Дэлхий дээр нийтдээ 6,4 тэрбум хүн буюу нийт хүн төрөлхтөний 83 хувь нь гар утас хэрэглэж байгаа ба дэлхийн гар утасны зах зээл тэр хэмжээгээрээ нүсэр том гэж ойлгоход болно.
2020 онд гар утасны борлуулалтаараа тэргүүлсэн топ 10 брэндийг танилцуулъя. Энэ жагсаалтад тооны хувьд Хятадын компаниуд давамгайлах чиг хандлагатай байгаа бол жагсаалтын тэргүүн байрны төлөө та бидний хамгийн сайн мэдэх Өмнөд Солонгос болон АНУ, Калифорнийн компаниуд ана мана үзэлцэж байна.
10. Alcatel Lucent
Та бүхэн Alcatel Lucent компанийн талаар сонсоогүй ч байж магад. Учир нь Nokia компани 2016 онд тус компанийг худалдан авсан. Гэхдээ та бодвол OneTouch хэмээх утасны брэндийг нь сонссон байлгүй. Франц улсад бүртгэлтэй тус компани 2020 онд 20 сая гар утас зарсан тул энэ жагсаалтад багтжээ. Энэ брэндийн утаснууд нь дэлхийн хамгийн хямдхан гар утсанд тооцогддог бөгөөд Их Британид л гэхэд OneTouch брэндийн утсыг 25 паундаар худалдан авах боломжтой байдаг ажээ.
9. ZTE
ZTE компани бол топ 10 жагсаалтад багтсан Хятадын анхны компани билээ. Төрийн өмчийн оролцоотой тус компани нь дотоодын зах зээл дээр бусад өрсөлдөгчидөө арай гүйцдэггүй ч дэлхийн зах зээл дэх нийт борлуулагдсан утасны 10 хувийг нийлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 2020 онд тэд 45 сая ширхэг гар утас борлуулжээ.
Гэвч цахим аюулгүй байдлын асуудалтай холбоотойгоор Энэтхэг, Швед зэрэг улсууд Huawei, ZTE компаниудыг зах зээлээсээ шахах арга хэмжээ авч байгаа нь тэдний ашиг орлогод муугаар нөлөөлөх нь дамжиггүй юм.
8. Lenovo
Lenovo брэндийг бид гар утас гэхээсээ илүүтэй зөөврийн компьютер үйлдвэрлэгч гэдгээр нь сайн мэддэг билээ. Гар утасны тухайд гэвэл тэд АНУ-ын зах зээлд байр сууриа бэхжүүлэх зорилгоор Motorola компанийг 2014 онд худалдан авсан учраас Lenovo гар утаснуудаа Motorola нэрийн доор үйлдвэрлэн нийлүүлдэг.
АНУ-ын гар утасны зах зээлийн 7%-ийг буюу зах зээлийн тэргүүлэгчидийн 4-р байранд ордог Lenovo компани нь 2020 онд дэлхийн зах зээл дээр Motorola Edge тэргүүтэй загваруудаа 45 сая ширхэгийг борлуулж чаджээ.
7. LG
2021 оны хавар гар утасны үйлдвэрлэлээ зогсоож байгаа талаар мэдэгдэж байсан LG компанийг энэ жагсаалтын 7-р байранд оруулсанд зарим хүн гайхаж байж болох юм. Хэдий гар утас шинээр үйлдвэрлэхээ зогсоосон ч LG компани 2020 онд 55 сая ширхэг гар утас зарсан тул энэ жагсаалтад багтаахгүй байхын аргагүй юм.
Компанийн нэрийн хуудас болсон LG Wing тэргүүтэй гар утаснууд шинээр үйлдвэрлэгдэхээ больсон тул үнэнч хэрэглэгчид нь өөр гар утас руу шилжих, хэрэглэж байсан утас худалдан авахаас өөр сонголтгүй болсон байна. Иймд тус компани ирэх жилийн топ 10-т орохгүй нь тодорхой болж байна.
6. Xiaomi
Арав гаруй жилийн өмнө л үүсгэн байгуулагдаж байсан Xiaomi компани 2014 онд буюу анхны гар утсаа зах зээлд танилцуулснаасаа ердөө 4-хөн жилийн дотор Хятадын хамгийн том гар утас үйлдвэрлэгч болж байжээ. Гэвч сүүлийн жилүүдэд дотоодын зах зээл дээрээ OPPO, Vivo брэндүүдийн ард жагсах болсон. Дэлхийн зах зээл дээр эрчимтэй хүрээгээ тэлж буй Xiaomi нь Apple, Samsung-тай өрсөлдөхөөр Mi 11 Ultra загвараа саяхан танилцуулж байсан ба 2020 онд дэлхийн хэмжээнд 95 сая ширхэг гар утас борлуулжээ.
5. Vivo
Гар утасны зах зээлийн шинэхэн тоглогчдын нэг болох Vivo брэнд нь ердөө 12 жилийн өмнө л мэндэлсэн. Тэр 2020 онд 95 сая ширхэг гар утас зарсаны дийлэнх хэсэг нь Азийн зах зээлд нийлүүлэгджээ. 2021 оны улирлын борлуулалтаар нь авч үзвэл тус компани Хятадын хамгийн том гар утас нийлүүлэгч болж чадсан байна.
Энэтхэгийн зах зээлд илүү танигдаж, Xiaomi, Samsung брэндүүдийн ард, зах зээлийн 16 хувийг эзлэн, эрэмбэлэгдэж байсан тус компани Энэтхэгийн хөлбөмбөгийн Премьер Лигийн ерөнхий ивээн тэтгэгч байв. Байв гэдгийн учир нь улстөрийн шалтгаанаас үүдэн Энэтхэг улс өөрийн зах зээлээс Хятадын гар утасны үйлдвэрлэгч, ухаалаг аппликэйшн, программ хангамжуудыг шахан гаргах болсон тул Энэтхэгийн зах зээлд цаашид ноёлох боломжгүй болсон байдаг.
4. Oppo
Энэхүү жагсаалтанд багтсан Хятадын гар утас үйлдвэрлэгч 5 дахь компани бол OPPO юм. Хэдийгээр гол хүчээ дотоодын зах зээл дээр тэлэлт хийхэд чиглүүлж ирсэн ч, сүүлийн 6 жилийн дотор тэд дэлхийн зах зээл дээр ч чамгүй сайн байр сууриа бэхжүүлж чаджээ. 2015 онд зах зээл дэх гар утасны борлуулалтын 2,2%-ийг эзэлж байсан бол 2020 онд 111 сая ширхэг гар утас борлуулснаар тэд өдгөө нийт зах зээлийн 10,8%-ийг эзлэх болов. Зарим гар утас нь ердөө 150 паундын үнэтэй байдаг бол нэрийн хуудас болсон загвар болонOppo Find X3 нь 1000 паундаар борлуулагддаг.
3. Huawei
Энэ жагсаалтад Хятад улсаас хамгийн дээгүүр заларсан компани бол байгуулагдсанаасаа хойш 33 жил болоход барууны ертөнцөд төдийлөн дуулдаагүй явж ирсэн Huawei компани юм. Сүүлийн 9 жилийн хугацаанд тэд дэлхийн зах зээлд эзлэх хувиа 3-8 хүртэл өсгөсөн төдийгүй, 2015 онд нийлүүлж байсан гар утасныхаа тоог 2019 он гэхэд 2 дахин нэмэгдүүлж чадсан байна. 2020 онд тэд нийтдээ 152 сая ширхэг гар утас борлуулснаар ийнхүү 3-р байрт оржээ.
Харамсалтай нь тус компанийн гар утаснууд, 5G сүлжээний тоног төхөөрөмжүүдийг АНУ тэргүүтэй хэд хэдэн улс ашиглахаас татгалзаад байгаа билээ. Тиймээс тэдний борлуулалт ойрын жилүүдэд буурах магадлалтай гэж шинжээчид үзэж байна.
2. Apple
2007 онд анх танилцуулагдаж, гар утасны зах зээлийн өнгө төрхийг цоо шинээр тодорхойлсон iPhone нь өндөр чанар, аюулгүй байдал, чамгүй өндөр үнээрээ олонд хэдийнэ танигдсан. Тэд дэлхийн зах зээлийн 15%-ийг гар утсаар хангадаг ч, Энэтхэгт дөнгөж 3%, БНХАУ-ын гар утасны борлуулалтын 13%-ийг эзэлж байгаа тул Apple компанид цаашид хийх ажил их байгааг харуулж байна.
АНУ-ын нийт зах зээлийн 65%-ийг дангаар атгасан тус компанийн хувьд энэ зах зээл нэгэнт ханасан зах зээлд тооцогдох нь дамжиггүй. 2020 онд Apple компани нийт 215 сая ширхэг iPhone зарж борлуулжээ.
1. Samsung
2020 оны дөрөвдүгээр улиралд Apple компани борлуулалтаараа дэлхийд тэргүүлснийг эс тооцвол улирал тутмын борлуулалтаараа сүүлийн 3 жилийн турш тасралтгүй Samsung компани тэргүүлж иржээ. Зөвхөн 2020 онд л гэхэд Өмнөд Солонгосын аварга компани дэлхийн зах зээлд 315 сая ширхэг гар утас борлуулсан нь iPhone-ий борлуулалтаас даруй 100 саяар илүү байсан гэсэн үг юм.
Чанар болон үнийн бодлогыг төгс хослуулдаг тус компанийн зарим нэг загварын гар утаснууд, тухайлбал, Galaxy S21 нь 1300 паундаар зарагдаж байсан бол 150 паундаар ч зарагддаг гар утаснуудыг тэд мөн үйлдвэрлэдэг. 2009 онд буюу iPhone зах зээлд гарснаас хоёр жилийн дараа олон улсад нийлүүлэгдэж эхэлсэн Samsung ухаалаг утаснууд нь Google компанийн Android үйлдлийн системтэйгээр үйлдвэрлэгдсэн хамгийн анхны утаснууд байв.
Эх сурвалж: manufacturingdigital.com