/2022.07.07/: АНУ-ын Харилцаа холбооны зөвлөлийн тэргүүн Брэндан Барр өнгөрсөн мягмар гарагт Apple болон Google компанид хандаж, өөрсдийн аппликэйшний сангаас TikTok-ийг хасч өгөхийг хүсчээ.
Ингэхдээ TikTok аппликэйшн нь хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цуглуулан, ашиглаж байгаатай холбон тайлбарласан байна. Энэ тухай өмнө нь BuzzFeed нийтлэл гаргаж, өнгөрөгч 1-р сар хүртэл Хятад дахь TikTok-ийн ажилтнууд АНУ-ын хэрэглэгчдийн мэдээлэлд хандах бүрэн эрхтэй байсан талаар мэдээлж байсан билээ.
Тим Күүк болон Сундар Пичай нарт хаягласан дээрх захидалд “Бид бүхний мэддэгчлэн TikTok бол танай компаниудын аппликэйшний сангаас ямар ч Америк хүн татан авч ашиглах боломжтой аппликэйшн бөгөөд энэхүү апп дээр олон мянган Америк иргэдийн хувийн шинжтэй мэдээллүүдийг цуглуулж, хадгалж байна. TikTok нь Бээжинд төвтэй ByteDance компанид харъяалагддаг, харин тус компани ХКН-тай хамтран ажилладаг төдийгүй тэдний тагнуулын ажиллагаанд хамтран ажиллах үүрэг хүлээсэн байгууллага гэдгийг энд зориуд дурдмаар байна. TikTok манай иргэдийн хувийн мэдээллийг асар ихээр цуглуулж, Бээжингийн эрх баригчид тус мэдээлэлд хандах бүрэн эрхтэй байгаа нь үндэсний аюулгүйн байдлын хувьд тэвчиж болшгүй том эрсдэл юм” гэжээ.
BuzzFeed News анх TikTok-ийн тухай нийтлэл гаргахад тэдний зүгээс өөрсдийгөө хамгаалсан мэдэгдэл гаргаж, АНУ-ын хэрэглэгчдийн мэдээллийг АНУ-ын газар нутагт байрлах Oracle компанийн сервер рүү шилжүүлж байгаагаа зарласан билээ. Ингэхдээ тус компани АНУ болон Сингапурт байрлах серверүүд дээрээ хэрэглэгчдийн мэдээллийг нөөцлөн хадгалдаг гэдгээ ч мэдэгдэж байсан юм.
Яваандаа АНУ-ын хэрэглэгчдийн бүх мэдээллийг хилийн чанадад байрлах серверүүдээсээ устгаж, зөвхөн АНУ-ын нутаг дэвсгэрт байрлах серверт байршуулахаар болсон төдийгүй мөн тус компани Америк хэрэглэгчдийн мэдээллийг хариуцан ажиллах, Америк удирдлагатай шинэ хэлтэс нээж, үйл ажиллагаандаа хүртэл өөрчлөлт оруулж байгаа хэмээн мэдээлсэн юм.
TikTok компанийн хэрэглэгчдийн мэдээлэл цуглуулдаг асуудал дан ганц энэ удаа анхаарлын төвд орж байгаа хэрэг бус бөгөөд Энэтхэг улс 2020 онд үндэсний аюулгүй байдлын асуудлаар TikTok-ийг хэрэглэхийг хориглож байсан бол АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Байдэн болон өмнөх ерөнхийлөгч Трамп нар аль аль нь Хятад улсын засгийн газартай апп бүтээгч компани нягт хамтран ажилладаг нь АНУ-ын хувьд аюулгүй байдлын эрсдэл гэж санаа зовниж байгаагаа илэрхийлж байв.
Трамп ерөнхийлөгчийн хувьд ByteDance компанийг TikTok үйлчилгээгээ АНУ-ын компанид зарах эсвэл тус улсад хориглох сонголт тулгаж байсан бол Байдэн ерөнхийлөгчийн хувьд үндэсний аюулгүй байдлын хувьд эрсдэл дагуулж болзошгүй гадаадын аппликэйшнүүдийг илүү сайн хянаж байх журмын төсөл өргөн бариад байгаа юм.
Эх сурвалж: techcrunch