Үнэртэн зохион бүтээгч Б.Ану-Үжин: Үнэр бол УРЛАГ юм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үнэртэн зохион бүтээгч Б.Ану-Үжин: Үнэр бол УРЛАГ юм

“Үжин перфумс” брендийн үүсгэн байгуулагч, үнэртэн зохион бүтээгч, “Рийч Пойнт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ану-Үжинтэй ярилцлаа.

ҮНЭРТЭЙ УС ЗОХИОН БҮТЭЭХЭД ХАМГИЙН БАГАДАА 6-12 САР ШААРДЛАГАТАЙ

-Анх бизнесийн санаагаа хэрхэн олж байсан бэ? Яагаад заавал үнэртэй ус гэж?
-Үнэртэй ус зохион бүтээе гэсэн багын мөрөөдөлтэй байгаагүй. Ерөнхийдөө гоо сайхны бүтээгдэхүүн хийх хүсэл сонирхолтой. Оюутан байхдаа ванны бөмбөлөг, лаа, давс гэх мэт зүйл их хийдэг байсан. 2012 оны үед байх, намайг гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг байхад одоогийн “Гоо”, “Lhamour” зэрэг брэнд байдаггүй байлаа. Гадаад худалдааны менежерээр сурдаг байсан учир өөрийнхөө гоо сайхны брэндийг бий болгож импортыг орлох бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэхийг их хүсдэг байсан. Импортыг ямар бүтээгдэхүүнээр орлуулж, ямар бүтээгдэхүүн экспортолж болох, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож, хэрхэн импортоос хараат бус зах зээлийг бий болгох вэ гэж нэлээд боддог байлаа.

Тиймээс 2018 онд Америкаас ирээд эх орондоо юу хийвэл илүү шинэлэг, анхдагч, хүний анхаарлыг татах бол гэж их бодсон. Оюутан байхдаа хийдэг байсан ванны бөмбөлгөө хийх гэсэн чинь аль хэдийнээ хийдэг хүмүүстэй болчихсон байсан. Тиймээс үнэртэн бүтээх сургалтад сууж үзье гэж бодоод бүртгүүлж байсан юм. Очиж уулзахад маш гоё цав цагаан орчинд жижиг үнэртнүүд тавьчихсан үнэхээр гоё мэдрэмж авч байсан. Одоо хүртэл ярихад гарын үс босож байгаа биз. Тухайн үед яг л тийм мэдрэмж авч байлаа. Тэгээд л шууд үзээд алдъя гэж бодоод сургалтад суусан. Хүнд “энэ л миний хийх ёстой зүйл, энийг л хийж үзэхгүй бол болохгүй юм байна” гэдэг бодол төрдөг дөө. Яг л тэгж бодогдсон.

Эцэст нь үнэртэн зохион бүтээх эрх авах шалгалтдаа тэнцэж, өөртөө нэлээд итгэлтэй болсон. Мэдээж үнэртэн бүтээнэ гэдэг маш урт хугацааны ажил байдаг. Өөрийгөө хөгжүүлэх ёстой. Европт бол 5 жил сургалтад сууж байж үнэртэн зохион бүтээх эрхтэй болдог. Миний хувьд 3 сарын сургалтад суусан. Тиймээс өөрийгөө мундаг үнэртэн зохион бүтээгч гэхгүй. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд чадахаараа хичээж байна. Олон улсад үнэртэй усыг хэрхэн зохион бүтээдэг, "ноу хау" нь хэрхэн хийгддэг гээд бүх стандартынх нь дагуу үйлдвэрлэдэг.

-Анх үнэртэн хийхэд ямар байсан бэ?
-Ерөөсөө үнэртэй ус болохгүй байсан. Үнэртхээр 00-ын үнэртүүлэгчний үнэртэй төстэй болчхоод ерөөсөө болдоггүй. Үнэртэй ус бол тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн шүү дээ. Үнэрлэхэд л таашаал өгөх ёстой. Гэтэл надад ерөөсөө таашаал өгдөггүй. Ерөөсөө л болохгүй юм байна гээд л “за одоо юу хийх вэ, яах вэ” гээд л байнга боддог байлаа.

Ер нь үнэртэй ус хийхэд маш урт хугацаа шаарддаг. Хамгийн багадаа 6-12 сар шаардлагатай байдаг.

-Хамгийн анхны үнэртэй усаа хэзээ хийсэн бэ? Одоогоор хэдэн үнэртэн үйлдвэрлээд байгаа вэ?
-Нэг жилийн хугацаанд тасралтгүй үнэр хөгжүүлэлтээ хийсээр байгаад 2018 оны арванхоёрдугаар сард хамгийн анхны үнэртэй усаа гаргаж авч байсан юм. Тухайн үед АНУ-д байсан учир бүтээгдэхүүнийхээ бүх орц найрлагыг өгөөд 100 ширхгийг үйлдвэрлэж байсан. Харин монголд ирээд нэг эрэгтэй, нэг эмэгтэй ус зохион бүтээсэн. Одоогоор нийт гурван үнэртэн бүтээгээд байна.

-Байнгын үйлчлүүлэгчтэй болсон уу?
-Тийм ээ. Миний гаргасан бүх усыг хэрэглэдэг хүн ч байгаа. Эхний үнэртэй усаа 100 ширхгийг гаргаад монголд 3 сарын дотор л зарагдаад дуусчихсан. Саяхан дахиад нэг үнэртнийхээ нээлтийг амжилттай хийлээ. Энэ усныхаа урьдчилсан захиалгыг одоо авч байна. Харин эрэгтэй ус нь Шангрилад борлуулагдаж байгаа.

1000 ХҮНТЭЙ АДИЛХАН БАЙХ УУ ЭСВЭЛ ЦОР ГАНЦААРАА БАЙХ УУ ГЭДЭГ ТАНЫ ӨӨРИЙН СОНГОЛТ

-Монголд үнэртэй ус үйлдвэрлэгчид маш ховор байдаг. Зах зээлд тийм ч сайн танигдаагүй бизнес шүү дээ. Үүнийг иргэд хэрхэн хүлээж авч байна вэ?
-Хөгжөөгүй салбар болохоор одоохондоо хүмүүс ойлгож хүлээн зөвшөөрөх болоогүй байгаа нь мэдрэгддэг. Миний бодлоор хүмүүс нэгэн хэвийн, бүх хүний түрхдэг үнэртэй усыг хэрэглэхээс илүү бусдаас арай өвөрмөц үнэртэй ус хэрэглэж үзье гэж боддог байгаасай гэж хүсдэг. Гэвч манайд тийм хандлага дутагдалтай байдаг. Нийтээрээ нэг үнэртэнд дурладаг, бүгд л “Chanel” түрхдэг ухагдахуунтай болчихсон. Тэгэхээр шинэ зүйлийг хүлээн зөвшөөрөх, дасан зохицоход нэлээд хугацаа шаардагдах байх.

-Үнэртэй ус сонирхогчдод хандаж юу гэж зөвлөмөөр байна вэ?
-Үнэртэн гэдэг бол хүн өөрийгөө илэрхийлэх хамгийн том урлаг юм. Тиймээс 1000 хүнтэй адилхан байх уу эсвэл цор ганцаараа байх уу гэдэг таны өөрийн сонголт.

Үнэртэн сонирхогчдод хандаж зарим зүйлийг хэлмээр байна. Юуны түрүүнд, үнэртний соёлыг ойлгодог, өөрийнхөө дуртай нотыг олоод, өөртөө тохирсон үнэртэй усыг сонгож аваад хэрэглэдэг байгаарай. Хэн нэгнийг юм уу эсвэл тренд дагаж дуурайх биш өөрийгөө илэрхийлэх үнэрээ таньж мэдээд хэрэглэдэг байх хэрэгтэй. Үнэр гэдэг маш чухал зүйл. Үүнийг би ерөөсөө л урлаг гэж тодорхойлдог. Хийл хөгжим яаж тоглож, хөглөгддөг билээ. Нэг л удаа алдахад “ямар муухай тоглочхов оо, сая яг хөг алдчихлаа” гэж боддог шүү дээ. Үнэртэй ус яг л үүнтэй адил. Нэг л нот, нэг л орц найрлага алдагдахад хөг нь алдагддаг. Үүнийг хүссэн хүн бүр ойлгохгүй. Гэхдээ ойлгохыг хичээж, урлаг, соёлынх нь түвшинд хэрэглэх юм бол үнэртэн гэдэг таныг илэрхийлэх хамгийн эхний илэрхийлэмж байх болно. Та хөөрхөн, гоё хувцасладаг байж болно. Царайлаг, гоё ярьдаг ч байж болно. Гэхдээ үнэр гэдэг таныг хэдэн метрийн зайнаас ч илэрхийлэх боломжтой чухал зүйл байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

ХАМГИЙН ГОЛ НЬ ТУУШТАЙ БАЙХ ...

-Таны бизнестээ баримталдаг зарчим юу вэ?
-Миний баримталдаг ганц зарчим бол тууштай байх.

Нэг ийм ойлголт түгээмэл байдаг даа. Хүмүүс мөсөн уулын оройг нь харчхаад “пөөх ямар гоё мөсөн уул вэ” гэж хардаг. Гэтэл түүний дор хэчнээн гүнзгий ёроол байдгийг мэддэггүй. Харж байгаа зүйл нь ганцхан мөсөн уулын орой. Гэтэл үүний ард маш урт хугацааны тасралтгүй, тууштай хичээл зүтгэл байдаг. Надад шантрах үе зөндөө тохиолддог. Үнэр зохион бүтээхээр байнга юм үнэртдэг, байнгын сэтгэлийн савлагаатай байдаг. Тиймээс маш их ядардаг, заримдаа маш их иддэг, заримдаа бүр уйлна. Өөрөөр хэлбэл үнэрээс шалтгаалаад хүний сэтгэхүйд өөрчлөлт ордог гэсэн үг. Заримдаа хэнтэй ч дугармааргүй болдог. Гэхдээ энэ бүх үйл явц зөвхөн үнэртэн бүтээх үед л гардаг.

-Танд шантрах үе маш их тохиолддог гэж байна. Яг энэ үед юунаас урам зориг авдаг вэ?
-Би төрөлхийн няцашгүй, цуцашгүй хүн юм шиг байгаа юм. Бага байхаасаа аав, ээжээсээ хол өссөн. Ер нь ганцаараа юм уу, ах эгчтэйгээ өссөн хүүхдүүд хүний арга эвийг олохдоо сайн байдаг юм шиг санагддаг. Би ер нь их нийгмийн идэвхтэй, яриасаг, нийтэч болохоор ямар нэг хэцүү зүйл тохиолдоход өөрөө өөрийгөө маш хурдан сэргээж чаддаг. Тэгэхгүй бол "хэцүү байна, хүнд байна, би чадахгүй юм байна" гэж бодоод байхаар хүн яг үүндээ уусчихдаг. “Өнөөдөр маш их ажилтай. Энэ ажлын ард яаж гарна аа” гэж бодоод байхаар огт ард нь гардаггүй. Суугаад л байдаг. Тэгсэн мөртлөө юу ч гардаггүй. Үүний оронд “би хийж чадна. Энэ ажлыг энэ үеэр амжуулчихъя, амжихгүй бол хамгийн чухлаас нь эхэлж хийгээд, амжихгүй бол маргааш хийчихье” гэж ажлаа хуваарилж чаддаг байх хэрэгтэй. Өөртөө дарамт үүсгэж огт болохгүй. Болохгүй бол “за за өнөөдөр болохгүй юм байна, өнөөдөр миний өдөр биш юм байна. Дараа дахиад оролдоод үзье” гэж бодож шантрахгүй байх хэрэгтэй.

Би маш олон ажил давхар хийдэг. Монголын залуучуудын холбоонд дэд ерөнхийлөгч. Үүнээс гадна одоо үл хөдлөх хөрөнгийн менежментийн компанид гүйцэтгэх захирал хийж байна. Чадахгүй гэж битгий бод. Миний нэг хэлэх дуртай үг байдаг. Чи чадахгүй гэж бодож байвал чадахгүй, чиний зөв. Чи чадна гэж бодож байвал чадна, бас л чиний зөв. Тэгэхээр би чадна л гэж бодсон бол түүнийхээ араас тууштай явдаг. Өөрийгөө хөгжүүлж болох бүхий л зүйлийг хийж байна. Залуу насныхаа үр шимийг 40 наснаасаа хойш хүртэнэ дээ л гэж боддог. Ингэж бодож маш шаргуу ажилладаг. 40-өөс хойш миний жаргах цаг ирэх байх. Харин тэрнээс өмнө хийж бүтээх ёстой зүйлээ хийгээд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

Жэжүд аялж байсан монголын 23 иргэнээс холбоо тасарчээ
Жэжүд аялж байсан монголын 23 иргэнээс холбоо тасарчээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.