/2023.05.08/: Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийслэлээс томоохон бодлого хэрэгжүүлэн ажиллаж буй.
Тухайлбал, хотын удирдлагууд үе шаттайгаар арга хэмжээ авч, автобуснуудыг шинэчлэхээс гадна иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, санал солилцож байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр Нийслэлийн Нийтийн тээврийн газар, “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ болон хувийн хэвшлийн 16 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа. Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа 10 зорчигчийн дөрөв нь смарт картаар төлбөрөө төлж байгаа бол зургаа нь төлбөр төлөхгүй, эсвэл жолоочид бэлэн мөнгөө өгч зорчиж байна гэсэн судалгаа гарчээ. Тиймээс иргэдээс ирж байгаа энэ мөнгөн урсгалаас төсвийн алдагдлыг 80-аас дээш хувьтай бууруулах ажлыг төр, хувийн хэвшил гэлтгүй салбараараа хамтарч зохион байгуулах ёстой гэдгийг онцолж байлаа.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:
-Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж жил бүр 200 тэрбум төгрөгийн татаасыг улсаас авдаг. Улсаас авах, хүсэх татаасны хэмжээ жил ирэх тусам нэмэгддэг ч үйлчилгээ нь төдийлөн сайжирдаггүй. Тодруулбал, 2015 онд нийслэлийн нийтийн тээврийн орлого 50 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 42.3, 2019 онд 34.8, 2020 онд 27.4, 2021 онд 26, 2022 онд 33 тэрбум төгрөг болж, 2015 оноос хойш 50 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Гэсэн хэдий ч нийслэлийн төсвөөс авч байгаа татаасны мөнгөн дүн нэмэгдсээр ирсэн. 2017 онд нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн байгууллагуудад 53.7 тэрбум төгрөг олгож байсан бол 2021 онд 106.6 тэрбум, 2022 оноос хойш 200 тэрбум төгрөг өгсөн байдаг. Цаашид нийтийн тээврийн салбар санхүүгийн асуудлаа нийслэлээс татаас хэлбэрээр авч, шийддэг байдалдаа цэг тавьж, өөрсдөө орлого бүрдүүлэлт болон бусад асуудалдаа менежмент хийх ёстой хэмээсэн юм.
Мөн тэрбээр “Нийтийн тээврийн төлбөрийн хяналтыг “Сити Баз Консалтинг” ХХК хариуцаж, автобусны буудлуудад хянагч ажиллуулдаг. Энэ арга барил 10 жил болж байгаа. Одоо үүнийг өөрчилж, хувийн компаниуд өөрсдөө орлого бүрдүүлэлтдээ хяналт тавих хэрэгтэй. Улсаас авч байгаа мөнгө нь гурав дахин нэмэгдсэн ч орлого нь хэдэн тэрбум төгрөгөөр буурсан. Гэтэл нийтийн тээврийн компанийн удирдлагууд “Орлого бүрдэхгүй байгаа нь бидэнд огт хамаагүй. Харин улсаас өгч байгаа татаас хүрэлцэхгүй байна” гэж хуралдаад байгаа хэр нь “Орлого бүрдүүлэлт муу байна” гэж огт хуралддаггүй. Орлого бүрдүүлэлтийг 80-аас дээш хувьд хүргэж, үүгээрээ ажилчдынхаа цалинг нэмэх боломжийг харахгүй байна. Мөн жолооч нар бага цалингийнхаа зөрүүг иргэдийн өгч байгаа бэлэн мөнгөнөөс авна гэхээс илүү орлого бүрдүүлэлтэд анхаарч ажиллах хэрэгтэй. Ариутгал, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, автобусны эвдрэл гэмтлийг засах шаардлагатай” гэлээ.
Нийтийн тээврийн орлого бүрдүүлэлтийг хариуцаж байгаа “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг үйл ажиллагаандаа технологийн шинэчлэл хийж, иргэдэд автобусны төлбөрөө төлөх ухаалаг үйлчилгээг илүү ойртуулах, үйлчилгээ эрхлэгчидтэй хамтарч, хоорондын уялдаа харилцаагаа сайжруулан, зорчигчдын мөнгийг төвлөрүүлэхэд онцгой анхаарах ёстойг мөн санууллаа.
“Сутайн буянт” ХХК-ийн захирал Б.Лхагвадулам: -Нийтийн тээврийн орлогыг нэмэгдүүлэхэд шалгагч нарт хэрүүл хийхээс өөр мэдэл алга. Тэдэнд торгох эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй гэсэн бол Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Ж.Дамдинсүрэн “2015 онд нийтийн тээврийн орлого бүрдэлтийн асуудалд шинэ технологи нэвтрүүлэх сонгон шалгаруулалтаар “Смарт карт” ХХК шалгарсан. Гэхдээ орлого бүрдүүлэлт жилээс жилд унаж, одоо 50 хувьд хүрсэн. Энэ компани ажлаа хийж чадахгүй бол дахин сонгон шалгаруулалт хийж, сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэх ёстой. Гэтэл өдий хүртэл энэ компанид хариуцлага тооцохгүй явж ирсэн. Үүнийг ашиг сонирхлын зөрчил гэж харж байна" гэлээ.
Харин “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн албаны дарга М.Мөнхболд “Манайд эрх бүхий байгууллага нь санхүүгийн болон бусад мэдээлэлд үргэлж шалгалт хийдэг. Бид иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо төлж байгаа мөнгөнөөс зориулалтын бусаар зарцуулсан зүйл огт байхгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн 2013 онд батлагдсан автобусны төлбөр 500 төгрөгийг нэмэх гэхээс илүү иргэдийн халааснаас гарч байгаа мөнгөн урсгалыг бүрэн төвлөрүүлэх, салбарын асуудлаа шийдвэрлэхэд зарцуулахыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдээс шаардлаа. Мөн нийтийн тээврийн орлого бүрдүүлэлт, дотоод хяналт, шалгалтуудыг сайжруулах, жолооч нарын цалин хөлс нэмэх, татвар, нийгмийн даатгалын өрийн асуудлуудыг яаралтай шийдвэрлэх, жолооч нарын харилцаа, хандлагыг сайжруулан чадавхжуулах, нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээний ариун цэвэр, аюулгүй байдалд онцгой анхаарах, зорчигчдод хандсан нөлөөллийн ажлуудыг бодитоор хийх зэрэг зургаан асуудлыг ирэх наймдугаар сар гэхэд шийдвэрлэхийг үүрэг болгосон юм.