/2023.06.06/: Apple компани сүүлийн 10 гаруй жилийн хугацаан дахь анхны томоохон техник хангамжийн нээлтээ хийх үеэрээ Apple Vision Pro хэмээх чихэвчийг олон нийтэд танилцууллаа.
Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк шинэ чихэвч нь "бодит ертөнц болон виртуал ертөнцийг хослуулсан" гэж мэдэгджээ.
Технологийн фирм нь уг арга хэмжээний үеэр хамгийн сүүлийн үеийн iPhone гар утасны үйлдлийн систем, мөн MacBook Air-ийн шинэчлэлтүүдийг мөн зарлалаа.
Уг чихэвч нь 3499 долларын үнэтэй бөгөөд ирэх оны эхээр АНУ-д худалдаанд гарах аж.
Үнийн хувьд одоо зах зээл дээр байгаа виртуал бодит чихэвчнүүдээс хамаагүй өндөр байгаа юм.
"Цанын нүдний шил"
Apple Vision Pro нь зах зээл дээрх ижил төстэй чихэвчүүдээс ялгаатай бөгөөд виртуал бодит байдлын чихэвчээс илүү цанын нүдний шилийг санагдуулахаар загвартай байна.
Тэд энэхүү шинэ төхөөрөмж юу хийдгийг тайлбарлахдаа "өргөтгөсөн бодит байдал" гэх хэллэгийг ашиглалаа.
Холимог бодит байдал гэж нэрлэгддэг өргөтгөсөн бодит байдал нь бидний эргэн тойрон дахь ертөнц дэх виртуал объектуудыг давхарлаж, дэлгэцээр дамжуулан бодит байдлыг виртуал бодит байдалтай холих боломжийг бидэнд олгодог аж.
Хэрэглэгчид виртуал ертөнцөд аппликейшн ашиглах, кино үзэх, баримт бичиг бичих боломжтой.
MacRumors сэтгүүлийн ахлах редактор Хартли Чарлтон хэлэхдээ, "Энэхүү чихэвч олон нийтэд хэр их таалагдах нь тодорхойгүй. Учир нь энэ нь маш өндөр үнэтэйгээс гадна энэ төрөлдөө анхны төхөөрөмж учир олон сул талуудтай тул хэрэглэгчдийн анхаарлыг татахгүй байх магадлалтай" гэжээ.
Ноён Күүк борлуулалтынхаа талаар хэлэхдээ, чихэвч нь хэрэглэгчдэд "дижитал контентыг таны биет орон зайд байгаа юм шиг харж, сонсож, харилцах" боломжийг олгодог.
Энэхүү чихэвчийг ашиглахын тулд хуруугаа хооронд нь товших, гүйлгэх гэх мэт гар, нүд, дуу хоолойгоо ашиглан удирдах аж.
Эх сурвалж: ВВС