/2023.6.7/ Орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр 2024 онд хийж хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг иргэдээс авчээ.
Энэ саналыг 6 сарын 15 хүртэл авна гэж байсан ч нийслэлийн есөн дүүрэгт зургаадугаар сарын 5-ны өдрийг дуустал авсан байна.
"Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хийгдэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээнд иргэдийн саналыг цахим хэлбэрээр буюу гар утасны аппликейшн ашиглан авах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/383 дугаар захирамж гарсан.
Тус шийдвэрийн дагуу санал асуулга Нийслэлийн 9 дүүргийн 204 хороонд “ОНХС” аппликейшн, “e-mongolia” аппликейшн болон цахим хуудсаар дамжуулан нийслэл даяар 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд санал асуулгыг авч байна.
2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар саналын эрхтэй 18-аас дээш насны иргэн оролцсон бөгөөд нийт 399,206 төсөл, арга хэмжээний саналыг ирүүлээд байна" гэж Нийслэлийн ОНХС хариуцсан мэргэжилтэн мэдээллээ.
Нийслэлийн хэмжээнд хамгийн олон санал асуулгыг авсан дүүрэг бол “Баянзүрх дүүрэг” бөгөөд нийт “102,984” төсөл, арга хэмжээний саналыг авсан байна.
Нийслэлийн 9 дүүргийн иргэдээс хамгийн их санал, асуулга авсан төсөл, арга хэмжээ:
- Хүүхдийн тоглоомын талбай байгуулах
- Сурагчдын сурах эрүүл, аюулгүй орчин нөхцлийг бий болгох
- Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх
- Нийтийн эзэмшлийн зам талбай, орчны гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг хийх
- Цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжийг бий болгох, нэмэгдүүлэх
- Явган хүний болон дугуйн зам талбайг нэмэгдүүлэх
- Дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ
- Тохижилтын ажил
- Амьдрах орчныг сайжруулах
- Эмнэлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх
- Бусад