/2023.06.02/: Энэ жил “Улаанбаатар марафон” цар хүрээгээ тэлж, өдөрлөг болон өргөжиж буй.
Тодруулбал, өмнөх жилүүдэд гүйлтийн тэмцээн болоод өнгөрдөг байсан бол энэ жил Сүхбаатарын талбайд гүйгчид болон иргэд эмч, мэргэжилтнүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ авах, бүх төрлийн спортын клубүүдэд 20-65 хувийн хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх, эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай танилцах боломжтой.
Мөн урлаг соёлынхон бүтэн өдрийн турш олон нийтэд зориулж уран бүтээлээ толилуулахаас гадна хүүхэд багачуудад зориулсан циркийн үзүүлбэр, балет, хүүхдийн иог, таеквондо, туялзуур сэлмийн үзүүлбэр, 16:00 цагаас “Open mic” болно.
Иргэд бүтэн өдрийг Сүхбаатарын талбайд энэ мэт үр бүтээлтэй, дурсамжтай өнгөрөөх боломжийг зохион байгуулагчид бүрдүүлжээ. Түүнчлэн 4-р эмнэлэг, “Гялс” төв, “Монгол эм импэкс нэгтгэл”, "Денк фарм" эмнэлгийн анхан шатны үйлчилгээ, оношилгоо, ясны сийрэгжилтийг тодорхойлох үйлчилгээ үзүүлж, “Ахиллас Монгол” ТББ хөхний хот хавдар, умайн хорт хавдрын оношилгоо хийнэ.
Эх сурвалж: НЗДТГ