/2023.05.12/: Сүүлийн өдрүүдэд Вагнер группын босс Telegram суваг болон бусад хаягуудаараа Оросын удирдлагуудыг улам бүр доромжилсон, өдөөн хатгасан мэдэгдлүүд хийсээр байна.
Пригожин пүрэв гарагт нийтэлсэн дуут мессеждээ "Баруун жигүүрийн байдал таамаглаж байсанчлан хамгийн муу тал руугаа эргэж байна. Манай нөхдийн цус, амь насаар чөлөөлсөн эдгээр газар нутгийг өнөөдөр бидний жигүүрийг хамгаалах ёстой байсан хүмүүс бараг тулалдалгүйгээр орхисон. Өнөөдөр Украйнчууд Бахмут чиглэлд жигүүрүүдийг сэтлэж, Запорожжид дахин хүчээ нэгтгэж байна. Мөн сөрөг довтолгоо эхлэх гэж байна. Ялалтын баяр бол бидний өвөө нарын ялалт юм. Бид энд ялалтыг нэг миллиметрээр авч чадаагүй байна" гэжээ.
Бахмут хотоос баруун тийш Украины арми Оросын байрлалд шахалт үзүүлж байгаа тул Оросууд өчигдөр л гэхэд 50 удаа шахуу агаарын цохилт өгсөн мөн зургаан пуужингийн довтолгоо хийсэн гэж Украины тал мэдэгдэв. ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины цэргүүд зүүн хэсгийн Бахмут хотын эргэн тойронд фронтын шугамын зарим хэсгийг нэвтэлсэн гэсэн мэдэгдлийг няцаагаад байгаа юм.
Эх сурвалж: CNN