/2022.06.20/: Газрын тосны томоохон нийлүүлэгч ОХУ-д АИ-92 автобензиний үнэ өнөөдрийн валютын албан бус ханшаар тооцоход 3220 төгрөгтэй тэнцэж байна.
Энэ нь манайд нийлүүлэгдэж буй 1 литр шатахууны үнээс даруй 830 төгрөгөөр илүү үнэтэй байгаа юм. Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний импортоос 100 хувь хараат хэдий ч УУХҮЯ, Роснефть компанийн хооронд хийсэн хэлцлийн үр дүнд энэ оны 4-6 дугаар сард АИ-92 автобензинийг литр тутмыг нь 2390 төгрөгөөр борлуулж байна. Хэрэв дээрх хэлцэл хийгдээгүй бол бид АИ-92 шатахууныг 1 литрийг нь дэлхийн зах зээлийн ханшаар 3390 төгрөгөөр худалдан авч хэрэглэх байсан. Гэвч гадаад зах зээлд газрын тосны үнэ тасралтгүй өссөөр байна.
Brent маркийн бүтээгдэхүүний хувьд өнгөрсөн 7 хоногт 8 дугаар сард нийлүүлэгдэх 1 баррелийн үнэ 125 долларт хүрч өссөн нь гуравдугаар сарын 9-нөөс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. 1 баррель газрын тосны ханш 1 доллараар өсөхөд 1 тонн газрын тосны бүтээгдэхүүний үнэ 10 орчим доллараар өсдөг байна.