/2022.6.28/ БНСУ-ын Жэжү аралд бүлгээрээ эрүүл мэндийн аялал хийж байсан монголчуудаас 23 нь сураггүй болж, холбоо тасарсан талаар Солонгосын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна.
Тухайлбал, Yonhap news-т мэдээлснээр эрүүл мэндийн чиглэлээр 4 шөнө, 5 өдрийн аялал хийхээр 150 монгол иргэд тус арал дээр энэ сарын 22-ны өдөр очжээ. Тэдний аяллын хугацаа 26-ны өдөр дуусахаар байж. Гэвч тэдгээр монголчуудын 23 нь ачаа тээшээ авч, байрлаж байрсан байрнаасаа явсан бөгөөд тэдэнтэй холбоо тогтоох ямар ч аргагүй болсон байна.
Мөн Hankyung мэдээллийн сайтад монголоос очсон эдгээр 150 хүнээс ковидын халдвар илэрсэн тул тусгаарлалтад орсон гэж мэдээлжээ. Энэ нь Жэжү арал нээгдсэнээс хойш ковидын халдвар илэрсэн анхны тохиолдол гэнэ. Тиймээс халдвар илэрсэн хоёр хүнийг 28-ныг дуустал тусгаарлалтад байрлуулжээ.
Жэжү арал руу аялахад 30 хоног дотроо виза шаарддаггүй бөгөөд үүнээс хэтэрвэл "Хууль бус" хэмээн үздэг.