Арван сартайгаас 8 настай бүх хүүхдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Арван сартайгаас 8 настай бүх хүүхдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулна

/2023.05.30/: Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 29 дэх жилдээ зохион байгуулж байгаа хаврын “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг энэ жил “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор явуулж эхэлсэн талаар өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.



Эрүүл мэндийн сайдын 2023 оны тавдугаар сарын 26-ны А/188 дугаар тушаалаар энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор 10 сартайгаас 8 насны хүүхдүүдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцины нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар зохион байгуулж буй юм.

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд хэвлэлийн бага хуралд хийсэн мэдээлэлдээ 2022 онд дэлхийн 162 улс оронд улаанбурхан өвчний 172,084 тохиолдол бүртгэгдсэн нь 2021 оны өвчлөлөөс гурав дахин их гэсэн үг бөгөөд 2023 оны эхний таван сарын байдлаар Энэтхэг, Иемен, Сомали, Зимбабе, Пакистан, Этиоп, Индонез, Нигер, Ангола, Конго, Афганистан, Филиппин, Вьетнам, БНХАУ, ОХУ зэрэг дэлхийн 124 улс оронд улаанбурхан өвчний 45256 тохиолдол бүртгэгдэж ихсэх хандлагатай байгааг онцлоод “Дэлхий дахинд улаанбурхан өвчний дэгдэлт бүртгэгдэж байгаа улс орны тоо нэмэгдсэн, ялангуяа зүүн Европын улс орнууд, ОХУ, Филллипин, БНХАУ, Энэтхэг улсад өвчлөл ихсэх хандлагатай байгаа нь тархвар судлалын хувьд уг өвчин манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх магадлалтай.

Монгол Улсын шадар сайдын 2017 оны А/08 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу салбар хоорондын байгууллагууд Эрсдэлийн үнэлгээг хамтран хийхэд улаанбурхан өвчин Монголд зөөвөрлөгдөх, тархах эрсдэл “өндөр” гэж үнэлэгдсэн.

Зөөвөрлөгдөн ирсэн тохиолдолд эхний үед өвчлөл алаг цоог хэлбэрээр бүртгэгдэн, улмаар дархлаажуулалтад хамрагдах нас хүрээгүй 0-8 сартай хүүхэд, цартахлын улмаас улаанбурханы эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаагүй хүүхэд болон дархлааны түвшин харьцангуй сул байгаа 10 сартайгаас 8 насны хүүхдүүд халдвар авах эрсдэлтэй учраас үндэсний товлолт вакцинаас ямар нэгэн шалтгаанаар хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад цаг алдалгүй хамруулах, мөн энэ сарын 29-нөөс эхлэн арав хоногийн хугацаанд арван сартайгаас 8 настай бүх хүүхдийг улаанбурхан-улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар болсон” хэмээн нэмэлт дархлаажуулалтын талаар тодорхой мэдээлэл өглөө.

Манай улсад 1973-1989 онд улаанбурхан өвчний нийт 58,981 тохиолдол бүртгэгдэж 3-4 жилийн зайтай дэгдэлт гарч байсан бол 1989 оноос хойш 1992,1995, 2000-2002, 2015-2016 онд нийт дөрвөн удаагийн дэгдэлт гарч байжээ.

Улаанбурханы эсрэг вакцинаар 1994,1996, 2000, 2007, 2012, 2015, 2016 онд 3-39 насны хүн амыг нэмэлтээр дархлаажуулах арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд улсын хэмжээнд 2017 онд улаанбурхан өвчний 17 тохиолдол, 2018 онд 1 тохиолдол, 2019 онд 2, 2020-2023 оны эхний таван сарын байдлаар улаанбурханы батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эх сурюалж: ЭМЯ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгджээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.