Үүнийг шийдвэрлэх 6 шийдэл гаргасан.
- Ачаалал өндөртэй сургуулиудын өргөтгөл болон шинэ барилгын ажлыг эрчимжүүлэх
- Ирэх хичээлийн жилд сургуулийн дотоод орчныг сайжруулах. Хөгжлийн банк, АТГ гэх мэт улсын барьцаанд хураагдсан обьектуудыг худалдаж авах, түрээслэх
- Хамран сургах тойргийг шинэчлэн зохион байгуулах, цаашид 35-аас дээш хүүхэд суралцуулахгүй байх
- Их дээд сургуулиудын харьяа, ахлах сургууль болон ачаалал өндөртэй байршил дахь сургуулиудын бүтэц зохион байгуулалтыг өөрчилж төрөлжсөн ахлах сургуулийн тогтолцоонд шилжүүлнэ
- Бүх хүүхэд 100 хувь танхимаар суралцах шаардлагагүй, танхимын бус сургалтыг ахлах ангийн хүүхдүүд дээр авч хэрэгжүүлнэ
- Хүүхдийн тооноос шалтгаалаад мэргэжлийн багш нар дутагдах эрсдэл үүсч байна. 1-2 ангийн 44-өөс дээш хүүхэдтэй ангиудад 200 туслах багшийг хувиарлана. Нийслэлийн ЕБС-иудад 424 багшийг нэмж ажиллуулна.