/2023.06.16/: Баян-Өлгий аймгийн хэмжээнд цаг агаарын хэт халалтын улмаас уулархаг бүсийн цас ихээр хайлж голын усны түвшин эрс нэмэгдэж үерийн түвшингээс давж аюулын түвшинд хүрэх эрсдэл үүсээд байна.
Тухайлбал Ховд голын усны түвшин нэмэгдсэнээс далангийн ус хальж 30 айл өрх усанд автсан бол Бугат сумд аялал зугаалгаар явж байсан нэг иргэн Ховд голын усанд сэлэх гэж ороод осолдсон харамсалтай мэдээ байна.
Мөн Цэнгэл сумын аялал жуулчлалын бүс болох “Бага Түргэний уулс", Хотон, Хурган нуур чиглэлийн болон Өлгий-Даян боомт чиглэлийн “Хув үе”, Харганат, Шар тэгшийн голын модон гүүр, Бугат суманд байрлах Хатуугийн голын 156 метрийн урт төмөр бетон гүүр, Ярантын боомт чиглэлийн орон нутгийн чанартай авто замын Булган зэрэг голуудын модон гүүрний зорчих хэсэгт цөмөрч, суулт үүсэн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон бол Алтай сумын орон нутгийн чанартай авто замын Хар бутны голын модон гүүр бүхэлдээ голын усанд урсаж дахин ашиглах боломжгүй болсон байна.
Орон нутгийн удирдлагаас аялал жуулчлалын үе ирж буйтай холбоотойгоор эвдэрч сүйдсэн зам, гүүрийг яаралтай сэргээн засварлахаар ажиллаж буй бөгөөд аймгаас ирсэн хүсэлтийг Улсын Онцгой комисс хүлээн авч, дэмжлэг үзүүлэн ажиллахаар болжээ.
Эх сурвалж: ШСАА