Нойрсож байгаа хүний тархийг “тогоор цохиулах” нь санах ой бүрэлдэхэд тустайг олж тогтоожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нойрсож байгаа хүний тархийг “тогоор цохиулах” нь санах ой бүрэлдэхэд тустайг олж тогтоожээ

Асуудал:

Унтаж байх үед тархины үйл ажиллагааг идэвхижүүлэх нь урт хугацааны санах ой бүрэлдэн тогтоход сайнаар нөлөөлж байгааг олж тогтоосноор Алцгеймер гэх мэт ой санамжтай холбоотой өвчин эмгэгийг эмчлэх шинэ арга замууд нээгдэж магадгүй байна.

Өдөр нь болж өнгөрсөн үйл явдлууд болон нүүр тулсан мэдрэмжүүдийг шөнө унтаж байх үед хүний тархи эмх цэгцэнд оруулж, санах ойг биежүүлэх процесс явагддаг гэдэг ч эрдэмтэд энэ үйл явц яг хэрхэн явагддагийг олж тогтоохоор хичээн ажилласаар байгаа билээ.

Одоогоор баттай олж мэдээд байгаа зүйл гэвэл хүн ямар нэг цоо шинэ зүйл үзэж харах, нүүр тулах үед тархин дахь нейрон давтагдашгүй шинэ хэлбэрийн цахилгаан цэнэг үүсгэдэг ба яг эдгээр нейронууд нь шөнө хүн унтаж амрах үед яг өдрийнхтэйгээ ижил цэнэгжилт үүсгэдэг явдал байв.

Мөн судлаачид тархины санах ой хариуцсан хэсэг болох гипоталамус нь унтаж байх үед санах ой биежүүлэх явцдаа их тархины урд тал бөмбөлөгтэй харилцдаг гэсэн таамаглал дэвшүүлсэн ч өнөөдрийн байдлаар хараахан нотолж чадаагүй байсан юм.

Шинэ санаа:

Харин саяхан UCLA(University of California Los Angeles) болон Тель Авивын их сургуулийн судлаачид тархинд санах ой биежих явцад дээр дурдсан тархины хоёр хэсэг хоорондоо холбогддог гэдгийг нотлоод зогсохгүй, энэхүү холболтыг бэхжүүлэх замаар хүмүүсийн санах ойг сайжруулах аргыг туршиж үзжээ.

“Энэ судалгааны явцад бид нейроны түвшинд ажиглалт хийж, улмаар тархины санах ойн хэсэг болон их тархи хоорондоо холбогдох механизм оршин байдаг гэдгийг нотлох нотолгоо олж чадсан. Ингэснээр хүний санах ой хэрхэн ажилладаг талаарх шинжлэх ухааны үнэ цэнтэй ололтонд хүрсэн төдийгүй энэ шинэ мэдлэгийг хүний санах ойг сайжруулахад яаж ашиглаж болох талаар чухал мэдээлэл олж авлаа” гэж судалгааны багийн гишүүн, Ицхак Фриед ярьсан юм.

Туршилт хэрхэн явагдав:

Судлаачид дээрх судалгаандаа UCLA Их сургуулийн эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж байсан 18 өвчтөнийг хамруулж, 10 өдрийн турш ажиглалт, туршилт хийсэн бөгөөд энэ хугацаанд өвчтөнүүдийн эпилепсийн гол асуудал болох уналт таталтын шалтгаан, эх үүсвэрийг тогтоохоор тархинд нь цахилгаан дамжуулах электрод суулгажээ.

Эдгээрээс 12 өвчтөнд яг унтахынх нь өмнө 25 хос зураг үзүүлсний дотор нэг хос нь өөр буюу олны танил алдартан болон амьтны зурагтай хослол байв. Үүний дараа тэдний санах ойн чадварыг шалгах зорилгоор алдар нэртэй хүний зургийг ямар амьтны зурагтай хослуулсан байсныг санаж байгаа эсэхийг асуужээ. Ингэхдээ зураг харснаас хэдхэн минутын дараа нэг асууж, өглөө сэрснийх нь дараа дахин асуух байдлаар шалгасан байна.

Маргааш орой нь судалгаанд оролцогчдод дахин шинээр 25 хос зураг үзүүлээд унтуулахдаа тархинд нь суулгасан электродоор дамжуулан маш бага хэмжээний гүйдлээр зөөлөн цохиулж, тархины үйл ажиллагааг идэвхижүүлэх оролдлого хийжээ.

18 өвчтөнөөс дээрх туршилтанд ороогүй 6 өвчтөнд ямар нэгэн ажиглалт туршилт хийгээгүй бөгөөд судалгааны явцад тэдний тархийг энгийн байгаа байдлаар нь судалсан юм.

Үр дүн:

Судалгаанд оролцсон өвчтөнүүдэд санах ойн биежүүлэлтийг идэвхижүүлэх зорилгоор 6 хүнд их тархины өмнөд хэсэгт идэвхижүүлэлт буюу цахилгаан гүйдлээр гүн нойрсолтын шатанд үйлчилсэн ба унтаад сэрэхдээ эдгээр өвчтөнүүд ямар нэгэн гүйдлээр үйлчлээгүй унтсанаас илүүтэйгээр зурагнуудыг сайн санаж байв.

Гурван өвчтөний тархины өөр өөр хэсгүүдэд цахилгаан гүйдлээр үйлчилсэн бөгөөд маргааш өглөөний асуулт хариултын үр дүн нь сайн, муу холимог байжээ. Харин үлдсэн гурван өвчтөний хувьд нойрсолтын өөр өөр шатуудад тархинд цахилгаанаар үйлчлэх туршилт хийсэн бол өглөөний санах ойн шалгалтын үр дүн тааруухан гарсан байна.

Нийт 18 өвчтөний туршилт судалгааны өгөгдөл дээрээс үндэслэн үзэхэд тэдний тархины үйл ажиллагаа нь санах ой хариуцсан гипоталамус болон их тархины урд хэсгийн өөр өөр хэсгүүд хоорондоо мэдээлэл солилцож байгаа нь тодорхой болж, тэдний анхны таамаглалыг баталжээ.

Study links sleep to storing the memory of newly learned material | Health  - Hindustan Times

Цаашид юу болох вэ:

Унтаж амрах нь тархинд ой санамж биежих процесст чухал ач холбогдолтой гэдэг нь тодорхой болсон тул дээрх туршилтад ашигласантай ижил цахилгаан гүйдлээр тархины үйл ажиллагааг идэвхижүүлэхэд хамгийн тохиромжтой үе нь хэсэгхэн зуур дуг хийх үеийг тааруулбал илүү өндөр үр дүнтэй байж болзошгүй байгаа юм.

Гэхдээ үүнийг бүрэн төгс нотлохын тулд илүү их судалгаа хийх шаардлагатай. Учир нь туршилтанд 12 өвчтөн хамруулсан болоод тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлсөн үзүүлэлттэй 6 өвчтөн байсан гэдэг нь ямар нэг онол, таамаглалыг бүрэн тогтоож, батлах хэмжээний түүврийн нэгж биш гэдгийг харуулж байна. Тиймээс илүү өргөн хүрээнд туршилт судалгаа хийж, тодорхой үр дүнд хүрч чадвал алцгеймерийн өвчин, зөнөглөлт болон өөр бусад санах ойтой холбоотой эмгэгүүдийг эмчлэхэд томоохон түлхэц болох нь гарцаагүй.

Мөн Ицхак Фриедийн багийнхан тухайлсан тодорхой дурсамжуудтай холбоотой тархины үйл ажиллагааг олж тогтоож болох эсэхэд хиймэл оюун ухааны технологи ашиглаж байгаа ба хэрэв энэ нь амжилттай болвол яг тэр тухайн дурсамж, санах ойг бэхжүүлэх туршилтыг нойрсож байх үеийн тархинд хийж туршиж үзэх бодолтой яваа ажээ.

“Бид саяын судалгаагаараа санах ойг ерөнхийд нь сайжруулж болох юм гэсэн дүгнэлтэд хүрсэн бол дараагийн удаа тухайлсан нэг дурсамж, санах ойг хэрхэн ялгаж, сайжруулах вэ гэдгийг судлах болно” гэж багийн ахлах судлаач Фриед хэвлэл мэдээллийнхэнд ярьсан байна.

Эх сурвалж: freethink

ОХУ Донецкийн тулалдаанд 28 танк, 109 хуягт машиныг устгасан гэв
ОХУ Донецкийн тулалдаанд 28 танк, 109 хуягт машиныг устгасан гэв
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.