Хороо, дүүргийн засаг дарга нарыг улстөрийн албан тушаалтан байхыг БОЛИУЛЪЯ!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хороо, дүүргийн засаг дарга нарыг улстөрийн албан тушаалтан байхыг БОЛИУЛЪЯ!

-ҮЗЭЛ БОДОЛ-

/2023.5.2/ Сонгууль айсуй. Улсаараа, бүр баг хороо, айл өрхийнхөө түвшинд хүрч улстөржих цаг.

Хорооны Засаг дарга нар хэдийнээ ажилдаа орчихсон, хэсгийн ахлагчдаар айл өрхүүдийг сэмхэн “тагнуулж”, хэн, хэнд саналаа өгөх вэ гэдэг нарийвчилсан бүртгэлийг гаргаж суугаа.

Яагаад гэвэл Төрийн албаны тухай хуульд зааснаар хороо, дүүрэг, аймаг, сумын Засаг дарга нар бүгдээрээ УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТАН. Тэдэнтэй зэрэгцээд аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хот, тосгоны захирагчид ч мөн адил улс төрийн албан тушаалтнууд.

Модон жорлон, ямбий хашаа, шороон замтай атлаа л улстөржөөд байна. Аргагүй, тэд бол эрх баригчдын гар хөл, шат ахих хүсэлтэй намчид. Тэнд иргэддээ хүрч ажилладаг, иргэдээ боддог нь цөөхөн дөө, цөөхөн. Энэ албан тушаалтнууд хуульд заасан эрхийнхээ хүрээнд улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаатай шууд холбогдоно.

Ерөөсөө иргэдэд хүрч үйлчлэх ёстой, хамгийн ойр дотно ажиллах учиртай албаныхан бүгдээрээ УЛС ТӨРЧИД. Тэд яг нүүдлийн шувуу шиг ирнэ, буцна.

Бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтантай. Тэдгээр нь тухайн албан тушаалтанд шууд захирагдах бөгөөд төрийн албан хаагчийн хувьд тухайн байгууллагатаа харьяалагдана.

Яг эндээс дүүрэг, хороодод ажил урагшлахгүй байх, харилцан “дайсагналцах” эхлэл тавигдана. Чимээгүй “дайн” өрнүүлж, халаа солио хийх эсвэл “Ажлаа өгөөрэй” гэж дарамтлахдаа өнөөх “нүүдлийн шувууд” гаргуун. Бүгдээрээ биш л дээ, гэхдээ л ихэнх нь ийм.

Дунд нь иргэд, төрийн алба хохирно. Анхан шатандаа бол улстөржөөд байх шаардлагагүйгээр орон нутгаа яаж хөгжүүлэх вэ гэдэгт л санаа тавьдаг болмоор байна.

Үүний тулд “Бүх шатны засаг дарга нар улс төрийн албан тушаалтан байна” гэсэн Төрийн албаны тухай хуульдаа ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛААЧ!

ТЭГВЭЛ ЗАСАГ ДАРГА НАР ТӨРИЙН АЛБАН ТУШААЛЫН АЛЬ
АНГИЛАЛД ОРОХ НЬ ЗҮЙТЭЙ ВЭ?

Уул шугамандаа бол төрийн биш “Нийтийн албан тушаалтан” гэдэг болмоор. Тэд нийтийн албанд зүтгэдэг байх учиртай бөгөөд үүнийг нэрнээсээ эхлээд л мэдэрдэг баймаар.

Гэвч нэгэнт нэр нь төр хэвээр байх учиртай бол дараах хоёр ангиллыг санал болгомоор байна.

  • Төрийн захиргааны албан тушаалтан
  • Төрийн үйлчилгээний албан тушаалтан

Төрийн захиргааны албан тушаалтан гэдэг нь төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэгтэй.

Төрийн үйлчилгээний албан тушаалтан нь төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэгтэй.

Та бүхэнд хороо, дүүргийн болон сум, аймгийн Засаг даргын албан тушаал хашиж байгаа хүнд дээрх хоёр ангиллын аль нь тохирохоор санагдаж байна?

Аль нь ч бай хороо дүүрэг гээд анхан шатандаа улстөржилтөөс салж, урагшилж хөгжихөө бодоцгооё, таминь ээ.

Хилчин офицер хүний амь аварлаа
Хилчин офицер хүний амь аварлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.