/2022.06.02/: Эмээлт мах бэлтгэлийн газарт өмхийрсөн мах бэлтгэж байгаа асуудлаар Төрийн ордонд МХЕГ-ын дарга Б.Баасандорж мэдээлэл өглөө. Тэрээр:
-МХЕГ үндсэн долоон чиглэлд хяналт тавьдаг. Үүнээс хамгийн эрсдэл өндөртэй гурван салбарын нэг нь хүнсний аюулгүй байдал. МХЕГ-аас холбогдох хяналтыг хийж байгаа. Махны чиглэлээр ажилладаг 171 аж ахуйн нэгж байдаг. Үүнээс, гадагш нь экспортолдог 61 компани байдаг бөгөөд үүний 31 нь хятад руу экспортолдог. Үлдсэн 30 нь Орос, Иран зэрэг улс руу экспортолдог. Экспорт хийдэг компаниудын 15 нь дулааны аргаар махаа бэлтгэж экспортолдог.
Сэтгүүлчдэд байгууллагынхаа өмнөөс талархах хэрэгтэй. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийхдээ иргэдийн гомдол, ХМБ-уудын мэдээллээр хийдэг.
Тавдугаар сарын 18-наас улсын хэмжээнд махны чиглэлээр ажилладаг болон Эмээлт дэх 32 компанид төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байгаа. Өнөөдрийн байдлаар Эмээлтэд байдаг 17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон.
Төрийн хяналт шалгалтын хуулийг МХ-ын байцаагч хэрэглэдэг. Зөрчил илэрвэл зөрчлийн процесс эхэлдэг. Хэрэв энэ үед гэмт хэрэг үүсвэл асуудал өөр тийш явна. MDCP гэдэг компани дээр Зөрчлийн болон Эрүүгийн хэрэг үүсээд явж байна. Прокурорын хяналтанд зөрчлийн компани шалгагдаж байна. ХКҮ гээд компани нь 130 тонн орчим махыг "Манай мах биш, манай шошгыг хууль бусаар ашиглаж байна" гэдэг гомдлыг цагдаад өгсөн. Шалгуулж байгаа. Байцаагч нартай холбоотой асуудлыг ч дотооддоо шалгалт хийж байна. Заригаас манай мэргэжлийн хяналтын байгууллага руу ярьсан. Цуг очоод процесст нь шалгалт хийж явна.
Мах чанасан асуудалд МХЕГ-ын даргын хувьд би шүүмжлэлтэй байгаа. Байцаагч ч бай хэн ч бай лабораторийн шинжилгээний хариуг харж байж асуудалд хандана. Лацны асуудлыг мэргэжлийн хяналтын байгууллагаас прокурорын хяналтан дор лац тавьсан. Лацыг прокурорын зөвшөөрөлгүйгээр хөндөж болохгүй, энэ нь Зөрчлийн тухай хуулиар шийдэгдэнэ.
Би түрүүн махыг аюулгүй гэж хэлээгүй. Лабораторийн хариуг харна. Хүнсний аюулгүй байдлын лаборатори зэрэг нь хараат бусаар шинжилгээний дүнг гаргадаг. Өмнө нь асуудалд ингэж хандахгүй ээ. “Аюулгүй юм бол идчих” гэж асуудалд битгий хандаарай.
Би энэ махнуудыг аюулгүй, эсвэл аюултай гэж хэлээгүй. Ковидын нөхцөл байдлын улмаас мах экспортлох чиглэлээр ажилладаг компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон байсан. Тиймээс төлөвлөгөөт шалгалтыг хийгээгүй.
Он гараад экспортын үйл ажиллагаа идэвхжсэн. Үүнтэй холбоотой 61 компанид хяналт шалгалтыг хийж байгаа. Хяналт шалгалт дууссаны дараа олон нийтэд мэдээллийг өгнө.
MDCP компанийн хувьд 2018 онд үйл ажиллагаа явуулах дүгнэлт авсан. Махны чиглэлийн үйл ажиллагаа явуулах дүгнэлт гэдэг нь зөвшөөрөл гэсэн үг.
2022 оны хоёрдугаар сараас үйл ажиллагаа явуулсан. Гэхдээ дүгнэлтэд зааснаасаа өөр үйл ажиллагаа явуулсан. Мах экспортлох. Гэтэл экспортлох зөвшөөрөлгүй компани. Хятад улсын протоколд заасны дагуу зөвшөөрөл өгдөг. Тиймээс МХЕГ-аас үйл ажиллагаа явуулах дүгнэлтийг нь хүчингүй болгосон. Одоо энэ компани дээр Зөрчлийн хэрэг үүсээд явж байгаа.
"Өргөө мед трейд" гэдэг компани байгаа. Дулааны аргаар боловсруулсан, шошгогүй, 20 кг-аар савласан 9,3 тонн орчим мах, мөн дайвар бүтээгдэхүүн 800 кг орчим байсан. Энэ бүхнийг лабораториудад дээж аваад өгсөн. Одоо хариу гарахад ямар бодис хэрэглэсэн болон өмхийрсөн байсан эсэх хариу гарна.
Мөн махнаас цогцос хадгалах бодис илрээгүй. Харин цардуул илэрсэн. Цардуулыг мах хадгалахад хэрэглэдэг гэж ярьлаа.
Сонирхуулахад, манай улс жилд 44 мянган тонн мах экспортолдог. Сүүлийн гурван жилд 105 мянга орчим тонн мах экспортолж, 245 сая долларын орлого оруулжээ.