/2022.7.27/ Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ.
Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы замын бүтээн байгуулалт болон Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд удааширсантай холбоотой алдагдсан боломжийн өртгийг тооцуулж, албан тушаалтнуудыг шалгах ажлыг Авлигатай тэмцэх газарт даалгажээ.
Дээрх бүтээн байгуулалтууд удааширч, хойшлогдох болсон шалтгаанд албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчил байсан эсэхийг ийнхүү АТГ шалгахаар боллоо.
Мөн төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтэд аудит хийхийг Аудитын ерөнхий газарт хүргүүлэх үүргийг ЗГХЭГ-т даалгажээ.
ЗҮҮНБАЯН-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМ ба
АЛДАГДСАН БОЛОМЖ
Энэ төмөр зам 267 км-ийн урттайгаар, арав гаруй жилийн өмнө баригдах байв. Тухайн үед Энержи Ресурс компани энэ төмөр замыг барих гэж байсан бөгөөд 2013 оны нэгдүгээр сард ашиглалт оруулах төлөвлөгөөтэй байжээ. Харин тухайн үед Барилга зам тээврийн сайд асан, хожим нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Х.Баттулга гацаасан юм.
Гацаасан гэдэг нь "нарийн царигаар хятадын цэргүүд ороод ирнэ, монголын баялгийг урд хөрш рүү зөөх гэлээ" гэх агуулгатай контентуудыг олон давтамжтайгаар цацаж, улмаар УИХ-ын гишүүн байхдаа төмөр замыг төр мэдэлдээ авах ёстой хэмээх тэмцэл өрнүүлж, хэлэлцээрийг зогсоосон юм. Энэ төслийн төсөв нь 250 сая америк доллар байлаа.
Улмаар "буруу замаар будаа тээснээс" өнөөх төмөр зам нь овоолсон шороо болон хувирсан юм.
Тиймээс Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас Х.Баттулга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, тухайн үеийн Зам тээврийн сайд А.Гансүх нарын хүмүүст албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр эрүүгийн хэрэг нээсэн.
Гэвч Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх хугацаанд энэ хэргийг шалгаж, хэрэгсэхгүй болгосон байдаг.
"Энэ төмөр замтай холбоотойгоор манай улс 10 гаруй тэрбум долларын алдагдал амссан. Харин ОХУ, Хятад, Х.Баттулга нар хожсон" гэж эдийн засагч, Хөтөл цемент шохойн үйлдвэрийн дарга Л.Наранбаатар тухайн үед мэдээлэл өгч байв.
ДАРХАНЫ ЗАМ ба АЛДАГДСАН БОЛОМЖ
Дарханы зам бол манай улсын стратегийн өндөр ач холбогдол бүхий автозам юм. Энэ замын алдагдсан боломж зөвхөн эдийн засгийн бус олон зуу, мянган хүний амь насыг авч одсон эмгэнэлтэй.
Азийн хөгжлийн банкны /АХБ/ 83 сая ам.долларын санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замыг засварлаж, улмаар тус замыг дөрвөн эгнээ болгох ажлыг Европын сэргээн босголтын хөгжлийн банкны /ЕСБХБ/ 120 сая ам.долларын санхүүжилтээр барих төлөвлөгөөтэй байв.
Энэ зам 2020 оны зургаадугаар сард ашиглалтад орох ёстой байлаа. Хятадын дөрвөн компани энэ замын бүтээн байгуулалтад оролцох байсан ч ковид гарсан нь бас багагүй нөлөө үзүүлсэн.
Нийт 204 км үргэлжлэх энэ зам олон иргэн, аж ахуйн нэгжийг эдийн засгийн хохиролд учруулж, олон өрх бүлд амь насны гарз учирж, нөхөж баршгүй хохирлыг манай улс бүхэлдээ амсаад байна.
Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хэд хэдэн Засгийн газар, Зам тээврийн сайд нарын нүүрийг үзсэн ч энэ зам ашиглалтад орсонгүй.
Үүнээс хойш Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан сайд нарын "гар дамжиж" өдгөө Л.Халтар сайдын мэдэлд ирээд байгаа юм.
Ийнхүү дээрх хоёр томоохон төслийг ийнхүү Авлигатай тэмцэх газарт шалгах үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгснөөр, монголчууд алдагдсан боломж ямар байсныг албан ёсоор мэдэх, цаашлаад албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг харах боломж нээгдэх нь.