/2023.6.15/ УИХ-ын чуулганаар яг одоо Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Та нарын авдран дах мөнгөн аягыг гуйгаа юу? Эмэгтэй хүмүүс хамтдаа шийдвэр гаргая гэдэг зүйл л ярьж байна. Яагаад эмэгтэйчүүдийг 4 жил хүлээ гэж байгаа юм? Эмэгтэйчүүд бэлэн биш гэж байгаа бол эрчүүд бэлэн юм уу? Тэдэнд боломж, итгэлийг өгье. Монголд 1,8 сая эмэгтэй байна, хувийн хэвшлийн байгууллагын 54,3 хувь нь эмэгтэйчүүдийн нуруун дээр явж байна. Тэр зовлон энэ чуулганд орж ирэх хэрэгтэй байна. Монголын ард түмэн эрэгтэй, эмэгтэй хүн ижил тэгш байдлаар шийдвэр гаргалтад оролцоод явахыг хүсэж байна. Бид 30 жил улс орноо маш муу авч явж байгаа. Дараагийн өөр арга байна уу л гээд байгаа хэрэг. Хэн нэгнийг буруутгамааргүй байна. НҮБ-ын ЕНБД асан Бан Ги Мун хүртэл хүрч ирээд гуйлаа шүү дээ. Эрэгтэй улс төрчид өөртөө итгэлтэй баймаар байна. Эрх баригчид минь ээ, социал демократ нам гэдэг бол нийгмийн нам шүү. Нийгмийн 51,3 хувь нь шийдвэр гаргалтад хүчтэй орж ирье гэж байгаа энэ хүсэлтийг бид зүрх сэтгэлээрээ дэмжих ёстой.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-Төсөлд аливаа хүйсийн төлөөлөл гэж байгаа, эмэгтэйчүүд гэж байхгүй. Хэд хүртэл дэвшүүлж болох боломж нь намуудад байгаа. Аливаа хууль үзэл бодлын зөрүү, зөвшилцлийн үндсэн дээр гардаг. Бид хоёр удаа хэлэлцэж, өнөөдөрт хүрч, дундын хувилбараа сонгосон. Ажлын хэсгийн 9, Байнгын хорооны 19 хүн, УИХ-ын 70 гаруй хүн тус тусдаа юу гэж бодсоныг би мэдэхгүй байна. Олонхийн саналаа дагаж яваад өнөөдрийн түвшинд хүрснээ хэлье.