/2023.5.19/ Ардын хүүхэд ардаараа л үлдэж, харин даргын хүүхдүүд дарга болдгийн учрыг Боловсролын зээлийн сан харуулав.
Улсын төсвийн зардлаар гадаадад сурч ирчихээд, төрийн байгууллагад дарга, сайд, УИХ-ын гишүүн болон зөөлөн сандалд тухална.
Яагаад гэвэл аав эсвэл ээж нь, ах эсвэл эгч нь МЭДЭЭЛЭЛД ОЙР БАЙСНЫХ, зарим тохиолдолд албан тушаалын давуу байдлаа ашигласных.
Энгийн ард өмнөх ажлаа хийгээд, хүүхдүүдээ хоолоор таслахгүй гээд борви бохисхийлгүй ажиллаж байх бөгөөд хаана, ямар боломж хэрхэн бий болж, хэн түүнээс авахыг үл мэднэ. Эсвэл хөөцөлдөөд ч үл гүйцнэ.
Гэтэл нөгөө талд “дарга ангийнхан” хаанаас, ямар санаачлага гарган, түүнээсээ өөрөө болон үр хүүхэд, гэр бүлээрээ хэрхэн ашиг хүртэж болох вэ гэдгийг овжин сэтгэж, зальжин ашигласаар иржээ. Тэд бол гэр бүлээрээ мэдээлэлд ойр байсан давуу байдлаа ашиглагчид. Харин тэрхүү зээлийг авах шалгуурыг шудрагаар хангасан эсэх нь тусдаа асуудал юм.
Боловсролын зээлийн сангийн зээл олгох журмыг 1998, 2008, 2011, 2012, 2013 гээд жилээс жилд өөрчлөн баталсан байдаг.
ТЭД ЗЭЭЛ АВАХДАА ЯМАР ХҮЧИН ЧАРМАЙЛТ ГАРГАСАН БОЛ?
АИХ-ын депутат, УИХ-ын гишүүн, МЗХ-ны дарга, БОЯ-ны сайд зэрэг албан тушаалуудыг 1991-1998 оны хооронд хашиж байсан С.Баярцогтын дүү С.Баярбат, С.Баярмаа нар тус бүр 32 мянган долларыг Боловсролын зээлийн сангаас авч чадсан байдаг. Дээр өгүүлсэнчлэн, зээлээ төлсөн эсэх, түүнийг авах шалгуурыг хангасан байсан эсэх нь дараа дараачийн асуудал.
Мөн 1996-2000 онд УИХ-ын гишүүн, сайд асан Ч.Сайханбилэг 2001 онд БЗС-аас 26025 долларын зээл авч Вашингтоны их сургуульд сурсан нь бас тохиолдол гэх үү? Эсвэл тэр үнэхээр энэ сангаас зээл авахын тулд бүхнээ зориулсан болов уу?
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 1994-1999 оны хооронд УИХ-ын Тамгын газарт компьютер сүлжээ хариуцсан администратор хийж байгаад 1999 онд мөн л 32580 долларын зээл авч, АНУ-д суралцжээ. Тэр энэ сангаас зээл авахын тулд ямар хугацаа зарцуулсан бол?
1990-1994 онд "Телекино" үйлдвэр, "Улаанбаатар" телевизэд найруулагч, дэд захирал, уран сайхны удирдагчаар ажиллаж байсан, 2007 онд UBS телевизийг менежментийн хувьчлалаар хувьчилж авсан Л.Балхжавын хүү Чингүүн АНУ-ын “Campbellsville Их Сургууль”-д урлагийн удирдлага мэргэжлийн хоёр жилийн ангид 16 мянган ам.долларын санхүүжилтээр суралцсан байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх С.Лүндэг 2012 онд АНУ-ын Стрэйер ИС-д суралцахаар 32 мянган долларын зээлийг энэ сангаас авсан байдаг. Гэхдээ түүний намтрыг харвал тэрбээр энэ сургуулиа төгсөөгүй байна. 2006 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт Их Хурлын гишүүн, МАН-ын даргын туслахаар ажлаа эхлүүлж, 2010 оноос УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажилласан С.Лүндэг 2012 онд Боловсролын зээлийн сангаас зээл авахын тулд ямар хүчин чармайлт гаргасан бол?
2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга, 2008 оноос УИХ-ын гишүүн зэрэг албыг хашсан, өдгөө мөн л УИХ-ын гишүүн Х.Баделхан өөрийн хүүхдэдээ БЗС-аас 48 мянган долларын зээл авч өгсөн болов уу, эсвэл хүүхэд нь үнэхээр болзол хангасан “мундаг” нэгэн байсан болов уу?
Түүний хүүхэд сургуулиа төгсөж ирээд бас л даргын халуун зөөлөн суудалд тухлаа болов уу, эсвэл мэргэжилтнээс эхэлсэн болов уу?
Цахим хөгжил, Харилцаа холбооны Дэд сайдын албыг шуугиантайхан хашаад, ажлаа өгсөн Б.Болор-Эрдэнэ буюу Обуна мөн Боловсролын зээлийн сангаас 32 мянган долларыг зээлсэн байдаг.
Түүнийг цар тахлын үед олныг хамарсан арга хэмжээ явуулсан, гадны оронд болсон хуралд тайзан дээрээс зохисгүй байр суурь илэрхийлсэн, үнэтэй брэндийн хувцсаар гангардаг гээд хэл ам тасралтгүй дагасаар эцэст нь өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгсөн билээ.
1990 оноос хойш 2020 он хүртэл жил алгасалгүй УИХ-ын гишүүн, Байнгын хороодын даргын албыг хашсан Д.Лүндээжанцангийн хүү Мөнхдэмбэрэл 2009 онд чухам өөрийн ур чадвараар Япон улсад суралцахаар 32 мянган долларын зээл авсан болов уу? Хэрэв тийм бол ямар хүчин чармайлт гаргасан бол? Л.Мөнхдэмбэрэл 2020 онд Гадаад харилцааны яаманд Элчин сайдын зөвлөхийн албыг хашиж байв.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр 2000-2002 онд Нефть, онцгой албан татварын Гаалийн газрын даргаар ажиллаж байгаад 2003 онд Боловсролын зээлийн сангаас 6000 долларын зээл авч, Нидерландад суралцжээ. Энэ гайхамшигтай биш гэж үү? Тэрбээр, ЖДҮ-ийн зээлээс ч чамгүй мөнгө авсан хэмээх хэл аманд өртөж байсан билээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар 2003 онд Маастрихтын удирдлагын сургуульд суралцахаар 6000 доллар мөн энэ сангаас зээлсэн байдаг. Тэрбээр, 1998-2000 онд Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, 2000-2003 онд Хаан банкны дэд захирал байхдаа ийнхүү зээл авчээ. Түүнд үнэхээр мөнгөний хэрэг тун их байсан бололтой.
Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцахаар 34 мянган долларыг энэ сангаас мөн зээлээр авчээ.
Гэх мэтээр 1893 хүний дэлгэрэнгүй мэдээлэл байгаа бөгөөд та бүхэн танилцахыг хүсвэл ЭНД ДАРЖ үзнэ үү.