Сүүлийн үед иргэдийн ярианы сэдэв болоод буй Эмээлт дэх мах бэлтгэлийн үйлдвэрийн асуудалтай холбоотойгоор Хүнсний инженер О.Гал-Очиртой ярилцлаа.
-Эмээлт дэх махнаас дээж авч шинжилхэд Формальдегид гэдэг бодис илэрсэн талаар МХЕГ-ын ажилтан мэдээлж байсан. Энэ бодисыг маханд оруулах боломжтой юу?
-Хяналт шалгалтын байгууллага, тэр дундаа төрийн нэрийн өмнөөс хариуцлагатай ажил хийдэг улсын байцаагч хүн аливаа нэг шинжилгээний хариуг хэрвээ ноцтой зөрчил байхуйц гарсан бол заавал нягтлаж, дахин шинжилж үзээд, мөн хөндлөнгийн аль нэгэн лабораториор шинжилгээний үр дүнг хянуулж баталгаажуулаад олонд мэдээлэх учиртай. Мөрдөн байцаалтын явцыг мэдээлдэггүй шиг, үүнтэй утга нэг. Хэрэв буруу мэдээлэл иргэдэд хүрвэл хүнс гэдэг хүмүүсийн шууд идэж хэрэглэдэг, хамгийн анхан шатны хэрэгцээ тул маш их хор уршиг тарина. Эхлээд хүмүүс айна, энэ хэрээр хүнс үйлдвэрлэчдэд итгэх итгэл буурна, өөрөө өөрийгөө авч яваа аль нэг салбарыг дампууруулах хүртэл эрсдэлтэй. Иймд мэргэжлийн хяналтын байгууллага “мэргэжлийн” ажиллах ёстой. Энэ удаа энэ алдагдаад мэргэжлийн алдаа гарчихав уу даа гэж харж байна. Учир нь формальдегид бол хорт хавдар үүсгэгч бодис гэдэг нь нотлогдчихсон тул аль ч төрлийн хүнсэнд хийхийг хориглочихсон. Тийм болохоор маханд хийх боломжгүй. Ядаж л формальдегид гэдэг бодисыг хил гаалиар оруулахгүй шүү дээ, орж ирсэн байлаа гэхэд энэ талаар мэдээллийг холбогдох гаалийн болон тагнуулын газраас тодруулсан нь дээр байх.
Хоёрдугаарт, одоо болоод байгаа процесс өөрөө агуулгын хувьд маш их алдаатай байна. Тухайн байцаагч цардуулын өндөр агуулгатай, формальдегид гэх бодис агуулсан гэсэн. Мөн нянгийн ерөнхий тоо хүлцэх хэмжээнээс хэдэн мянга дахин өндөр байна гэж зарласан. Хэрвээ формальдегид маханд хэрэглэсэн бол нянгийн тоо маш бага, бүүр илрэхгүй байх ч боломжтой.
-Формальдегид хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ? Юунд ашигладаг вэ?
-Формальдегид гэдэг бодис нь өөрөө дангаараа хий байдалтай бодис. Хүн төрөлхтөн 19-р зууны сүүлчээр энэ бодисын хүчтэй ариутгах чанарыг ашиглан хүнсийг нөөшлөгч бодис болгон хэрэглэж ирсэн. Бүүр Е240 гээд хүнсний нэмэлтийн кодтой. Ер нь Е серийн хүнсний нэмэлтүүдэд насан туршийн баталгааг хэзээ ч өгдөггүй. Хоргүй, аюулгүйг тухай бүрт нь баталгаажуулж, GRAS (Generally Recognized as Safe) буюу ерөнхийдөө аюулгүй гэсэн тодорхойлолтоор хүнсэнд хэрэглэдэг. Энэ зарчмаар судлагдаж байгаад 2011 онд АНУ-ын Хүнс, эмийн хороогоор, 2016 онд Европын хүнсний асуудал хариуцсан байгууллага болон ДЭМБ-аас "Формальдегид бол хамар залгиурын тогтолцоонд хорт хавдар үүсгэгч бодис мөн" гэж тодорхойлон бүр мөсөн хорьсон.
Түрүүн хэлсэн, хүчтэй ариутгагч чанартай тул шарил хадгалах, занданшуулах, гадуур яриад байгаа хүний болон амьтны эд эрхтнийг хадгалахдаа энэ бодисын усан уусмалыг хэрэглэдэг. Формальдегид өөрөө хуванцар бүтээгдэхүүний урьтал, цавуулаг үүсгэгч бодисын нэг тул зарим хуванцрын найрлагад ч ордог. Ийм учраас хүнсэнд хэрэглэх хуванцрыг зориулалтын хуванцар хэрэглэх ёстой.
Хүн ер нь мэдэхгүй эх үүсвэрээсээ, мэдэхгүй бодисоор хордох асуудал их байна, уг нь хамгийн их айж явах зүйл бол энэ. Формальдегидын гаралтай цавуулаг давирхайг бидний сайн мэдэх байшин, тавилга үйлдвэрлэлд их хэрэглэдэг ОСП хавтан, ДСП хавтан гэх мэт шахмал үртсэн хавтан хийхэд барьцалдуулагчаар ашигладаг. Нэгэнт хорт хавдар үүсгэдэг нь батлагдчихсан тул хууль чангатай улсууд энэ төрлийн материалуудыг энэ бодисын агууламж хамгийн бага байлгах стандарт арга гэх мэтийг дотооддоо зохиогоод хэрэглээд явж байгаа. Гэхдээ чанар муутай хавтангаас энэ бодис ялгарч байгааг жаахан мэдрэг хүмүүс бол мэддэг, нулимс гоожоод л, хамар цоргиод эхэлдэг. Ийм байдал манай тавилгын дэлгүүрүүдэд ороход ч мэдрэгддэг.
Тамхинаас ялгардаг өнөөх 4000 төрлийн хорт бодисын нэг чинь мөн л энэ бодис.
Тиймээс хэрэв энэ бодист онилж байгаа л бол хүнснээс гадна бусад эх үүсвэрүүдийг ч гэсэн судлаж, хүмүүст мэдээлэх ёстой. Тэгэхгүй бол янз бүрийн шалтгаанаар хордсоор эрүүл мэндэд асуудал үүсвэл хүн хамгийн түрүүнд хүнсийг л харддаг, шударга биш байгаа биз дээ.
-Таны хувьд хэд хэдэн лабораториор явж, зарим мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчтэй уулзсан гэж байсан. Үүний дараагаар ямар дүгнэлт гарсан бэ?
-Миний хувьд анх энэ явдал эхэлж байхад аль нэгэн газар үйлдвэрлэлийн эрүүл ахуйн стандарт зөрчигдөж дээ гэж бодож байлаа. Тэгсэн мэргэжлийн хяналтынх нь байцаагч тийм шинжилгээний хариуг хэлэхээр нь, мэдээж хорт бодис илэрсэн гээд зарлачихсан тул ерөөсөө өөрөө араас нь явж үзье гэж шийдсэн.
Гарааны праймер гэдэг лабораторийнхон тухайн хорт бодис хэрэглэсэн байж болзошгүй маханд хөндлөнгийн шинжилгээг сайн дураараа хийсэн байна лээ. Үр дүнг та бүгд харсан байх. Мэдээж дээж аваад олон хоночихсон маханд нян үржсэн байх нь тодорхой тул тэр нянгийн бохирдол бол онц биш. Харин формальдегид илэрсэн үү гэвэл үгүй. Тэр байтугай тухайн лаборатори нь Монгол улсад формальдегидыг хүнснээс илрүүлэх стандартаар батлагдсан арга байхгүй тул өөр материалаас формальдегид илрүүлэх шинжилгээ хийснээ тусгайлан дурдаж, энэ нь маргаан таслах стандарт арга биш шүү гэдгээ ил тод хэлсэн байна лээ.
Миний хувьд мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 2 үйлдвэрээр орсон. Үнэхээр чанасан мах хиам үйлдвэрлэхэд хэрэглэх боломжгүйг зургаар нотлохын тулд очсон л доо. Тухайн үйлдвэрүүдийн түүхий эд хадгалах зооринд орж, зураг авсан. Аль аль нь л "чанасан махаар хиам хийх боломжгүй шүү дээ, яагаад ийм юм болчихов" гэж халагласан, шоконд орсон байдалтай байсан, аргагүй шүү дээ. Энэ мэдэгдлээс, сенсациас болоод борлуулалт нь уначихсан.
Тиймээс Монгол Улсад хүнснээс формальдегид илрүүлэх стандарт арга байхгүй мөртлөө ингэж формальдегид илэрлээ гэж зарлах шаардлага юу байв, энэ л сонин.
-Эмээлт дэх мах иргэдийн яриад байгаа шиг зах зээлд нийлүүлэгдээд, нөөцийн мах, хиамны үйлдвэрүүдэд очсон байх боломжтой юу?
-Ямар ч боломжгүй. Яагаад гэвэл тухайн мах бэлтгэдэг үйлдвэрүүд дулааны аргаар боловсруулсан мах бэлтгээд хадгалдаг юм билээ. Чанасан мах гэсэн үг. Нэгэнт чаначихсан махыг хоол үйлдвэрлэх, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэдэг уламжлал, туршлага байхгүй. Хиам үйлдвэрлэхэд улаан өнгө яаж үүсдэг гээч, түүхий маханд нитрит хэмээх бодисыг тодорхой тунгаар хэрэглэснээр тэр нь махны миоглобин уурагтай нэгдэж, нитрозомиоглобин, нитрозогемохром гэх улаан ягаан өнгийн өвөрмөц пигмент үүсгэдэг. Энэ бол хиамны өвөрмөц улаан өнгө. Харин нэгэнт чанаад борлуулчихсан мах бол уургийн денатурацид бүрэн орчихсон байдаг тул нитрит хийгээд ч улаан өнгөтэй болохгүй. Юу вэ гэхээр чанасан мах зүгээр л үйлдвэрлэлд тохирохгүй ээ л гэсэн үг.
Түүнчлэн нөөцийн мах бол малыг нядлаад хөшилтийн процессыг нь дуусгаад шууд хөлдөөж хадгалдаг тул ямар нэгэн бодис хэрэглээд байх шаардлага байхгүй. Тиймээс нөөцийн маханд ч асуудал байхгүй, байх ч боломжгүй.
-Энэ асуудлаас болж иргэд цочирдож, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл нэлээд гарлаа. Яг энэ үед иргэдийн хувьд яах хэрэгтэй вэ? Энэ хугацаанд мэргэжлийн хүний байр суурь дутагдалтай байх шиг байлаа?
-Мэргэжлийн хүн мэргэжлийн л ажиллах ёстой. Юу юуны түрүүнд дуугараад байх зохимжгүй. Үнэхээр хортой бодис илэрсэн бол шинжилгээний хариуг нягтлах ёстой. Ингэж байж өөрсдийн байр сууриа илэрхийлдэг.
Хүнсний аюулгүй байдал гэдэг бол төрийн бодлого, үйлдвэрлэгчийн хариуцлага, хэрэглэгчийн мэдлэг гурвуулаа байж тогтдог ойлголт. Аль аль нь л дутагдалтай байна гэдгийг харуулсан үйл явдал боллоо гэж харж байна. Тиймээс цочирдох хэрэггүй гэж хэлье дээ. Шийдэх, шалгах газар нь шалгана биз, тэр болтол хүлээх л хэрэгтэй.
Мөн үйлдвэрлэгчид хэрэглэгчдэд мэдлэг олгох хариуцлагаа ухамсарлаж, өөрийн бүтээгдэхүүний орц бүрийг танилцуулж байх ёстой. Хоорондоо өрсөлддөг маркетинг хоцрогдож байгаа шүү гэж хэлье.
-Дулааны аргаар мах боловсруулахад ямар нэг стандарт байдаг уу?
-Монголд махаа чанаад аль нэг үйлдвэрлэлийнхээ түүхий эдийг бэлддэг тийм технологи байхгүй. Урд нь ч байгаагүй, ирээдүйд ч байхгүй. Яагаад гэвэл манайх цагаан сараар л ууцаа чанаж тавьдаг, түүнийгээ дангаар нь огтлоод хэрэглэдэг болохоос өөрөөр чанасан махыг хэрэглэдэг уламжлал байхгүй. Тийм болохоор махыг дулааны аргаар боловсруулах тогтсон үйлдвэрлэлийн стандарт байхгүй.
-Уншигчдад хандаж юу гэж зөвлөмөөр байна вэ?
-Юуны өмнө ярилцлага авсан танай сайтын хамт олонд баярлалаа. Иргэддээ хандаж хэлэхэд сошиал сүлжээ их хөгжсөн, ямар нэг мэдээлэл ямар ч хяналтгүй тарах боломжтой энэ үед мэдээллийг сайн шүүж, өөрсдийгөө алхам тутамдаа боловсруулж байгаарай. Хүнс гэдэг бол инженерийн ухаанаар бүтдэг, стандарт барьж буй гэдэгт итгэж, ямар ч хүнсийг Зохистой хэрэглэхийг уриалъя. Мэдээж олон дунд болохгүй, бүтэхгүй зүйл их байгаа ч гэсэн Монгол Улсад хүнсний инженер бэлтгээд чамгүй олон жил болж буй болохоор энэ байдал өдрөөс өдөрт сайжирна гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэн хүсвэл миний хөтлөн явуулдаг "Шинэ зууны хүнс-Хүнсний инженер" группээр зочлон хүнс гэж юу болох тухай дэлгэрүүлэн сонирхоорой, баярлалаа.
-Ярилцсанд баярлалаа.